Холбооны Засгийн Газраас санхүүждэг Medicaid эрүүл мэндийн даатгалын хамрах хүрээг өргөтгөх (Цаашид Medicaid Expansion гэх) хуулийн төсөл Виржиниа мужийн хууль тогтоогчдын хэлэлцэх асуудлуудын тэргүүн эгнээнд багтаж байна.
Medicaid Expansion -д хамрагдах санаачлагыг байнга эсэргүүцсээр ирсэн Төлөөлөгчдийн Танхим дахь Бүгд Найрамдах Нам энэ удаад илүү зөөлөн байр суурь баримталж, төсвийн хуулийн төслийн хүрээнд зөвшилцөхөд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Хэрэв хуулийн төсөл батлагдвал Холбооны ядуурлын доод түвшингийн 138 хувиас ихгүй орлоготой Виржиниа мужийн оршин суугчид Medicaid эрүүл мэндийн даатгалд хамрагдах нөхцөл бүрдэх бөгөөд ойролцоогоор 300,000 гаруй иргэд хамрагдаж болох тооцоо гарчээ.
Бүгд Найрамдах Нам өнгөрсөн намрын сонгуулиар Виржиниа мужийн хууль тогтоох Төлөөлөгчдийн Танхим (House)-д 51-49, доод (Senate) танхимд 21-19 суудлаар олонхи болоод байгаа бөгөөд улс төрийн хүчний харьцаа бараг тэнцсэн нөхцөлд төсвийн хуулийг хуулийн хугацаанд багтаж батлах шаардлага тулгараад байгаа билээ. Төсвийн хууль парламентын хоёр танхимд олонхийн санал авч батлагдах ёстой юм. Тиймээс төсвийн хуулийг амжиж батлахын тулд улс төрийн хүчнүүд Ардчилсан Намынхны байнга дэмжиж ирсэн Medicaid Expansion хөтөлбөрөөр зөвшилцөлд хүрч магадгүй байна.
Төлөөлөгчдийн Танхимд яригдаж буй төслөөр жилийн орлого нь $16,753-с ихгүй ганц бие, эсвэл $34,638 ихгүй орлоготой 4 ам бүлтэй өрхүүд Medicaid даатгалд хамрагдах эрх үүсэхээр байгаа ажээ. Мөн тус даатгалд хамрагдахын тулд тодорхой цагаар ажил хөдөлмөр эрхэлдэг, эсвэл хөдөлмөр сургалтад хамрагддаг байх, даатгалын хураамжийн тодорхой хувийг төлөх чадвартай байх гэсэн холбооны Засгийн газраас гаргасан шинэ удирдамжийг баримтлах бололтой. Харин зарим тодорхой бүлгийн иргэдийг дээрх заалтаас чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгажээ. Хуулийн эдгээр гол заалтуудыг мужийн Амбан захирагч Ralph Northam (Ардчилсан Нам) сайшааж, цаашид дэмжинэ гэдгээ илэрхийлжээ.
Obamacare буюу Affordable Care Act хууль батлагдсан цагаас хойш мужийн парламент дахь Ардчилсан нам Medicaid Expansion -д хамрагдахаар удаа дараа оролдож байсан ч хууль тогтоох байгууллагад хэт олонхи байсан Бүгд Найрамдах Намын эсэргүүцэлтэй тулгарч байсан билээ.
Харин Сенат дахь Бүгд Найрамдахчууд өнгөрөгч Ням гарагт баталсан төсвийн туай хуулийн төсөлд Medicaid Expansion хөтөлбөр багтаагүй байгаа ч зөвшилцөх ажил үргэлжилж байгаа тухай Сенатын Санхүүгийн Хорооны дарга Emmett Hanger ярьжээ.
Дашрамд дурьдахад Виржиниа муж Medicaid Expansion -д хамрагдаагүй мужуудын нэг тул тус эрүүл мэндийн даатгалыг зөвхөн бага насны хүүхэдтэй, эсвэл нэн ядуу өрхөд олгодог тул хамрах хүрээ маш хязгаарлагдмал гэж үздэг.
АНУ-н 33 муж улс, үүний дотор Вашингтон ДС хот Medicaid Expansion хөтөлбөрт багтдаг бол хууль тогтоох байгууллагад нь Бүгд Найрамдах Нам давамгайлдаг мужууд энэ хөтөлбөрөөс татгалзсаар ирсэн билээ. Хэрэв Төлөөлөгчдийн Танхим, Сенатын Танхим зөвшилцөлд хүрч дээрх хууль батлагдвал Виржиниа муж Medicaid Expansion-д хамрагдсан 34 дэхь муж болох юм.
Leave a Reply
You must be logged in to post a comment.