Гүнж

Хэрлэн-Барс хотоос тэр жил Эгэл олны зориг бадарсан
Хэдийн санасан сүм юутай хол Yнэгэн харанхуйгаар гараад
Намрын өдөр даан ч богино Yзэж дайрахыг зорьтол
Намайг яаран довтолж явтал, Түлээний балар замаар
Гүнж чиний сүмийн тэнд Түнэр харанхуй болж
Гүн шөнө үүлэн чанадаас Санасанчилан хүрвээс,
Эвдэн нураасан хэрэм Саран гэнэт гарч гийлээ

Эзэнгүй өнчин хуучин сүм Ухаж бузарласан булш

Шуугих хөгшин модон
Унаж хөсөрдсөн хөшөө
Шуналт хар харгисыгзүхэж,
Ширчигнэх шөнийн жавар
Сүүмэлзсэн саран гэрэлд
Шийтгэхийг нэхэх мэт,
Сүмийн нураг түмэн гунил,
Юутай гашуун үзэгдэл

Хааны хатуу зарлигаар
Юутай гаслантай вэ
Харгис төрийн бодлогоор
Эр нөхрөө хороолгосон,
Гаслангаар нөхцсөн гүнж,
Зовлонт эх хань чамайг
Гашуун түүхээс чинь дурдаж,
Зовон энэлснийг санан бодоход

Эзэрхэг харгис төр сөнөж,
Yүрдийн жаргалын нар мандан
Эрх чөлөөтэй монгол үүсэн
Yнэн ёсыг дээдлэн хүндэтгэж
Алсын Кремлийн уриа цууриатаж,
Хүн хүндээ нөхөр хань
Ард түмэн ард түмэндээ
Хүсэлт ах дүү болж

