Саяхан би ажил хэргийн далимаар нутгаараа халитхан дайрсан юм. Буцахад өвгөн Базар гуай унаанд маань дайгдлаа. Алтайгаас Улаанбаатар хүрэх хоёр гурван хоногийн урт замд бид эрт өдгөөгийн элдэв юм хөөрөлдөж зугаатайхан явлаа.
Тэгж явахад багад минь болсон нэг явдал байн байн санагдсан юм. Бараг дөчин жилийн өмнө юм даа. Базар ах хориод настай, сүрхий чацархуу биетэй, эмнэг хангалтай ноцолдож явдаг, олон таван үггүй, томоотой нь дэндсэн хөдөөх бор залуу байсан.
Эднийх, манайх, Зундуй гуайнх гээд гурван айл Чачиртын ам хэмээх газар намаржиж байлаа. Базар ах эхтэйгээ хоёул амьдрах. Зундуй гуайнх Сосор гэдэг ганц охинтой.
Сосор эгч их гоё хүн. Насаар Базар ахаас хоёр гурав дүү байсан болов уу. Өндөр гоолиг нуруутай, дуулах, инээх, аргал түүх нь хүртэл цаанаа л нэг чамин. Сосор эгч бид хоёр аргалд үе үе хамт явна. Аргалд явахдаа эгч дуулна.
Бодоод байна даа хө хө
Бодогдоод горьгүй нь ээ хө хө
Бодсон чиг бодоогүй л юм шиг
Явъя даа гэсиймаа хө … гээд л гэгэлзүүлэх. Сэтгэл нь хөвөлзөөд л, нүд нь гялалзаад л дуулах. Дуулахыг нь сонсохоор миний сэтгэл бас тийм гэхийн аргагүй хачин болчихно.
Yхрийн хуурай аргал савраараа эвлэгхэн аваад үүрч яваа араг руугаа мөрөө давуулан хийчих нь бүр хараад баймаар сонихон. Би түүнийг нь дууриах гээд чадахгүй мөрөн дээрээ, эсвэл аргаа давуулаад хаячихна. Тэгэхээр намайг шоолон хаш цагаан шүднээсээ гэрэл ойлгон хөгжилтэйеэ инээнэ. Заримдаа эгчийг инээлгэх гэж зориуд элдэвлэнэ. Инээхийг нь, бас шүдийг нь харах гэж тэр шүү дээ. Би бол дөнгөж шүдэлж эхэлж байсан болохоор үүдний хэд маань муруй сарий. Тиймээс эгчийн дэргэд амаа байдгаар нь жимийж явдаг байлаа. Сосор эгч надтай чацуу байх нь яав даа гэж тун ч их харамсана.
Намрын хонгор шар өдөр болж байлаа. Yдийн хонь сааж байсан цаг. Сосор эгч аргалд ганцаараа явсан байсан юм. Уг нь хонь саахаас өмнө ирэх ёстой атал байдаггүй. Ээж нь:
– Охин яачихваа гэж үглэн харуулдаад л … .
Тэгж байтал Сосор эгч араг, савраа хээр хаячихаад, үс нь сэгсийчихсэн амьтан уйлж хашгирсаар хар гүйхээрээ ирлээ… Бид ч гайхаж хоцров.
– Яасан юм бол, урт хайрхантай тааралдчихвуу даа, хөөрхий минь гэж ээж маань хэлээд аймсан зогсож байсан нь одоо ч нүднээ үзэгдэх шиг. Урт хайрхан гэж могойн цээр нэр.
Сосор эгчийн ээж холбоотой хонь сааж сууснаа ухасхийн босож хувинтай сүүгээ хаячихаад охиныхоо өөдөөс урд хормой дээрээ гишгэлэн унан тусан хүрээд тэвэрч авлаа.
