Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын энэ сарын сүүлээр АНУ-д айлчлалын талаар АНУ-ын Цагаан ордон мэдэгдэл гаргажээ.
Тус мэдэгдэлд “АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2019 оны долдугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгыг Цагаан ордонд хүлээн авч уулзана. Энэхүү айлчлал нь АНУ, Монгол Улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хоёр орны хөгжил цэцэглэлт, аюулгүй байдал, найрамдалт харилцааг бэхжүүлэхэд чиглэгдэнэ.
Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар Энэтхэг, Ази Номхон далайн бүс нутгийг тогтвортой байлгах, хоёр орны тогтвортой түншлэлийг хангах зорилготойгоор батлан хамгаалах, аюулгүй байдал, худалдаа, хөрөнгө оруулалт, тусгаар тогтнол, хууль дүрмийг сахин дээдлэх зэрэг асуудлыг нээлттэй, чөлөөтэй хэлэлцэнэ” гэсэн байна.
Монгол-АНУ-ын харилцаа:
- 1987 I сард хоёр улс дипломат харилцаа тогтоов.
- 1988 VI сард Улаанбаатар хотноо АНУ-ын Элчин сайдын яам албан ёсоор нээгдэв.
- 1989 III сард Вашингтон хотноо Монгол Улсын Элчин сайдын яам албан ёсоор нээгдэв.
- 1990 Монгол Улсын Ерөнхий сайд Д.Бямбасүрэн АНУ-д айлчлав.
- 1990 VIII сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер Монгол Улсад айлчлав.
- 1991 I сард П. Очирбат АНУ-д айлчлал хийсэн Монгол Улсын анхны Ерөнхийлөгч болов.
- 1991 VII сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер Монгол Улсад хоёр дахь удаа айлчлав.
- 1995 Тэргүүн хатагтай Хиллари Клинтон Монгол Улсад айлчлав.
- 1996 XI сард Ерөнхийлөгч П. Очирбат АНУ-д хоёр дахь удаагаа айлчилж, Ерөнхийлөгч Клинтонтой уулзав.
- 1998 V сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Маделин Албрайт Монгол Улсад айлчлав.
- 2004 VII сард Ерөнхийлөгч Н. Багабанди Вашингтон хотноо айлчилж, Ерөнхийлөгч Жорж Буштай уулзав.
- 2005 XI сард Ерөнхийлөгч Жорж Буш, тэргүүн хатагтай Лора Буш, Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райсийн хамт Монгол Улсад айлчлав.
- 2007 X сард Ерөнхийлөгч Н. Энхбаяр АНУ-д айчилж, Ерөнхийлөгч Жорж Бушийн хамт Цагаан ордонд Мянганы сорилтын сангийн компакт гэрээнд гарын үсэг зурав.
- 2011 VI сард Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж АНУ-д айлчлал хийж, Ерөнхийлөгч Обаматай Цагаан ордонд уулзав.
Эх сурвалж: WHITE HOUSE.GOV
Leave a Reply
You must be logged in to post a comment.