Вашингтон ДС хотын метроны Удирдах Газар (WMATA) энэ төлөвлөгөөгөө удахгүй нийтэд танилцуулахаар бэлдэж байна. Тус газрын Ерөнхий Менежер Paul J. Wiedefeld-ийн мэдээлэлд дурьдсанаар хэрэв метро юм уу Metrobus-ын техникийн саатлын улмаас таны аялал 15 болон түүнээс дээш хугацаагаар саатсан бол тухайн зорчигчдын мөнгийг SmartTrip картад буцааж олгох тухай яригдаж байна.
Метроны төлбөр буцаан олголтод урьдчилж зарласан томоохон зам болон метро тэрэгний засвар арчилгаа, эсвэл цаг агаарын таагүй нөхцлийн улмаас зам, тэрэг саатсан тохиолдлууд хамаарахгүй бол MetroBus системийн автобусууд замын түгжрэлийн улмаас хоцорсон бол мөн мөнгө буцаан олголтод хамаарахгүй ажээ. Товчоор хэлбэл метро болон автобус (Metrobus) төмөр зам болон бусад техникийн эвдрэлийн улмаас хоцорч саатсан нөхцөлд зорчигчид мөнгөө буцаан авах эрхтэй бөгөөд мөнгөө ийнхүү буцаан авахын тулд ‘SmartTrip’ картын бүртгэлтэй хэрэглэгч байх шаардлагатай ажээ.
Энэ нь метроны удирдах газраас зорчигчдын тоог өнөөгийн түвшин барих, цаашид зорчигч үйлчилгээний тоог өсгөхөд чиглэсэн сүүлийн үед хийж буй томоохон идэвх санаачлагуудын нэг болж байна. Сүүлийн 10 жилийн турш метрогоор зорчигчдын тоо байнга буурч байгаа тооцоо гарсан байх бөгөөд 10 жилийн өмнө ажлын 1 өдөрт 750 000 орчим зорчигч метроны системээр зорчдог байсан бол энэ жилийн байдлаар энэ тоо 615 000-д хүрч буураад байгаа гэнэ. Судалгаагаар метроны аль нэг чиглэлд 30 минутаас дээш хугацаагаар саатал гарсны дараагаар метрогоор зорчигчдын тоо эрс буурч буй хандлага ажиглагддаг байна.
Дээрх шинэ журмыг тус газрын Удирдах Зөвлөлөөс эцэслэн батлагдсаны дараа олон нийтэд дэлгэрэнгүй танилцуулж, мэдээ, мэдээлэл хүргэх юм.
Leave a Reply
You must be logged in to post a comment.