Өнөөдөр 07 сарын 01-нд шинээр хэрэгжиж эхлэх хуулиуд

Өнөөдөр 07 сарын 01-нд хэд хэдэн мужид шинэ хууль үйлчилж эхэллээ. Ихэнхи муж улсуудын санхүүгийн жил 07 сарын 01-нд эхэлдэг тул урьд нь батлагдсан хууль ийнхүү санхүүгийн шинэ жилийн эхний өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлж байгаа нь энэ юм.Эдгээр шинэ хуулиудаас олны анхаарлыг төвд зүй ёсоор татаж буй хуулиудыг тоймлож байна.

Галт зэвсгийн хууль

07 сарын 01-ээс эхлэн Жеоржиа (Georgia), Канзас (Kansas), Теннеси (Tennessee) болон Иова (Iowa) мужуудад олон нийтийн газарт галт зэвсэг (Concealed gun буюу биедээ буу далд авч явах-цаашид галт зэвсэг гэж товчилно) авч явахыг зохицуулсан хууль хэрэгжиж эхэллээ. Тухайлбал Жеоржиа (Georgia), Канзас (Kansas) мужуудад иргэд/оюутнууд коллежийн кампуст, анги танхимд галт зэвсэг авч явахыг зөвшөөрч байна. Харин оюутны дотуур байранд галт зэвсэг эзэмших, хадгалах хориотой хэвээр үлдэх юм. Харин Теннеси (Tennessee) мужид зөвшөөрөлтэй буу эзэмшдэг иргэд ихэнх төрийн болон олон нийтийн байгууллагуудад буу авч явахыг зөвшөөрчээ. Харин тусгай хамгаалалттай, төмөр илрүүлэгч төхөөрөмжөөр шалган нэвтрүүлдэг байгууллага, объектуудад буу авч орохгүй буюу тухайн орон нутгийн эрх барих байгууллагын журмыг дагаж мөрдөж байхаар хуульд заажээ. Мөн нийтийн тээврийн зогсоол, соёл амралтын газруудад буу хориглох эрх орон нутагт нээлттэй байх юм.

Харин Иова (Iowa) мужид төрийн хууль тогтоох Капитол барилгад буу авч явахыг хуулиар зөвшөөрсөн бол тус муж даяар бүх шатны шүүхийн байгууллагуудын байранд буу авч явах зөвшөөрсөн заалтад мужийн Дээд Шүүх хориг тавиад байна.
Ийнхүү Бүгд Найрамдах засаглалтай мужуудад иргэдэд галт зэвсгийн ашиглалтыг чөлөөтэй болгох алхам хийгдэж эхэллээ.

Үр хөндөлтийн тухай хууль
Теннеси (Tennessee) мужид эмч нар хуулиар үр хөндөлтөөс өмнө 20 долоо хоногоос доошгүй ургийн амьдрах чадварт заавал эмнэлгийн тодорхойлолт гаргасан байхыг хуулиар зааж өгчээ. Мэдээж тухайн жирэмслэлт эхийн амь насанд аюултай гэж үзсэн нөхцөлд хуулийн заалт үйлчилэхгүй аж. Харин Өмнөд Дакота ( South Dakota) мужид өвчин мэдрэх хэмжээнд хүртэл бойжсон урагт үр хөндөлт хийсэн эмч нарт ногдуулах хуулийг шийтгэлийг, тухайлбал торгууль болон хорих хугацааг нэг дахин нэмж чангатгаад байна.

Виомин ( Wyoming) мужид үр хөндүүлэх эх нарт ургийн эхо дүрсийг харж, ургийн зүрхний цохилтыг чагнах боломж олгож байхыг хуульчилж өгчээ. Тус мужийн шинэ хуулиар үр хөндөлтөөр авсан ургийг судалгаа шинжилгээний зориулалтаар ашиглахыг хорьсон байна.

Харин Канзас (Kansas) мужийн үр хөндөлтийн тухай хуулиар эмч эрүүл мэндийн байгууллагууд өвчтөнд үр хөндөлт хийх эмчийн тухай дэлгэрэнгүй мэдээллээр хангаж байхаар заажээ. Үүнд эмчийн дадал туршлага, боловсрол, мэргэжлийн даатгал, сахилга батын тодорхойлолт болон тухайн эмнэлгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл зэрэг багтаж байна.

Харин Баруун Виржиниа (West Virginia) мужид насанд хүрээгүй хүүхэд үр хөндүүлсэн нөхцөлд эцэг эхэд мэдэгдэхгүй байх эмч нарын эрхийг хориглож, энэ үүргийг зөвхөн шүүгч гаргах эрхтэй болж байна.

Зам тээврийн салбар
Мужуудад хэрэгжих, эсвэл хэрэгжиж буй томоохон төсөл, бүтээн байгуулалтын ажлуудын санхүүжилтийг нэмэгдүүлэх үүднээс хэд хэдэн мужид шатахуун, тээврийн хэрэгсэлтэй холбоотой татварыг нэмэгдүүлж байна.

