САНАМЖ СЭРЭМЖЛҮҮЛЭГ 

Монголд нотариатаар хийдэг хүүхэд асран харгалзах баталгаагаар насанд хүрээгүй хүүхдийг төрүүлсэн эцэг эхээс нь өөр хүн АНУ-д ямар нэгэн эрхзүйн харилцаанд төлөөлөх, тэр тусмаа төрийн өмчийн сургууль (public school)-д бүртгүүлэх боломжгүйг анхааруулж байна.

Монголоос эцэг эхчүүд насанд хүрээгүй хүүхдээ АНУ-д сургах зорилгоор нотариатын баталгаатай өөр хүнд явуулж хүүхдүүдийн хичээл завсардуулж, хоцроох, цаг зав, мөнгөний гарз болж байгаа тул ийнхүү анхааруулах шаардлагатай болов.

Мөн эцэг эх нь хамт ирээгүй хүүхэд сургуульд бүртгүүлэхэд АНУ-н иргэн байснаараа ямар нэгэн давуу боломж эдлэхгүй. Төрийн өмчийн сургуулиуд иргэдийн болон сурагчдын цагаачлалын статус шалгадаггүй бөгөөд цагаачлал, визийн статусаас хамаарч ялгавартай бодлого барьдаггүй болно.

“Guardianship” буюу хүүхэд асран хамгаалах эрхийг хүүхэд онгоцоор авч явдаг түр харгалзах зөвшөөрөлтэй хольж ойлгож огт болохгүй. АНУ-д хүүхдийн асран хамгаалах эрхийг ноцтой авч үзэх бөгөөд зөвхөн эцэг эх нь онц хүндэтгэх шалтгаантай (хүнд өвчин, ядуурал, гэр оронгүй болох, шоронд хоригдох г.м) үед шүүхээс хүүхдийг асран хамгаалах эрхийг өөр хүнд түр шилжүүлдэг хуультай. Тиймээс АНУ-н төрийн өмчийн сургуульд хүүхдийг төрүүлсэн эцэг эхээс нь өөр хүн бүртгүүлэх үед ийм шүүхийн шийдвэр шаардах бөгөөд Монголоос хийж өгдөг нотариатын баталгаа хүчингүй гэдгийг зөвлөж байна

Хүүхэд сургуульд бүртгүүлэхийн тулд бичиг баримт хуурамчаар үйлдэх, худал мэдээлэл өгсөн нөхцөлд буруутай хүнээр хүүхэд сургуульд сурсан хугацааны төлбөрийг нөхөн төлүүлэх (1 сурагчийн жилийн зардал $23K орчим), цаашлаад энэ нь мужийн хуулиар хариуцлага хүлээж болох иргэний болон зарим нөхцөлд эрүүгийн зөрчилд тооцогддог гэдгийг анхаарна уу.

Энэ жишээг зөвхөн Виржиниа мужийн жишээн дээр бичив. Гэвч хүүхдийн асран хамгаалах эрхийн асуудалд Холбооны улсын хэмжээнд төстэй зарчим үйлчлэх болов уу. Хүүхдийн сургуулийн бүртгэлтэй холбоотой асуудлаар бусад мужууд өөр хуультай байж болно. Та өөрийн амьдарч буй, эсвэл ирж буй мужийн хуулийг асууж мэдэх шаардлагатай.

ℹ️ МЭДЭХЭЛ ИЛҮҮДЭХГҮЙ – НОТАРИАТ (Notary Public)
Дашрамд дурдахад Монголын нотариатын баталгаа нь АНУ-н нотариат гэх ойлголтоос ихээхэн эрх зүйн зөрүүтэй ойлголт юм.
Тухайлбал Монголд нотариатууд төрийн байгууллагын шийтгэн олгосон бичиг баримтын хуулбар үнэн зөвийг гэрчилдэг бол АНУ-д (лав л манай Виржиниа мужид) төрийн байгууллагын эрх мэдэж олгосон бичиг баримтын хуулбарын үнэн зөвийг зөвхөн тухайн бичиг баримт шийтгэн олгосон байгууллага гаргах хуультай.
Өөрөөр хэлбэл манай мужид нотариат хүн бичиг баримтын хуулбар гэрчлэхгүй.

Манай Виржиниа мужид (магадгүй ихэнх мужид) нотариатын үүрэг нь ЗӨВХӨН гарын үсэг зурж буй хүн өөрийн биеийн байцаалттайгаар биечлэн байлцаж гарын зурсан гэдгийг л нотолдог.

Мөн Монголын нотариат хүнд заавал хуульч байх, мөн сонгон шалгаруулалтаар өрсөлдөж нотариатын тусгай эрх авдаг бол манай Виржиниа мужид жирийн хүн нотариат хийдэг. Хүсвэл хэн ч өргөдөл гаргаад нотариат хийх эрх авч болдог нь ийм учиртай. Мөн төлбөр хураах шаардлагагүй бөгөөд төлбөр авбал дээд тал нь $5 хүртэл хурааж болох (мужийн) хуультай юм.

Нотариатын гэрчлэл хийх нь ашгийн бус, сайн иргэний үүргийн хүрээнд хийж болох сайн дурын ажлуудын нэг бөлгөө.

Энэ жишээг зөвхөн Виржиниа мужийн жишээн дээр бичив. Бусад мужууд өөр хуультай байж болно. Та өөрийн амьдарч буй, эсвэл ирж буй мужийн хуулийг асууж мэдэх шаардлагатай.

Б.Төгөлдөр

Be the first to comment

Leave a Reply