Ерөнхийлөгч Доналд Трамп болон Конгрес дахь Бүгд Найрамдах Намын удирдлага Обама гэх тодотголтой эрүүл мэндийн багц хуулийг хүчингүй болгох, өөр хуулиар орлуулах амлаад байсан.
Улмаар энэ амлалтад хүрэхэд тун ойртож, Обамагийн эрүүл мэндийн даатгалын хэд хэдэн амин заалтыг өөрчилсөн хуулийн төсөл боловсруулж санал хураалтыг өнөөдөр хүртэл хойшлуулаад байсан юм. Харин өнөөдөр Конгресийн Төлөөлөгчдийн танхимын нэгдсэн хуралдаанаар хуулийн төслөөр санал хураахаас хэдхэн минутын өмнө БН-н дарга Paul Ryan мэдэгдэл хийж, шинэ хуулийн төслийн санал хураалт хангалттай дэмжлэг авч чадахгүй нөхцөл үүссэн тул хуулийн төслийг эргүүлэн татахаар шийдсэн тухай зарлав. “…Бид зорилгоо биелүүлэхэд тун ойртсон ч саналын тоо маш цөөхөн тоогоор дутлаа..” гэсэн утгатай мэдэгдэл хийсэн юм.
Улмаар Ерөнхийлөгч Доналт Трамп шуурхай мэдэгдэл хийж, шинэ эрүүл мэндийн хуулийн төсөл хангалтай санал авч чадаагүйг хүлээн зөвшөөрөөд Ардчилсан намын гишүүд дэмжээгүй нь ийм нөхцөлд хүргэсэн тухай дурьдаж байв.. Тэрээр “…одоо нэгэнт дампуурч буй Обамагийн хууль бүрэн дампуурч унахыг л хүлээх үлдэж байх шиг байна….” гэж мэдэгдсэн нь тухайн хуулиар ойрын хугацаанд дахиж “оролдох” төлөвлөгөө намд байхгүйг харуулж байгаа юм. Мөн Бүгд Найрамдах намын дотор ерөнхийлөгчийн дэмжлэг бага байж болохыг харуулсан нотолгоо болсон тухай ч зарим ажиглагч тодотгож байна.
Ийнхүү эрүүл мэндийн салбарыг ихээхэн хөдөлгөөнд оруулаад байсан шинэ хуулийн төсөл санал хураагдахаас өмнө “амьсгал хурааж” одоогийн Обамагийн эрүүл мэндийн даатгалын хууль хүчин төгөлдөр хэвээр үйлчлэхээр болж байна. Өнөөдрийн үйл явдал БН-н удирдлага, Ерөнхийлөгч Трамп нарын хувьд улс төрийн ялагдал байлаа. Доналт Трамп бүхнийг өөрийн хүссэнээр гэрлийн хурдаар өөрчлөх боломжгүй гэдгийг, мөн улс төр бизнесийн ертөнцөөс өөр гэдгийг ойлгууллаа гэсэн тайлбарыг цөөн бус мэдээллийн хэрэгслүүдээр яригдаж байгаа юм.
Дашрамд дурьдахад Обамагийн эрүүл мэндийн даатгалын хууль 2010 онд Бүгд Найрамдах намаас нэг ч санал аваагүй ч Ардчилсан намын бүрэн дэмжлэгтэй батлагдаж байсан билээ.
Leave a Reply
You must be logged in to post a comment.