Nestlé’ компани Арлингтонд нүүж ирнэ

Өчигдрийн Хотын Удирдах Зөвлөлийн хурлаар Nestlé’ компанийн төв байрыг Арлингтон хотын Рослин дүүрэгт шилжүүлэх зардалд 12 сая долларын урамшуулал олгохыг дэмжлээ.Шинэ бизнесийг дэмжих урамшууллын багцыг муж болон хотын сангаас тэнцүү хувиар гаргах журамтай тул дээрх журмын дагуу Виржиниа мужийн “Commonwealth Opportunity Fund” сангаас 6 сая долларын санхүүжил олгох юм.
Мужийн шинэ бизнес дэмжих сангаас буцалтгүй тусламж авахын тулд тухайн бизнес нь наад зах нь 36 сая долларын хөрөнгө оруулалт хийж 748 шинэ ажлын байр бий болгох шаардлага тавьдаг байна. Хотын зүгээс бизнес дэмжих урамшуулал олгоход мужийн шаардлагаас гадна тухайн бизнес нь хотын нутаг дэвсгэрт 205 000 хавтгай фитээс багаггүй талбай бүхий ажлын байр, офис түрээслэх шаардлага тавьдаг байна.
Дашрамд өгүүлэхэд хүнсний үйлдвэрлэл худалдааны томоохон фирм Nestlé’ компани АНУ дахь удирдах төв байраа Калифорниа мужаас манай хотын Рослин хотод баригдсан 35 давхар шинэ барилгад шилжүүлэхээр болсон билээ. Тус компани төв байраа нүүлгэн байршуулах явцад хотод 40 орчим сая долларын хөрөнгө оруулалт оруулах, хөрөнгө оруулалтыг дагаад 750 орчим шинэ ажлын байр бий болох тооцоо байгаа юм.
2013 онд ашиглалтад орсон Рослингийн “1812 N. Moore Street” хаяг дахь 35 давхар барилгыг үл хөдлөх хөрөнгийн “Monday Properties ” компани эзэмшдэг байна.
Вашингтон ДС орчмын хотууд томоохон бизнесүүд болон холбооны засгийн газрын гэрээт компаниудад үл хөдлөх хөрөнгө түрээслүүлэхийн төлөө ширүүхэн өрсөлддөг бөгөөд Арлингтон хот энэ чиглэлд ихээхэн анхаарал хүч зарцуулдаг. Үүний нэг жишээ нь Nestlé’ компани бөгөөд тус компани төв байраа нүүлгэн шилжүүлэхийн тулд АНУ-н 20 орчим хотоос Арлингтон хотыг сонгосон нь 12 сая долларын урамшуулалтай холбоотой юм.

Be the first to comment

Leave a Reply