– Яав, юу болов, ээ тэнгэр минь хэмээн гасалж нулимсыг нь арчих ээжийнхээ мөрөнд охин нь толгойгоо наан эг маггүй хэсэг цурхирав. Тэгснээ үгийн хариугүй шууд л гэр өөдөө гүйлээ. Уурганд толгой залгаж сууснаа босож амаа ангайн гайхширч зогссон Базар ахын хажуугаар тэрбээр өнгөрөн завдсанаа зогтусаж “Донгио!” хэмээн хилэнтэйеэ хэлэнгүүт хацар дээр нь тас байлгаж орхиод гүйгээд орчихож билээ.
Хаалгаараа шурхийн ороход нь гялсхийж харагдсан шулуун сайхан шилбийг нь даган цус урсаж байх шиг байсан. Сосор эгч гэртээ ороод таг чиг болон хэд хоносон юмдаг.
Базар ах алгадуулсан хацраа нэг илчихээд, үсийг нь цэвэрлэсэн гүзээ шиг мөлчийтөл хуссан данхар толгойгоо хэдэн парвигар хуруугаараа маажигчаа аядан дүйнгэтэж баахан зогссоноо залгаж байсан уурганыхаа дэргэд очиж мод толгойгоо гарган тамхи угсраа угсраагаар угзарсаар нар шингэтэл овойн сууж билээ.
Хойтон зун нь намайг сургуулийнхаа амралтаар ирэхэд Сосор эгч Базар ахынд байдаг болчихсон байсан. Базар ахын номхон дөлгөөн зан, зөөлөн урсгал харц надад аятай дотно санагддаг байсан болохоор ингэсэнд нь би дотроо баяртай байснаа санаж байна.
“ “ “
Зам зуур гол бараадан хоноглоё гэсэн миний саналыг Базар гуай дуртай зөвшөөрөв Түүдэг асаан, хээрийн цай, хоол амтархаж, бас ч ганц лонх юм задлан бид хоёр тухаллаа. Төгрөглөх дөхсөн саран авхай дээр тэнгэрт мэлтийж, дэргэд голын ус чимээгүйхэн мэлмэрээд, чийглэг зөөлөн агаар үе үе долгилсон дулаахан орой боллоо. Сэтгэлд хар аяндаа ая эгшиг үүснэ. Өнөөх нэгэн явдлын учрыг мэдмээр санагдаад
– Базар ах аа, тээр жил манайхан Чачиртад намаржиж байхад Сосор эгч нэг их сүрхий айчихсан, уйлж унжиж ирснийг санаж байна уу гэсэн чинь мань эр хажуулдан хэвтэж байснаа өндийгөөд:
– Хн гэв.
– Тэгэхэд таныг “Донгио” гэж хэлээд алгадчихсаныг би мартдаггүй юм. Та яасан юм бэ гэвэл өвгөн санаа алдан хэсэг дуугүй байснаа:
– Тэр чинь хө нэг бодлын гайтай, нөгөө бодлын тустай ч гэмээр юм болсон гээд таг болчихлоо. Би хэсэг хүлээгээд тэвчээр алдан:
– За тэгээд… хэмээн цааш ярихыг шаардлаа. Өвгөн чимээгүй л суугаад байв. Аяганд нь архи ахиухан хийгээд барилаа. Түүнийг нэг амьсгаагаар явуулж орхиод тамхи асаан шуналтайяа хэд шившсэнээ над руу харан “хэлэх үү, байх уу” гэж шийдэж ядсан янзтай байхаар нь:
– Гайтай нь юу, тустай нь юу болсон юм бэ гэж дахин үг өдев. Өвгөн хоолойгоо хэдэнтээ засаад:
– Гайтай нь хөөрхийг нэг самуун этгээд хээр шоглочихсон байсан юм. Тустай нь гэвэл !’Донгио” гээд намайг алгадсаны учрыг би тунгаасаар олсон юм. За дүү минь унтъя. Саяын архи чинь намайг дийлээд байна гэв ээ.
Б.Ганбат. 1999 он
Leave a Reply
You must be logged in to post a comment.