Хууль бус цагаачдийг албадан гаргах ажлыг эрчимжүүлнэ

Өчигдөр (Мягмар гараг) Дотоодын хамгаалахын сайд Генерал Жон Келли мэдэгдэл хийж хил гаалийн хамгаалат, АНУ-н дотоодын аюулгүй байдлыг хангах чиглэлүүдээр гаргасан Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэхтэй уялдуулан гаргасан 2 шинэ удирдамжийг танилцууллаа.
Эдгээр удирдамжууд нь АНУ-Мексикийн хилийн хамгаалалтыг чангатгах, тус улсад хууль бусаар оршин сууж буй цагаачдыг илрүүлэн албадан гаргах ажлыг эрчимжүүлэхэд чиглэгдэж байгааг онцолж байлаа.
Эхний удирдамжид АНУ- Мексикийн хил дагуу эргүүлийн 5000 цагдаа, агаарын хамгаалалын 500 албан хаагч нэн яаралтай элсүүлэх, хил орчимд саатуулагдсан, АНУ-д удаан хугацаагаар оршин сууж буйг нотлох боломжгүй цагаачдыг шууд албадан гаргах зэрэг чиглэлийг хил гааль хамгаалах газарт өгч байгаа юм.
Харин удаах удирдамж нь АНУ-д амьдарч буй цагаачдын анхаарлын төвд байгаа юм. Үгчилж орчуулвал “АНУ-н дотоод дахь ард иргэдийн аюулгүй байдлыг хангах” гэж нэрийдэж буй энэ удирдамжид дараах ангилалд багтаж буй цагаачдыг албадан гаргахад гол хүч анхаарал төвлөрүүлж ажиллана гэж байгаа юм.  Эдгээрт:

  1. Шүүхээс гэм буруутай нь тогтоогдож ял сонссон цагаач
  2. Гэмт хэрэг үйлдэж мөрдөн байцаалт, шүүн шийдвэрлэх шатанд шалгагдаж буй цагаачид
  3. Бусад гэмт хэрэгтэй дүйцүүлэх хэрэг зөрчил үйлдсэн цагаачид
  4. Залилан үйлдсэн, төр захиргааны байгууллагад санаатай худал ташаа мэдээлэл өгсөн цагаачид
  5. Төрийн халамж тэтгэмж авахын тулд худал мэдээлэл өгсөн, төрийн халамж тэтгэмж завшсан цагаачид
  6. Албадан гаргах шийд гарсан ч шүүхээс эцэслэн шийд гараагүй цагаач
  7. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болохуйц гэж шүүгчийн шийдсэн бусад цагаачид гэсэн байна.

Эдгээр ангилалд бичиг баримтгүй иргэдээс гадна байнгын оршин суух эрхтэй буюу ногоон карттай иргэдийг ч багтааж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл  хэдийгээр ногоон карттай ч хэрэг зөрчилд холбогдсон, халамж тэтгэмж авахын тулд худал мэдүүлэг өгсөн иргэдийг албадан гаргах, АНУ-с гараад буцаж ирэх үед хилээс буцаах арга хэмжээ авч болох юм.

Ажиглагчдийн үзэж буйгаар дээрх ангилалд багтах цагаачдийн тоо хэдэн саяар тоологдох бөгөөд ийм өргөн цар хүрээтэй албадан гаргах ажиллагаа явуулахын тулд хүн хүч нэмэгдүүлэх тодорхой заалтуудыг тус удирдамжид заасан байгаа юм. Удирдамжид зааснаар дотоодын хууль сахиулах байгууллагад дахин 10,000 албан хаагч шинээр элсүүлэх, мөн дотоодыг хамгаалах яамны хэмжээнд мөрддөг 287(g) гэсэн хөтөлбөрийг өргөжүүлэхээр тусгаад байна.
Энэ хөтөлбөрийн хүрээнд Дотоодыг хамгааалах яам туршлагатай цагдаагийн офицеруудыг цагаачлалын ажилд дайчлах эрх олгодог хөтөлбөр юм.
Энэхүү 287(g) хөтөлбөрийн тусламтайгаар 2006 оны 01 сараас 2015 оны 09 сар хүртэлх хугацаанд албадан гаргавал зохих нийт 402,000 хууль бус цагаачдыг илрүүлсэн тухай жишээ татаж байв.
Мөн хоёр дахь удирдамжид Дотоодыг хамгаалах яамны дэргэд цагаачдын үйлдсэн гэмт хэргийн хохиргчдод туслах Алба байгуулахаар тусгажээ. Энэ алба нь цагаачдын үйлдсэн гэмт хэргийн хохирогч гэр бүлүүдэд тухайн гэмт хэрэгтний тухай мэдээлэл, үүнд гэмт этгээдийн цагаачлалын байдал зэрэг хувийн мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэй юм байна. Түүнчлэн хууль бус цагаачдын хувийн мэдээллийг зохих хуулиар хамгаалагддаг байсныг хүчингүй болгож байна.
Харин Sensitive locations буюу цагдаа хууль сахиулах байгууллага хууль бус цагаачдыг эрэн сурвалжилж баривчлах боломжгүй бүсүүд хэвээр байх юм. Эдгээр сургуульг, сүм шашны байгууллагууд, эмнэлэг, эсвэл олон нийтийн эсэргүүцлийн жагсаал цуглаан зэрэг бүсүүд хамаардаг юм. Өөрөөр хэлбэл эдгээр байгууллагуудад хууль бус цагаачдыг баривчилдаггүй журам хэвээр мөрдөгдөхөөр болжээ.
Харин албадан гаргах хууль бус цагаачид гэсэн ангилалд “Dreamers” буюу АНУ-д хүүхэд ахуй насанд орж ирсэн 750,000 орчим иргэнийг хамруулахгүй байхаар тусгажээ. Өөрөөр хэлбэл Обамагийн гаргасан DACA хөтөлбөрт ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй байхаар болжээ. Тиймээс энэ хөтөлбөрт хамрагдах эрх бүхий хүмүүс өргөдөл гаргах эрх нь нээлттэй байна. Мөн 2014 онд гарсан DACA хөтөлбөрийн өргөтгөл буюу АНУ-н иргэн эсвэл байнгын оршин суугч хүний эцэг эхэд 2 жил хүртэл хугацаагаар түр оршин суух эрх олгох журамд ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй байх ажээ. Харин тус DACA хөтөлбөрд хамрагдах хууль бус цагаачдыг хамрах хүрээг өргөтгөх Ерөнхийлөгч Обамагийн зарлигт шүүх хориг тавьж, өнөөг хүртэл хориг хүчин төгөлдөр үйлчилж байгаа билээ.

Томоохон хэвлэлүүдэд ирэх долоо хоногт цагаачлалын холбогдолтой шинэ журам дахин гаргахаар зэхэж буй тухай мэдээлж байгаа юм. Дашрамд өгүүлэхэд Обамагийн засаг захиргааны 8 жилийн хугацаанд нийт 3 сая орчим хууль бус цагаачийг албадан гаргажээ. Ерөнхийлөгч Обамагийн үед зөвхөн ноцтой гэмт  хэрэг үйлдсэн цагаачдыг нэн тэргүүнд албадан гаргах бодлого барьж байсан юм.


Be the first to comment

Leave a Reply