Мэрилэндэд 10 сарын 01-ээс шинэ хууль хэрэгжинэ.

Согтууруулах ундаа хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг багасгах үүднээс хөрш Мэрилэнд мужид 10 сарын 01-ээс зам тээврийн чангатгасан хууль хэрэгжиж эхлэх гэж байна.

Шинэ хуулиар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлөөр хариуцлага хүлээсэн этгээд өөрийн автомашинд амьсгалаар спирт тодорхойлогч төхөөрөмж машины асаагч системд суурилуулах ёстой болж байна. Өөрөөр хэлбэл согтуурлын зэрэг 0.08-с дээш заалттай зөрчил гаргагч өөрийн зардлаар машиндаа үлээх төхөөрөмж суурилуулах, эсвэл жолоо барих эрхийг нь 6 сараар хасах хариуцлага ногдуулахаар болж байгаа юм. Үлээх төхөөрөмжийг машинд суурилуулснаар жолоочийн амьсгалд согтууруулах ундаа илрээгүй үед машин асах боломж олгодог ажээ.
Мөн согтуурлын зэрэг тодорхойлох үлээх төхөөрөмжид шалгуулахаас татгалзсан жолоочид 9 сарын турш машинд үлээх төхөөрөмж суурилуулах, эсвэл жолооны эрхийг 9 сараар хасах шийтгэл ногдуулж байхаар ажээ. Өөрөөр хэлбэл үлээх төхөөрөмжид шалгуулахаас татгалзснаар тухайн жолоочийг согтуу гэж үзэж шийтгэх хуультай юм.
Мөн шинэ хуулиар насанд хүрээгүй хүүхдэд санаатай согтууруулах ундаа ашиглах боломж, нөхцөл олгох, улмаар насанд хүрээгүй хүүхэд үүний улмаас бэртэж гэмтсэн, зам тээврийн осолд өртсөн нөхцөлд тухайн эцэг эхэд 1 жил хүртэл хугацаагаар хорих ял оноохоор болжээ.
Согтуугаар жолоо барьсан зөрчил гаргасан жолооч давтан зөрчил гаргаж, үүний улмаас хүний амь хохирсон бол жолоочид 5 хүртэл жилийн хариуцлага ногдууллдаг байсныг 15 жил болгож, улмаар $15000 торгууль ногдуулахаар болж байна.
Замын хөдөлгөөний тухай хуулиас гадна хэд хэдэн шинэ хууль хэрэгжиж эхлэхийн дотор хөдөлмөрийн тухай хуулиар ажил олгогч нь ажилчин ажилчдыг өөрсдийн цалин хангамжийн тухай бусадтай хэлэлцэх, бусдад өөрийн цалинг мэдүүлснийг үндэслэж ямар нэгэн сөрөг арга хэмжээ авахыг хуулиар хориглож байна.

Be the first to comment

Leave a Reply