Бага сургуулиудын завсарлагын хуваарьт өөрчлөлт орно

Виржиниа мужид энэ оны 07 сарын 01-нд хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Боловсролын тухай шинэ хуулийн хүрээнд төрийн өмчийн сургуулиудын их завсарлагын журамд өөрчлөлт орж байна.

Шинэ хуулинд зааснаар бага сургуулиудын сурагчдын хичээлээс гадуурх чөлөөт (их завсарлага) завсарлагын цагийг нэмэгдүүлэх боломжийг олгож байгаа юм. Тиймээс тухайн хуулийн дагуу Арлингтон хотын бага сургуулиуд энэ 2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн бага сургуулиудын сурагчдын чөлөөт завсарлага 30 минутаас багагаггүй байхаар шийдсэн нь бага сургуулиудын чөлөөт завсарлагын цаг мужаас тогтоосон албан сургалтын цагийн 15 хувиас багагаггүй байх шаардлагад нийцэж байгаа юм.

Хуулинд тодорхойлсноор “unstructured recreational time” буюу чөлөөт завсарлага нь сурагчдын бие хүний хөгжил, нийгэмших ур чадвар, биеийн хувьд чийрэгжихэд зайлшгүй шаардлагатай цаг гэж үзэж байна. Энэ чөлөөт завсарлагын цаг нь сургалтын хөтөлбөрт орсон бусад биеийн тамирын хичээл, спортын арга хэмжээтэй хамаарахгүй бөгөөд өөрөөр хэлбэл биеийн тамирын хичээлийн цаг, хуваарьт өөрчлөлт орохгүй ажээ.

Виржиниа мужийн бусад хот, дүүргүүдэд ч дээрхтэй төстэй өөрчлөлтийг энэ жилээс хэрэгжүүлж эхлээд байна.

Дашрамд дурьдахад Арлингтон хотын төрийн өмчийн Цэцэрлэгээс -2-р ангиудад биеийн тамирын хичээл 7 хоногт 60 минутаас багагаггүй, харин 3-5-р ангиудад 7 хоногт 90 минутаас багагаггүй байх журамтай билээ.

Be the first to comment

Leave a Reply