Мялаалга

Шинэ байрны мялаалганд урья гэсэн бичигтэй хуруу дарам хуудас аваад гайхшран сууж байтал, нягтлан бодогч Төмөрхүү, бас нэг тийм хуудас барьсаар орж ирэв.
– Чогдог тун чамбай эр шүү. Юм бүгд дээр нямбай загнана. Энэнийг хараач гэж Төмөрхүү, урилгын хуудсыг эргүүлж тойруулан үзэж байна. Чогдог гэдэг маань манай аж ахуйн дарга билээ.
– Тиймээ, үнэхээр чамбай гэдгээ баталж байна. Ганцхан хуруу дарам цаасан дээр л бүхэл бүтэн урилгыг багтаасан байна. Мөн ч хичээнгүй, тун ч жижигхэн бичсэн байна шүү.
– Мань эр цаас хэмнэхийн хажуугаар бас бэхээ арвилахыг бодолцсон байна шүү.
– Тэр ч мэдээжийн хэрэг. Газар хэвтэж байгаа ширхэг хадаасыг хүртэл түүж борлуулан хөлжиж байгаа хүн шүү дээ. Тэр ч байтугай … гэтэл утас дуугарч яриа саатуулав.
– Олдох ярьж байнаа гэсэн манай даргын дуу утсанд хүнгэнэж байна.
– Би Мандах байнаа. Сайн байна уу даргаа? Мэндийн хариуд дарга маань:
– Бүх хүмүүсийг над дээр таван минутын дотор оруул гэж зандрав.
Тавин долоон хүнийг ийм богино хугацаанд цуглуулж хараахан амжмааргүй мэт санагдавч болчимгүй үг дуугарахаас би болгоомжлон уруулаа жимийв. Манай дарга ч бас чамбай хүн шүү дээ. Yүрэг даалгавры нь биелүүлэхгүй өөдөөс нь цор-цор гэсэн хүнийг араандаа зууна. Удахгүй болох хурал дээр муугийн жишээнд орвол муухай шүү дээ таминь. Би тэр дороо гүйн гарч
– Цааш цааш нь дамжуулаарай, та минь. Даргын өрөөнд … гэж хашгиран багтарч унатлаа харайлгав.
Ярианаас хожимдож орсон хүнийг нэг нүдээрээ үздэггүй, цагийн секунд бүрийг тооцдог даргынхаа занг анддаггүй, манайхан ч сүр сархийн гүйлдэж байв. Дарга маань цагаа харж мушилзаад
– За нөхөд минь, нэг чухал ажил гарлаа гээд ялдамхан мишээж байна. Бүрхэг өдрийн тэнгэр шиг дүнсгэрхэн байдаг даргын маань энэ эвлэгхэн ааш, түнэр харанхуйд, тэргэл саран мандах мэт биднийг баясгав.
– Нөхөр Чогдогийн шинэ байрны мялаалганд хүн бүгд заавал оролцох хэрэгтэй. Тэгэхдээ гуч гучин төгрөг нийлүүлж, зурагт радио авч очно. Мөнгө илүү гарвал таван хошуутаас хэдийг нэмнэ гэж яриад дарга маань уруулаа шилэмдэж тамшаалж байна. Цугларагсад даргын яриаг дуугүй чагнаж, дор бүрнээ нэгийг бясалган бодол болов.
– За нөхөд минь яриа дууслаа гээд дарга маань хөмсөг зангидав.
Тэгээд манайхны дунд, мөнгө цуглуулах, дэлгүүрээр явах энэ тэр гээд хэдэн өдөр ажил ундрав.
Урьсан өдөр, найрын гол ширээнд манай дарга сууж, шинэ байрны мялаалгын ёслол яг цагтаа эхлэв. Өрхийн тэргүүлэгч Чогдог өөрөө найрын сөн түшиж, сархадын савыг хоосортол юүлж байлаа. Хоосортол юүлнэ гэдэг тун учиртай ажээ. Энэ тухай өгүүлэх нь:
Чогдог өөрөө хоёр дугарааны дараа халамцаж эхлэв. Тэгээд бараг илбэ гэмээр хачин юм үзүүлж, биднийг хөгжөөх гэж оролдов.
– Би нэг юм хэлье. Уул ухаандаа энэ маань аливаа зүйлийг арвилан хэмнэх тухай юм гээд Чогдог, нэг шил архи авахад гар нь салгалж байлаа.
– За та нар харж бай гээд архийг хундагалж эхлэв. Та нар сайн тоолоорой, нэг хоёр…гэсээр гучин гурав дахь жүнзийг дүүргээд шилнийхээ ёроолыг харуулав.
– За энэ шил хоосорч уу?
– Шавхруу ч үгүй болсон байна.
– Аа тийм үү? Тэгвэл дараачийнхыг гээд түрүүчийн үйлдлээ давтан үзүүлэв. Тэгээд эхний суларсан шилийг жаран долоо дахь жүнз рүү тонгойлгоход хэдэн дусал, дараачийнхаас нь бас хэдэн дусал, хоёуланг ээлжлэн арваад минут сэгсэрсний эцэст нэг хундага дүүрэв.
