Үүрэг

“Yүрэг .. Энэ үгийн аугаа нь хүнийг өөрийг нь өргөмжлөн дээдэлдэгт байгаа юм” И.Кант

Амьдрал гээч хүмүүнийг алхам тутамд нь ухаажуулж өгдөг ажаам. Өгүүлэх нь:
Буурал хорвоогийн тоосыг ная шахам жил хөдөлгөж яваа хоёр хөгшин гал тогооныхоо өрөөнд цайлж суулаа.
– Эмгээн цайгаа ууж ханасан бол өдөр хүүгийн авчирсан сониныг гарчиглаад өгөөч гэж өвгөн хэлээд сандал дээрээсээ өндийсхийн хоёр гараараа ширээний тавцанг илж тэмтэрсээр хайрцагтай тамхиа олж нэг ширхгийг асаан мөн тийм маягаар үнсний сав авлаа.
Хуруун чинээ эмгэн нь эрт цагийн өргөн гэгчийн хүрээтэй харааны шил зүүгээд чичирхийлсэн гараар сонин бичиг шаржигнуулан дэлгэж, будагных нь өвөрмөц үнэрт хамар нь сэрвэгнэн найтаахуй өвгөн алиалан:
– Бурхан өршөө, буянтай айлын бэр бол гэж хэлэв.
– Буянтай л айлын бэр болсон юм даа гэж эмгэн хариу тавиад мушилзсанаа сонины гарчгуудыг тамир муутай дуугаар аажуухан дуудаж эхлэв.
“Дө-рөв, зур-гаа-гийн да-ваанд о-ноол-тоор ба-рил-дуулах бол-лоо” гэхийг сонсоод өвгөн:
– За хө наадахынхаа доторхийг унш гэлээ.
Бөхчүүдийн дунд байдаг найраа гээчийг арилгахын тулд үндэсний бөхийн барилдааны дөрөв, зургаагийн даваанд ам авдаг байсныг болиулж оноолтоор барилдуулахаар цэцдийн зөвлөл хэмээх удирдах хүмүүс нь хурлаараа хэлэлцэн шийдвэрлэсэн тухай тэнд бичсэн байлаа. Хуралд оролцогчдын хэлж ярьсныг нэлээд дэлгэрэнгүй өгүүлсэн уг сурвалжлагыг өвгөн шимтэн сонсоод:
– Жаахан амсхийгээд дахиад нэг дуудаад өгвөл сайнсан, дөнгөх үү гэвэл эмгэн:
– Дөнгө еө хэмээгээд зөөгшсөн цайнаас хэдэнтээ балган хоолойгоо засаад уншлаа. Yлгэрлэвээс саяхнаас бичиг үсэг сурч байгаа нэгдүгээр ангийн сурагч багшдаа шалгуулах лугаа адил аялгаар хичээнгүйлэн уншсаар арайхийн барахуй нүднийх нь угаар хоёронтоо чимхийн хатгалаа. Түүний зуусэн ойрын харааны шил уг нь өвгөнийх юм. Эмгэн сонин унших мэт нарийн ширийн үйл хийхийг болиод удсан юмсанж. Тиймээс хараа муудсан ч нүдний шил хэрэглэдэггүй байжээ.
Сонин уншчихдаг байсан өвгөн нь нүдний даралт гээчээс болоод өнгөрсөн намраас мөрөө үзэхээ больчихсон аж. Хүүхдүүд нь эцгийгээ авч эмнэлгээр баахан явсны үр дүн гэвэл өвгөн өдөр, шөнийг ялгах төдий болжээ. Эмч нар “нүдний даралт нь дэндээд харвачихвал таг болно. Тэгвэл өдөр, шөнийг ч ялгахгүй. Тас харанхуй болчихвол сэтгэл санааны гүн хямралд ордог юм. Харвахаас нь хамгаалж мэс ажилбар хийлээ. Yүнээс илүү үр дүн гарахгүй.” хэмээжээ. Ингээд олны хэлдгээр хоёр нүд нь гэгээтэй төдий болчихсон гунигт түүхтэй.
Эмгэн шилээ аван нүдээ аньж хэдэнтээ нухлаад харвал очис мэт зүйлс өмнүүр нь хөвөрч байх шиг агаад толгой нь үл мэдэг эргэх ажээ. “Өвгөний шил надад таарахгүй байна уу эсхүл би зүүж дасаагүй, ном сонин уншихаа болиод олон жил болсноос уу?” гэж бодож суулаа. Өвгөн;
– Тэр найраа гээч үнэндээ хэтрээд байсан юм аа. Ингэхээс өер аргагүй болсон доо. Уг нь зургаагийн даваанд ам авч байвал сайнсан. Тэгтэл найрааны заан бас гараад ирж байгаа юм гэж эмгэндээ ярилаа.
– Найраа гээч одоо тэгээд бүр арилах болов уу гэж эмгэн асуулаа.
Эмгэн хэзээнээс бөх сонирхож явсангүй. Сая уншсан зүйлийнхээ цаад нарийн учрыг мэдэхгүй, ерөнхийдөө үндэсний бөхийн найраа гэж нэг юмыг алга болгох гээд байгаа юм байна гэж л ойлгосон хэрэг. Зүгээр л өвгөнийхөө ярихыг урамшуулж ийн асуужээ.
– Огоот алга болчихгүй л дээ. Гэхдээ нэлээд багасна. Яагаад гэхээр… гээд өвгөн дуртай нь аргагүй ярьж гарлаа. Өвгөн бол бөхийн их хорхойтон юм. Эмгэн “аа мөн үгүй ер, тийм учиртай юм бий” гэх мэтээр өвгөнийхөө яриаг донжийг нь олон дөгөөж байлаа.
Эмгэн өвгөнийгөө ажиглан элдвийг бодсоор … Өвгөн халзан толгойгоо цогнойлгон тааз өөд харах мэг суугаад ярина. Нүд нь ямар нэгийг илэрхийлэхгуй болохоор царай зүс нь баахан ондоо болчихсон ч юм шиг. Харахаа больсноос хойш ийнхүү толгойгоо цогнойлгох болжээ. “Хөөрхий минь угийн урьхан харцтай хүнсэн. Одоо үзвэл ширүүн дүртэй ч юм шиг, Хараатайгаа байхдаа хүмүүстэй бөх ярихаараа нүд нь гэрэлтэж байдагсан. Нүд сэтгэлийн толь гэж үнэн юм даа хэмээн эмгэн харамсан хайрлан бодохуй томоо гэгчийн дусал нулимс өөрийн эрхгүй гарч ирээд урссаар уруулыг нь даван аманд нь орлоо. Их л шорвог амттай санагдав.
Энэ хоёр хөөрхийс исгэл халуун цустай, идэр залуу настайдаа тоонотой гэрт толгой холбосноос хойш тавин хэдэн жилийг элээжээ. Yр хүүхдүүд, ач зээ, гуч нар гээд өнөр олуулаа. Нэг хүү нь эхнэр, хүүхдийн хамт хоёр хөгшинтэй аж төрнө. Бусад нь зэгстэй нуурандаа эргэн эргэн ганганалдах намрын шувууд шиг ирж очин байх авч ажил төрөл, хичээл ном гээд дор бүрнээ зав зай хомс.
Өглөөнөөс үд хүртэл, үдээс үдэш болтол хоёр хөгшин гэрээ сахина. Хэдэн хүүхдийнхээ буянд хонины мах, цайны сүүгээр дутах нь үгүй. Гурван өрөө дулаахан байранд сууна. Өвгөнөө хооллож умдлах, ойр зуур хөдөлж явахад нь юм мөргүүлчихгүй байх, тамхи тарианых нь галыг хямгадах, хэрэгтэйг нь олж ойртуулж өгөх гээд асран тойлох ажил эмгэнд мундахгүй. Зах зээлээр явж мах шөл авчрах, төхөөрөхөөс авахуулаад элдвийг хийлцэн эмгэндээ тус болдог байсан өвгөн аяга дүүрэн цай тэгшхэн бариад уучихаж чадахгуй болчихно гэдэг гачлантай. Харахаа болиод хагас жил болж байгаа болохоор байдалдаа төдий л дасаж дадаагүй аж. Зүгээр суудаггуй, нэг бол уншиж, үгүй бол ямар нэгийг оролдож эсхул агаар салхинд явангаа аливааг амжуулж сурчихсан хүн гэнэт ийм болчихоор хийх, явах нь бүрмөсөн хумигдчих нь ойлгомжтой Тэгэхээр дандаа шовойгоод зугээр суугаад байж чадахгүй бие чилэхийн эрхэнд орон дээрээ хажуулна, хажуулахаар унтана, өдөр унтчихаар шөнө нойргүйтэн тамаа цайна. Нойр эс хүрэхээр элдвийг бодно, хөрвөөнө, босно, явна, тамхилна. Өвгөнийг дагаад эмгэний нойр дутуу.
Хадан гэр нь сөөм ойртсон ч гэлээ хараагүй болно гэдэг ертөнцийн нэг том зовлон мөнөөс мөн. Санаа сэтгэл ч ямар олигтой байх билээ. Заримдаа бухимдах, гоморхох янзтай ч угийн сүрхий хүн болохоор биеэ барьж чадна. Сохор хүний зовлонг сохорсон хүн л мэдэх биз.
Өвгөн ярьсаар, эмгэн бодолд дарагдсаар… Yр хүүхэд олон ч өргөж тэтгэх нь ганц нэг гэж