Жишээ нь шатахууны татварыг галлон тутамд Индиана (Indiana) мужид 1 цент, Монтана (Montana) мужид 4.5 цент, Теннэси (Tennessee) мужид 4 цент, Брауун Виржиниа (West Virginia) мужид 3.5 цент, харин Өмнөд Каролина (South Carolina) мужид 2 центээр тус тус нэмжээ.

Харин Оклахома ( Oklahoma) мужид өнөөдрөөс эхлэн тээврийн хэрэгслийн борлуулалтын татварыг 1.25 хувь нэмэгдүүлж байна.

Миссипи (Mississippi) мужид зөвхөн жолооч болон жолоочийн хажуугийн зорчигч суудлын даруулга зүүх хуультай байсан бол өнөөдөр хэрэгжиж эхлэх зам тээврийн шинэ хуулиар автомашинд зорчиж яваа бүх хүн суудлын даруулга зүүх ёстойг хуульчилж өглөө. Мөн тус муж улс жолоо барьж явах үедээ гар утсаар текст бичих нь замын хөдөлгөөний бие даасан зөрчилд тооцохоор хуульчилсан мужуудад нэгдээгүй байсан бол өнөөдрөөс эхлэн нэгдэж байна. Өөрөөр хэлбэл тус мужийн нутаг дэвсгэрт цагдаа хэн нэгэн жолооч жолоо барьж явах үедээ текст бичсэн гэж сэжиглэвэл шууд зогсоон шалгах боломжтой болж байна.

Харин Виржиниа мужид өнөөдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн зам тээврийн хуулиар жолооны курсуудийн хичээлийн хөтөлбөрт жолооч нар цагдаа зогсоосон үед ямар үйлдэлд хийх, хэрхэн цагдаатай харьцах тухай дэлгэрэнгүй заавар оруулахыг хуульчилж өгчээ.

Эрүүл мэнд

Аризона (Arizona) мужид үйл ажиллагаа явуулж буй ихэнх ажил олгогчид ажилчиддаа өвчний чөлөөг цалинтай олгож байх хууль үйлчилж эхэллээ. Ингэснээр тус муж улс ийм төрлийн хуулийн заалттай 7 дахь муж болж байгаа юм.

Шинэ Мексико (New Mexico) мужид сурагчдын сургалтын хөтөлбөрт тархины гэмтлийн хор хөнөөл, гэмтлээс сэргийлэх тухай хичээлийг хуульчилсан бол Кентаки (Kentucky) мужийн ахлах сургуулийн дасгалжуулагчид хэрэв сурагч тархи доргисон байх магадлалтай бөгөөд үзлэг хийх эмч байхгүй үед сурагчийг дахин тэмцээнд тоглуулахыг хуулиар хорьсон байна.

Эцэг эхчүүд эрүүл мэндийн зардлаа хянах боломжийг зохицуулсан хэд хэдэн хууль хэрэгжиж эхэллээ. Тухайлбал Миссури (issouri) мужийн хуулиар эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгчид хэрэв эцэг эх шаардсан нөхцөлд хүүхдийн эрүүл мэндийн үзлэг үйлчилгээ, эмчилгээний урьдчилсан төсвийг эцэг эхэд олгож байхыг хуульчилж өгсөн бол Калифорниа мужид бага насны хүүхдэд өөрийнх нь эрүүл мэндийн даатгалд хамаарахгүй өөр эрүүл мэндийн байгууллагаар эмчилгээ үзүүлэх бол заавал эцэг эхийн зөвшөөрлийг бичгээр авч байхыг хуулиар заасан байна.

Мөн жороор олгодог эмд донтох үзэгдлийн эсрэг зарим хуулиад хэрэгжиж эхэлсний дотор Кентаки (Kentucky) мужийн шинэ хуулиар эмч нар өвчин намдаах эмийн жорыг гурван өдрийн хэрэглээнээс хэтрүүлэхгүй байхаар зааж өгчээ.

Харин Виржиниа мужид хэрэв эмч өвчин намдаах эм тариаг 7 өдрөөс дээш хэрэглэх хэмжээгээр жороор олгох шаардлагатай бол мансууруулах бодисын мэдээллийн сангаас тухайн өвчтөний мэдээллийг шалгаж байхыг хуульчилж өгсөн байна. Мөн Виржиниа мужид “Syringe exchange program” хөтөлбөрийг анх удаа хуульчилж өглөө. Энэ хөтөлбөрийн хүрээнд тариа байнга хэрэглэдэг өвчтөнд ашигласан зүү тариурын оронд шинээр үнэгүй зүү тариур олгох хөтөлбөр юм. Энэ нь зүү тариураар халдвар тархах эрсдлийг багасгах бодлогын хүрээнд АНУ-н өөр хэд хэдэн мужид хэрэгжиж байгаа хөтөлбөр юм.

Ийнхүү өнөөдөр 07 сарын 01-с эхлэн ихэнхи мужуудад шинэ хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ.

Анхаар: Энэ мэдээ нь зөвхөн мэдээллийн чанартай бөгөөд эрхзүйн ямар нэгэн зөвлөгөө болохгүй.

Be the first to comment

Leave a Reply