Цагаачлалын Алба Калифорниа мужийн зарим хотод томоохон баривчилгаа хийнэ

Калифорниа мужийн Oakland, Berkeley хотын оршин суугчид цагаачдын алба өргөн цар хүрээний баривчилгаа явуулах гэж буй тухай сэрэмжлүүлэг хүлээж аваад байна.

Энэ тухай өнгөрөгч Ням гарагт Oakland хотын захирагч Libby Schaaf зарласан бөгөөд тус бүс нутагт ICE (Immigration and Customs Enforcement) бичиг баримтгүй иргэд, тэр тусмаа гэмт хэрэг зөрчилд холбогдсон, холбогдож байсан хууль бус цагаачдыг хоморголон баривчлах гэж байгаа тухай зарласан байна. Хэдийгээр захирагч Schaaf-ийн урьдчилан анхааруулсан ажиллагаа мөн эсэх нь тодруулах боломжгүй ч тухайн өдрийн орой тус хотоос бичиг баримтгүй 4 хүнийг цагаачлалын алба баривчлан саатуулсан байна.

Photographer: Justin Sullivan/Getty Images
Oakland Mayor Libby Schaaf

Мөн ‘Berkeley Unified School’-ийн Ерөнхий захирал Donald Evans эцэг эхчүүдэд Англи, Испани хэлээр сэрэмжлүүлэг имэйл илгээж, баривчилгаа болохыг анхааруулсан бөгөөд цагаачлалын албанд баригдсан нөхцөлд ямар арга хэмжээ авах зааварчилгааг хавсаргасан байна.

Дашрамд дурьдахад Калифорниа муж нь АНУ-н хамгийн анхны ‘sanctuary’ муж (муж, хотын хууль сахиулах байгууллагын хөрөнгө, хүн хүчийг холбооны улсын цагаачлалын хуулийг хэрэгжүүлэхэд холбогдолтой үйл ажиллагаанд зарцуулахаас татгалздаг муж, хотыг хэлдэг) бөгөөд тус мужид нийт 2.5 сая орчим хууль бус цагаачид бий гэсэн тооцоо гарсан нь Холбооны улсын хэмжээнд байгаа хууль бус цагаачдын дөрөвний нэгтэй тэнцэх юм.

Өнгөрөгч 01-р сард ICE-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Thomas Homan мэдэгдэл гаргаж, ‘Sanctuary’ статустай Калифорниа мужид холбооны цагаачлалын хуулийн хэрэгжилтийг хангах нэмэлт хүн хүч илгээнэ гэж зарлаад байсан билээ.

Эдийн засагчдын тооцоогоор 2017 онд бичиг баримтгүй хууль бус цагаачид АНУ-н эдийн засагт 180 тэрбум долларын орлого оруулдаг гэсэн тооцоо гарчээ.

Be the first to comment

Leave a Reply