Өчигдөр (Пүрэв гараг) АНУ-ын Ерөнхийлөгчийн хадам эцэг эх АНУ-н иргэн болж тангараг өргөв.
АНУ-д ногоон карттай оршин сууж байсан тэргүүн хадагтай Меланиагийн аав Виктор (Viktor), ээж Амалижа (Amalija) нар албан ёсоор АНУ-н иргэн болж тангараг өргөсөн тухай гэр бүлийн өмгөөлөгч Michael Wildes хэвлэлд мэдээлсэн юм.
Ийнхүү Ерөнхийлөгчийн Трампийн ихэд эсэргүүцдэг “Chain Immigration” -ийг ашиглан хадам эцэг эх нь иргэншил авч буй нь хэвлэлүүдийн загатнасан газар маажиж байгаа хэрэг юм.
Өнгөрсөн жил Ерөнхийлөгч Трамп АНУ-н иргэн болсон хүн хамаатан саднаа ногоон картад спонсорлодог явдлыг таслан зогсоох тухай ярьж эхлэх үетэй зэрэгцэн Меланиагийн, болон түүний эцэг эхийн цагаачлалын статусын талаар хэвлэлүүд идэвхтэй сонирхож эхэлсэн байдаг. Түүнчлэн 02-р сард анх Вашингтон Пост сонинд Ерөнхийлөгчийн хадамууд АНУ-н байнгын оршин суух эрхтэй, улмаар тэргүүн хадагтай эцэг эхээ спонсорлосон тухай мэдээлж байжээ.
Ногоон карттай иргэн АНУ-н иргэншилд өргөдөл гаргах эрх 5 жилийн дараа үүсдэг бөгөөд Меланиагийн эцэг эх чухам хэзээ АНУ-д ирж суурьшсан тухай тодорхой мэдээлэл байдаггүй ажээ. Хэвлэлүүдийн олж тогтоосноор Слованиа улсаас гаралтай дээрх хос 2007 оны сүүлчээр Ерөнхийлөгчийн Флорида дахь хувийн эдлэн Mar-a-Lago-д оршин суух бүртгэлтэй болсон байдаг гэнэ.
АНУ-н цагаачлалын Албаны тайланд дурьдсанаар 2016 оны санхүүгийн жилд АНУ нийт 1.2 сая ногоон карт олгосны 174 000 нь АНУ-н иргэний эцэг эх, төрсөн хүүхэд байжээ.
Ерөнхийлөгч Трамп “chain migration,” тогтолцоог эрс үгүйсгээд энэ нь гадаадын иргэд Америк ажилчдын ажлын байрыг булаацалдаж, ажилгүйдэлд нөлөөлөхийн зэрэгцээ үндэсний аюулгүй байдалд ч заналхийлж болох тул цаашид энэ явдлыг таслан зогсоох тухай мэдэгдээд байсан билээ.
Ийнхүү цагаачлалын талаар түүхэнд хамгийн хатуу бодлого барьж, ярьж буй Ерөнхийлөгч өөрийн эрс үгүйсгэж шүүмжилдэг цагаачлалын хуулийнхаа үр шимийг үзээд байна.
Цагаан Ордон энэ талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан бөгөөд энэ долоо хоногт Ерөнхийлөгч Трамп Нью Жерси дэхь эдлэндээ амарч байгаа ажээ.
Меланиа Трампийн аав Viktor Knavs 74,харин эх Amalija Knavs 73 настай ажээ.
CHAIN MIGRATION cannot be allowed to be part of any legislation on Immigration!
— Donald J. Trump (@realDonaldTrump) September 15, 2017
Leave a Reply
You must be logged in to post a comment.