бурхны номд байдаг гэсэн. Манай муу хэд харин бүгд л бид хоёрыг өргөж тэтгэх юм хөөрхийс. Тийм үрс заяасан нь энэ сайхан хүний минь л буян даа. Муу данхар өвгөнөө хайр халамжаар дутаан сэтгэлд нь юм хийчихгуй юмсан. Тэгвэл хэдэн хүүхдийн маань хожмын үйлсэд тусгүй байж мэднэ, Өвгөнийг байнга асарч тойлох зав боломж хүүхдүүдэд маань алга. Хэн нэг нь над шиг байнга дэргэд нь байна гэхээр ажил амьдрал нь хэцүүднэ гэх мэтийг эргэцүүлж байтал үүнээс аванхайлан “Намайг түрүүлээд уначихвал энэ маань яах болж байна. Нүдтэй би сүүлдэх нь мөн байх нь гэх бодол эмгэний толгойд харван орж ирлээ. Тэгмэгц “Бурхан минь, та ямар чухал юмыг мунхаг наддаа ухааруулж хайрлав аа. Би чинь энэ муу өвгөнөө ийм болчихоогүй байхад үүнээсээ л түрүүлж нүд анихсан гэж аминчхан юм боддог байсан нүгэлтэн. Бурхан минь л ивээн гийгүүллээ. Түүнээс биш усан нүдтэй, цусан зүрхтэй, тэнэг дээрээ зөнөг залгасан хөгшин би яавч үүнийг бодож олохгүй. Бурхан минь, нэгэнт намайг сэхээрүүлсэн юм чинь энэчлэн болгож өгөхийг түмэнтээ гуйя” хэмээн шивнэж, нүдээ анин залбирч байлаа.

Б.Ганбат. 2002 он

Be the first to comment

Leave a Reply