Холбооны Мөрдөх товчоонд электроник техникчээр ажиллаж байсан 46 настай Kun Shan Chun гэгч нууцад хамаарах мэдээллийг Хятадын Засгийн газарт илгээж байсан гэдгээ өнөөдөр шүүхэд хүлээн зөвшөөрлөө.
тэрээр “…Би буруу зүйл хийж байснаа мэдэж байсан, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна…” хэмээн шүүх хурлын үеэр өчжээ.
Chun нь Хятад улсаас цагаачлан ирж хожим АНУ-н иргэн болсон бөгөөд урь нь Joey Chun гэдэг нэртэй байсан тэрээр Холбооны Мөрдөх Товчоонд 1997 онд ажилд орж, өнгөрсөн 03 сард баривчлагдах хүртэл электроник техникчээр ажиллажээ. Тэрээр “top secret security clearance ” буюу АНУ-ын Засгийн газрын нууцлалын зэрэглэлтэй мэдээлэлд нэвтрэх эрхтэй нэгэн байжээ.
Хууль Зүйн Яамны илтгэлд дурьдсанаар Chun 2006 оноос эхлэн Хятадад өөрийн холбоотонтой болж эхэлсэн гэх бөгөөд тэдгээрийн дунд Хятадын Засгийн газрын дээгүүр албаны хүн байжээ. Хэдийгээр тэрээр гадаад орон дахь өөрийн танил талыг FBI-д мэдээлэх үүрэгтэй байсан ч үүргээ биелүүлээгүй байна.
Улмаар 2011 оноос эхлэн АНУ-ын төрийн нууцад хамаарах мэдээллийг Хятадын талд дамжуулж эхэлсэн гэж үзэж байгаа бөгөөд эдгээрт FBI-ийн тусгай албадын төлөөлөгчдийн овог нэр, тэдний гадаадад аялах хуваарь, аялах давтамж, маршрут зэргийг мэдээлж байжээ. Мөн Хууль Зүйн яамны хавтаст хэрэгт авагдсан мэдээллээр Chun нь FBI-ийн дотоод зохион байгуулалтын мэдээллийг хуулж илгээснээс гадна, нууцад хамаарах албадын байршлийн зураг, мөн FBI-ийн ашигладаг хяналтын технологи зэргийг Хятадын албаны хүмүүст илгээсэн байна.
2015 онд FBI-аас томилсон нууц илчид тэрээр өөрийн хэргийн тухай ам алдаж, АНУ-ын төрийн мэдээллийг төлбөртэйгээр Хятадын талд дамжуулахад бэлэн гэдгээ хэлж байжээ. Нууц ажилтантай ярилцах үеэр тэрээр Хятадын талаас түүний хувийн зугаа цэнгэл, зарим аялалын зардлыг даадаг гэхээс гадна түүнд нэг удаа чамгүй олон мянган долларын бэлэн мөнгө өгч байсан тухай ярьсан байна.
Ийнхүү АНУ-ын төрийн итгэл хүлээсэн Chun Хятадын талд тагнуулаар ажиллаж байсан гэдгээ хүлээсэн нь энэ бөнөөд түүнд одоогийн мөрдөж буй хуулиар 10 хүртэл жилийн хорих ял хүлээж байна. Түүний эцсийн шатны ял оноох шүүх хурал ирэх 12 сард товлогдоод байна.
Leave a Reply
You must be logged in to post a comment.