Шинэчлэгдсэн: Өнөөдөр болсон ослын улмаас 4 хүн нас барж, 9 хүн хүнд хөнгөн бэртэж гэмтжээ.
14 сая долларын төсөвт өртөгтэй тус явган хүний гүүрэн гарцын ажлыг ‘Munilla Construction Management’ (MCM) барилгын компани, гүүрийн инженерчлэлийн ‘FIGG Bridge Engineers’ компанитай хамтран гүйцэтгэж байжээ. Хэвлэлийн анхаарал татаж буй мэдээлэлд тус ‘FIGG Bridge Engineers’ компаний 2012 онд Виржиниа мужид хариуцан гүйцэтгэж байсан төмөр зам дээгүүрх гүүрийн засварын үеэр гүүрийн зарим хэсэг нурж, хэд хэдэн ажилчид хөнгөн бэртэж гэмтсэн осол гарч байжээ. Тухайн үед Виржиниа мужийн эрх бүхий байгууллага тухайн компанид торгууль ногдуулж, мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлтээр гүүрийн барилгын чанарын хяналт дутуу гүйцэтгэсэн, тухайн гүүрэнд нэмэлт өргөтгөл хийх зөвшөөрлийг өмнө нь гүүр барьсан компаниас аваагүй зэрэг ноцтой дутагдал гаргаж байсан нь тодорхой болж байна.
Өнөөдрийн нурсан гүүрийн гол гүйцэтгэгч MCM компани ч сүүлийн 5 жилийн хугацаанд 11 удаагийн хөдөлмөр, аюулгүй байдал, үйлдвэрлэлийн горимын зөрчил гаргаж, торгуульж байсан нь олонд тодорхой болж байгаа юм.
Хуучин мэдээ: Өнөөдөр Майами (Miami) хотын Флоридагийн Олон Улсын Их Сургуулийн (Florida International University) орчмын явган хүний гүүрэн гарц нурж, хэд хэдэн хүний амь үрэгдсэн байж магадгүй байна.
Тус хотын 109th Ave & 8th Street хаягт автомашин хурдны зам дээгүүр тавьсан явган хүний гүүр бүрэн нурж, нуранги дор 5-6 машин дарагдсан байдалтай, аврах ажил үргэлжилж байна. Зарим хэвлэлд мэдээлж буйгаар олон хүний амь үрэгдсэн байж болзошгүй байна. Мөн 3 хүнийг орчмын эмнэлэгт хүргэн эмчилж байгаа гэнэ. Осол гарах үед гүүрний хажуу талд хоёр ажилтан ажиллаж байсан бөгөөд тэдний нэг нь гэмтэлтэй эмнэлэгт хүргэгдсэн байна.
Нийт 53 орчим метрийн урттай, 950 тоннын жинтэй тус гүүр нь шинээр баригдаж байсан бөгөөд, ашиглалтад бүрэн орж, явган зорчигчдод нээгдээгүй байсан тухай мэдээлж байна. Одоогоор ослын учир шалтгаан тодорхой бус, гүүрний үлдэгдэл дахин нурах эрсдэлтэй үндэслэлээр хэвлэл мэдээллийг хэргийн газарт ойртуулахгүй байгаа ажээ.
14.2 сая долларын өртөгтэй тус гүүрэн гарцын төсөл 2019 оны эхний хагаст ашиглалтад орохоор төлөвлөөд байжээ.
Leave a Reply
You must be logged in to post a comment.