– За ийм л байна дээ. Ингэж юмыг дусал, ширхэгээр нь хямгадах хэрэгтэй гээд Чогдог пар пар инээв. Энэ “үзэгдлийн” дараа хүмүүсийн дунд “орон нутгийн” яриа үүсэв.
Миний хажууд суусан хэдэн хүн, энүүхэндээ аминчхан яриа эхлэв. Энэ хүмүүсийг, аагтай цайнаас хатуу ундаан хэрэглэдэггүйг манайхан мэднэ. Эд нар маань нэг дусал ч хороож зүрхлэхгүй, анхны тулгасан нь мэлтэлзэж байна. Хэдийгээр аминчхан ярилцавч үг бүхэн нь тодхон сонсогдоно.
– Манай Чогдог ийм л чамбай даа. Ямар нямбайгүй байтлаа халимгаа самнаад, мөрөн дээгүүрээ унасан үсээ түүж хадгалж байх вэ дээ. Тэгж цуглуулсан үсээ нийлүүлж томон түлхүүрийн оосор хийгээд зээл дээр барьж явахы нь би үзсэн.
Харин тийм ээ. Дэлгүүрээс авсан барааныхаа боодлын цаасыг хүртэл индүүдээд зүсэж байхы нь би харсан. Тэгээд илүү гарсан өөдсий нь гэртээ авч ирж гэл асаадаг гэсэн… гээд тэрүүхэндээ шивнэлдэж байна.
Ширээний нөгөө буланд бас, сэтгэл нийлсэн хэдэн хүн сууж байна. Тэд дөрөө чангалахдаа ганзага нийлдгийг манайхан цөмөөрөө мэднэ. Тэдний дунд, Төмөрхүү хамраа гудчин, хоолойгоо засаж сууна. Хашир хандгайнууд, дэргэдэх бүсгүйчүүдийнхээ хувийг сэмхэн хүртээд царайгаа улайлган хөгжилдөцгөөнө. Тэд уухаасаа сонсоод хэл нь ороолддогийг бид бас мэднэ. Тэр дундаас Төмөрхүү сонсохоосоо өмнө архины тухай сануутаа нүд нь талимаарч эхэлдэг билээ. Тэд нар, түс түс ярьж тас тас хөхрөлдөж байна.
Энэ үес мань Чогдог үг хэлэхээр босов.
– Ай юутай сайхан бэ. Би ийм хамт олны дунд ажиллаж байгаадаа туйлын их баярлаж явдаг. Та бүхнийхээ дэмжлэгийн хүчинд л би энэ зэрэгтэй сайн явж байна шүү дээ гэж Чогдогийн яриа ид дундаа өрнөж байтал
– Ёстой үнэн дээ. Бидний хүчинд л шинэ байртай… гэж Төмөрхүү түсхийтэл дуугарч үгий нь таслав. Чогдогийн царай баралзаж, урдаа байсан том аягыг шүүрэн авуут, таван хошуут хүрэн архинаас мэлтэлзүүлэн хийгээд Төмөрхүүд хоёр гардаг өгөв. Төмөрхүү аягатай сархад руу уруулаа цорвойлгож, нүдээ жаатайлган хэсэг зуур ажсанаа, толгойгоо далжийлган зогсоод
– Зээ
– Сайн нөхөр Чогдогийгоо
– Сайхан байртай болголоо бид
– Сайхан энэ байр бол…гэж урсгаж эхэлтэл, Чогдогийн царай бүр хувхай цайж
– Yгүй ээ, үгүй ээ ерөөл хэрэггүй. Наадахаа зүгээр тогтоочих. Чамайг шагнаж байгаа юм гэж уруулаа өмөлзүүлэн хэлэв. Төмөрхүүгийн урам хугарав бололтой, шалавхан суугаад, аягатайгаа амсалгүй тавив.
-Төмөрхүү минь наадахаа тогтоочих. Чамайг шагнаж байгаа юм гэсэн шүү дээ. Шагналаа хүртчих гэж нэг нь чанга хэлэв.
– Yхсэний чинь шагнал. Сохор улаан зоос төлөлгүй бусдын хүчээр шил, тоосго хамаг юмаа олчихоод,
– Төмөрхүү минь жаахан тавьтартайхан шиг байж үзээрэй гэж манай дарга зандран хуруугаа чичлэв.
– Тавьтаргүйдээ яагаав. Таван өрөө, үнэгүй байшинтай болсон хүн.
– Төмөрхүү минь өөр сайхан юм ярья гэж Чогдог аргадан хэлээд, аадрын ус шиг асгарч байгаа духныхаа хөлсийг шувтрав.
– Муухай юм ярихдаа би яагаа вэ. Манаачийг цай уух хоорондуур барилгын талбайгаас банз,дүнз ачуулж байсныг чинь би ярих гээгүй. Сайхан байшинтай болсон гэж л магтах гэсэн юм. Энэ үгийг сонсоод хүмүүс харилцан нудралцаж, нэгэн зэрэг босоцгоов.

Д.Дорж

Be the first to comment

Leave a Reply