Хотын ахлах дунд сургуулиадад цагдаагийн К-9 анги ажиллаж эхлэв.

Өнгөрсөн долоо хоногт Арлингтон хотын Ерөнхий Боловсролын Сургуулийн захиргаанаас эцэг эхчүүдэд хандаж тус хотын ахлах болон дунд сургуулиудын орчинд хар тамхи, мансууруулах бодис илрүүлэх ажлыг тогтмол зохион байгуулж байхаа болсон тухай мэдэгдсэн билээ.Сүүлийн жилүүдэд Арлингтон хотын Ерөнхий Боловсролын Сургуулийн ахлах дунд сургуулиудын сурагчдын дунд мансууруулах бодисын хэрэглээ өсч, энэ нь хотын болон сургуулийн удирдлагуудын онц санаа зовоосон асуудал болжээ. Тиймээс хичээл тарсны дараа ахлах дунд сургуулиудын нутаг дэвсгэрт цагдаагийн К-9 ангийн үнэрч нохойн тусламжтайгаар мансууруулах бодис хайж илрүүлэх ажлыг эхлүүлээд байгаа юм.

Түүнчлэн хэвлэлүүдийн зүгээс гаргасан хүсэлтийн дагуу Арлингтон хотын цагдаагийн газар мэдээлэл гаргаснаас үзэхэд 2017 он гарсаар тус хотын сургуулиудын хүрээнд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 18 гэмт хэрэг бүртгэгдэж, зохих сэжигтэн холбогдогчдийг баривчлан саатуулаад байгаа ажээ.

Сургуулийн сурагчдын дунд мансууруулах бодисын хэрэглээ газар авч байгааг сурагчдын дунд нууцаар явуулсан санал асуулга, ярилцлага ч нотолж байгаа юм. Сурагчдын өгүүлснээр ахлах дунд сургуулийн сурагчдын дунд эмчийн жороор олгодог, чанд хяналтад хэрэглэх заавартай “Xanax”, “Adderall ” гэх мэт хүний сэтгэцэд хүчтэй нөлөөлдөг эмийн хэрэглээ өсч байгаа ажээ. Олон нийт, эцэг эхчүүдийн сэтгэл ихээхэн зовоож буй бас нэг ноцтой баримт нь мансуурах үзэгдэл дунд сургуулиудад давамгайлж байж болзошгүй үзэгдэл гэнэ. Мөн сурагчдад хар тамхи, мансууруулах бодис борлуулдаг, дамжуулдаг эх үүсвэр нь мөн л сургуулийн сурагчид өөрсдөө байж болохыг ч үгүйсгэхгүй байна.

Тиймээс эцэг эхчүүд, асран хамгаалагчид хүүхдийнхээ сурлага хүмүүжилд онцгой анхаарч, сургуулийн орчинд мансууруулах бодисын хэрэглээг таслан зогсооход сургууль болон хууль сахиулах байгууллагатай нягт хамтран ажиллахыг уриалжээ.

Мэдээг бэлтгэсэн Б.Төгөлдөр

Энэ вэбсайтад нийтлэгдэж буй аливаа мэдээлэл нь Арлингтон хот болон хотын Ерөнхий Боловсролын Сургуулиудын албан ёсны байр суурийг илэрхийлэхгүй. 

Be the first to comment

Leave a Reply