Дөрвөн сайдын чимээ

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөртөө багтаан хуралдаж, дөрвөн сайдаа тодруулахаар болжээ. Удирдах зөвлөлийн хуралдааныг 11.00 цагт товлосон ч одоог болтол эхлээгүй байгаа юм.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын бүтцийг 13 яам, 16 сайд, 27 агентлагтай байхаар зураглан УИХ-д оруулж, батлуулсан. Харин Засгийн газрын бүрэлдэхүүн буюу 15 сайдын нэрийг өргөн мэдүүлэхэд дөрвөн сайдынх нь нэр олон нийтийн эсэргүүцэлтэй тулж, мөн Авлигатай тэмцэх газраас тэднийг ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн үндэслэлийг гаргасан тул Ерөнхий сайд буцаан татах шийдвэрийг гаргасан.

УИХ-д 65 суудалтай МАН-ын бүлгээр Засгийн газрын бүрэлдэхүүнээ бүрэн томилуулах эрх Ерөнхий сайдад бий ч олон нийтийн шүүмжлэлийг хүлээн авч, сэлгээ хийх шийдвэр гаргаснаараа Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд эрх мэдлээ хэрэгжүүллээ гэж тодорхойлж болохоор байгаа юм.

Нөгөө талаар Засгийн газрыг мэргэжлийн гэх агуулгатай нь уяхын тулд мэргэжлийн хэлээр ярьж чадах хүмүүсийг санал болгож, танхимаа бүрдүүлснийг сануулах улстөрч цөөнгүй байна.

Харин одоо дөрвөн сайддаа хэн, хэнийг нэр дэвшүүлэх вэ?. Эндээс Ерөнхий сайдын зангараг, эрх мэдэл илүү тодорно гэж харах улстөрч олон байна.
Хэвлэлүүдийн таамгаар Эрүүл мэндийн сайдад Хавдар судлалын үндэсний төвийн захирал Л.Төмөрбаатар, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад дэд сайд асан Ж.Сауле, Эрчим хүчний сайдад МАН-ын нарийн бичгийн дарга Т.Гантулга, Барилга хот байгуулалтын сайдад УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын нэр яригдаж эхэлжээ. Гэхдээ МАН-ын зүгээс өгч буй мэдээллээр дөрвөн сайдыг бүгдийг парламентын гаднаас санал болгоно, Ерөнхий сайд ийм зарчим барьж байна гэж тодотголоо. Үүгээр Барилга хот байгуулалтын сайдыг УИХ-аас санал болгохгүй болж таарч буй юм. Мөн зарим эх сурвалж Эрүүл мэндийн сайдад Ж.Цолмоны нэрийг дахин өргөн барина гэсэн мэдээллийг ч өгч байгаа.

УИХ-аас өнгөрсөн баасан гаригт Засгийн газрын 11 сайдыг томилсон. Одоо үлдсэн дөрвөн сайдаа парламентын гаднаас санал болгон томилуулж чадвал Ж.Эрдэнэбатын танхим 13 яам 16 сайдтай ажиллана.

Шинэчлэлийн Засгийн газар нь 16 яам, 19 сайдтай ажилласан. Нийт 19 сайдын 11 нь УИХ-аас томилогдсон давхар дээлтэй сайд нар байсан бол Мэргэжлийн Засгийн газрын 16 сайдын 6 нь давхар дээлтнүүдээр бүрдэх болж буй. Энэ нь давхар дээлтний тоог гурав дахин бууруулна гэсэн үг юм.

Г.ДАРЬ
Мэдээллийн эх сурвалж: news.mn

Be the first to comment

Leave a Reply