$60 саяын залилан хийсэн этгээдийг баривчилжээ

Интерполоос олон сар үргэлжилсэн мөрдөн байцаалтын үр дүнд интернэт залилан хийж 60 орчим сая долларын хохирлыг компаниудад учруулсан гэх бүлгийн толгойлогчийг баривчилжээ.
Энэ хэрэгтэй холбогдуулж Нигер улсын иргэн, 40 настай Майк гэгчийг өөрийн хамтрагчийн хамт Нигер улсын Port Harcourt хотоос өнгөрөгч 6 дугаар сард баривчлаад байгаа тухай Интерпол агентлагаас өчигдөр хэвлэлд мэдээлсэн юм. Түүнийг яллах хангалттай баримт хараахах бүрдээгүй тул сэжигтэнг түр харгалзаж байгаа ажээ.
Тухайн кибер гэмт хэргийн бүлэглэлд нийт 40 орчим хүн ажиллаж компаниудын компьютерт мэдээлэл хулгайлагч вирус халдаах, улмаар залилж олсон мөнгө угаах гэх мэт үүрэг гүйцэтгэдэг дотоод зохион байгуулалттай ажилладаг байна.
Тэд гол төлөв АНУ, Авсрали, Өмнөд Африк, Тайланд зэрэг орнуудад үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд бизнесүүдийг гэмт хэргийн гол бай болгож байжээ. Гэмт этгээдүүд бараа нийлүүлэгчийн имэйлд нэвтэрч улмаар худалдан авагчид руу хуурамч имэйл явуулж, мөнгө шилжүүлэх заавар, дансны дугаар явуулдаг байна. Эсвэл компаниудын эрх мэдэл бүхий удирдлагуудын имэйлд нэвтэрч тодорхой хүнд мөнгө шилжүүлэх заавар, тушаалыг санхүүгийн ажилчид руу илгээдэг байсан гэнэ. Эдгээр хохирсон компаниудын дунд 14 хүртэл сая доллараар хохирсон компани ч бий гэнэ.
Энэ бүлгийн учруулсан хохирол одоогоор 60 орчим сая доллараар хэмжигдэж байгаа ч энэ тоо нь дэлхийн киберь гэмт хэргийн нийт хэмжээтэй харьцуулахад тун өчүүхэн хэсэг болох аж. Дэлхийн хэмжээгээр интернэт залилангийн хэмжээ 1-2 триллион доллараар хэмжигдэж байдаг. Эдгээр кибер залилан үйлдэгч гэмт этгээдүүд “зомби-сервер” буюу сүлжээнээс гэмт хэргийн ул мөрийг баллах хуурамч сервер ашигладаг нь ийм төрлийн гэмт хэргийг хөөн илрүүлэхэд мөш төвөгтэй байдаг ажээ. Тэр тусмаа Нигер улс Кибер гэмт хэрэгтнүүдийн хувьд диваажин буюу хамгийн таатай орчин гэж үздэг байна.

Be the first to comment

Leave a Reply