9 хүний амь хөнөөсөн алуурчин 18 настай хүү байжээ

Өчигдөр Германы Мюних хотод халдлага үйлдэж, улмаар 9 хүний амь хөнөөж 27 шархдуулсны эцэст өөрийгөө буудаж егүүтгэсэн этгээд 18 настай хүү байжээ. Ирани гаралтай Германы иргэн тэрээр нэгэн ахлах сургуулийн сурагч байсан бөгөөд ийм аймшигт хэрэг үйлдэх болсон учир шалтгаан одоогоор учир битүүлэг байгаа юм.
Урьд нь сэтгэл санааны дарамттай байдаг нь бусдад илт мэдрэгддэг байсан түүний гэр оронд нэгжлэг хийсэн хүчний байгууллага алан хядах бүлэглэлтэй холбоотой байсан гэх ямар нэгэн сэжиг одоогоор илрүүлээгүй байгаа юм. Гэвч гэмт хэрэгтэн энэ сэдвийг ихэд сонирхдог байсан нь ч тодорхой болж байгаа бололтой.
Гэмт этгээдийн нэрийг одоогоор олон нийтэд зарлаагүй бөгөөд ойрын гэрч нарын яриагаар тэрээр өмнө нь гарч байсан аллагуудыг илт дэмжсэн байр сууринаас хүлээж авдаг байсан гэх яриа ч эрх баригчдын анхаарлын төвд байгаа юм.
Гэмт этгээдийн хөршүүдийн яриагаар тэрээр дуу цөөтэй, сонин тарааж мөнгө олдог нэгэн байжээ. Тэрээр хэрэг үйлдэж байх үедээ өөрийгөө герман үндэстэн, ядуусын хороололд амьдардаг, надад буу бариад гарахаас өөр сонголт байсангүй гэж хашгирч байжээ. Тэрээр 9 хүн, түүний дотор McDonalds-д хооллож суусан хүүхдүүдийн амь егүүтгээд хэргийн газраас 1км гарны зайд өөрийгөө толгойн тус газраа буудаж амиа хорлосон байжээ.
Гэмт этгээд 9мм-ийн Glock маркийн гар буу ашигласан бөгөөд бууны бүртгэлийн дугаарыг хусч арилгасан байжээ. Одоо мөрдөн байцаагчид бууны гарал үүслийг илрүүлэхээр ажиллаж байна. Гэмт этгээдийн буунд чамгүй тооны сум үлдсэн байснаас гадна үүрч явсан үүргэвчээс 300 орчим сум олдоод байна.
Хэргийг мөрдөн байцаах ажил үргэлжилж байна.

Be the first to comment

Leave a Reply