Эв хамт ёсыг туслан бүтээж,
Санаа хүч нэгтгэн байгуулах
Сайхан эрин юутай бахтай

Өгүүлэх ину:тотгоны бүслүүрээс өрхийн оосор аяархан тайлах шиг болж дээвэр дээгүүр нэг хоёрын зэрэг пид пад хийгээд, уг татсан хүн хэдий болгоомжловч, баахан чимээ эрхгүй гаргаад, өглөө бүр тогтмол гардаг тэр дуу чимээнээ гүнж хэдийн дассан тул сэрээд нүдээ нээлгүй чагнан хэвтэж байлаа.
Уудам их хээр талын монголчууд, хан харцгүй эртлэн босдог тул, манж дайчин улсын богд эзэн хааны гүнж ч гэсэн, монгол газраа Дархан чин ван Дондубдоржийн хатан болж, их ямба эрхтэй хүрч ирсэн авч, улс монголын тэр ёсыг зөрчилгүй, өглөө эрт өргөөний өрх сөхөхөд татгалздаггүй, аягач хаалгачийг манасан гал түлэхэд хориглон хойшлуулдаггүй, газрын ёс, нутгийн заншилд нийлүүлэн дагах тул, шаа хөшгийн цаанаас чагнан хэвтвээс, өрх аяархан сөхөгдөж, торгоор бүрхсэн эсгий үүдийг хүн чимээгүй өргөсхийн орж ирэх шиг боллоо.
Зөөлөн ултай монгол гутал ширдэг хивс дээгүүр гишгэлэхэд шар шар хийх чимээ, их өргөөний мөөрөн шалын мод, гэрийн ханын мод, сайхан сийлбэртэй зандан монгол орны модоор дамжин, гүнжийн чихнээ дэр нэвт нэн тодхон сонсдож, алхах хөдлөх тэр чимээгээр хайртай аягачин Сувд хүүхнээ хэдийн таньжээ.
Эр нөхөр, энхрий үрээ гашуунаар алдаж бие сэтгэлийн зовлонд нэрвэгдсэн эзэгтэйгээ ээлж жасаа оногдсон хоногтоо нэнд хичээнгүйлэн үйлчилдэгий нь гүнж эс андах тул, өрх сөхөж гал түлэхийн өмнө, дээрээс буух жигүүн хийд цохиулуузай гэж, хөнжил унжсан байвал алгасалгүй үзэн засдаг заншилтайг мэдэх учир, нүд анин, унтагч болон хүлээдэг үнээр, чимээ гаргаж сэрээхгүй гэж машид болгоомжлон гүнжийн лавиртай орны өмнө хүрч ирээд, шаа хөшигний хормойноос дарамт болгож зүүсэн алтан чимэг аяархан хангинасхийж, торгон хөнжлийн унжсаныг чимээгүй засах байдал мэдэгджээ.
Тэгээд нэгэн хэсэг чимээгүй болсонд, чагнатал гүнжийн өөрийн амьсгаа, Сувдын зогсож аяархан амьсгалах чимээ сонсдож, гүнж өөрийн богино амьсгалыг түүний талбиун амьсгалж байгаатай зэрэгцүүлж бодвол, юутай урт уужим амьсгаатай хүн бэ. Тийм сайхан цээж хэнхдэгтэй хүн, ийм сайхан амьсгаатай байх нь аргагүй, түмэн зүй гэж бодонгуут, түг-түг түг-түг түг гэж жигдгүй цохилох зүрхнийхээ цохилтыг дэрэндээ наалдуулан хэвтсэн чихэндээ сонсож, Сувдын эрүүл эсэн зүрх, өвчин зовлонд нэрвэгдсэн миний энэ хөөрхий муу зүрхний түгшиж байгаагийн дэргэд том хэнгэрэг цохиж байгаатай адил байна даа гэж бодтол, модон шал, модон ороор дамжиж гүнжийн зүрх цохилох чимээний хажуугаар бас нэг юм лүг, лүг лугшиж байх мэт. Атар газрын цэцэг, арван тавны сар шиг энэ сайхан монгол охины эрүүл саруул биеийн цэвэр сайхныг бодоход чийрэг эсэн зүрхний нь лугшин цохилох нь санаа дагаж чихэнд минь дуулдав уу? гэж бодож хэвтэхэд нь тэр маш гоо сайхан биетэй, бундгар сайхан хөхтэй цогтой хүрэн улаан царайтай, интоор мэт улаан уруултай, гялалзсан галтай торомгор хар нүдтэй зурмал мэт сайхан хөмсөгтэй ихэмсэг мэт бөгөөд хөөрхөн сайхан монхор хамартай, хүсэх мэт орь залуугийн үзэсгэлэнт төгс Сувдын бие, аниатай, нүдэнд нь ив илхэн үзэгдэх мэт санагдаж энэ жаал хүүхэд хүртэл намайг өрөвдөн харж байна гэж бодохунаа хүнд муугаа үзүүлж муухайгаа дуудуулах дургүйих төрийн эм хүний сэтгэл нь хөдөлж, Сувд, намайг бүү хар, намайг бүү хар бүү өрөвд! гэж хашгирмаар авч биеэ, барьж огт ажиггүй болбаас, Сувдын сэмхнээ сүүрс алдах чимээ сонсдож, шаа хөшгийн хормойн алтан чимэг үл мэдэг хангинасхийгээд ширдэг хивс аяархан ширчигнэж алхах чимээ гарч, тулганд аргал өрж сэмхэн үлээх чимээ гарлаа.
Тэгтэл удалгүй аргалын үнэр ханхалсхийгээд, өргөө гэрийн том үүд сөхөсхийн өргөгдөөд, босгоноо аяархан пад хийж буух чимээ гарсанд, шаа хөшгийг халхлан сүүдэрлэсэн хүүшнээс харваас, их өргөөнөө нэг ч хүн үгүй. Ган тулганд аргалын гал чимээгүй бадран асаж илч нь гүнжийн орноо шаа нэвт харван тусах нь мэдэгдэм бөгөөд маш таатайхан ажам.
Их өргөөний баруун талд Дархан чин ван Дондубдорж агсаны суудаг асан олбог ширээний цаана цацагт лавирын дор гоё монгол ор, малгайн тавиур эзэнгүй өнчрөн, дэрийн дэргэдэх бяцхан ширээнээ баримтагтай дугтуйтай хэдэн ном, мөнгөн дугтуйтай бийр, бэхийн зууруул, бичгийн мод хураалтай байгааг үзвэл, эзэн нь гар хүрээгүй удсан шинжтэй.
Өргөөний хойморт таван өнгийн торгоор тун чадалтай зохицуулж хийсэн лавирын дор гайхам уран сийлбэр таван өнгийн будаг, алтаар янзалсан үзэсгэлэн төгөлдөр монгол гүнгэрваанаа өвгөн хутагт өндөр гэгээний өөрийн мутраар бүтээсэн цутгамал зурмал нандин бурхан цөм гэгээнээс Дархан чин ванд бэлэглэн өгсөн зүйл! Бас өвгөд дээдсээс уламжлан ирсэн монгол, нангиад, энэтхэг, төвд, Балба, Мармаа солонгос урчуудын бүтээсэн алтан суварга чодан монгол батад агч буюу Ставира ч хэмээн энэтхэгээр нь нэрлэдэг бөгөөд, хожим лам нар монгол хэлээ хоёрдугаар зэргийн хэл гэж нэрлэдэг болсон арван зургаан архадын гайхам уран цутгамал дүр, гоё хүрд, наймантахил, хонх очир, гал мандал бадарсан гурван толгойтой гурвалжин суурь тосгууртай, орой дээрээ очиртой тагтай алтан гавал хас тэнигэр, алтан мөнгөн хүрэл, зандан зааны соёогоор хийсэн найман тахил, есөн эрдэнэ, хүжний онгоц, боипор, хүлис, бумба, хажуу талаас нь ташуурлан харвал догшидын дүр маш нарийн сийлсэн нь үзэгдээд, эгц урдаас нь харахад шулга гилгэр өнгөтэй хүрэл толь, дуугаа хэд дахин авалцдаг сонин хийцтэй монгол дэншиг, есөн эрдэнийн шигтгээтэй, бишгүүр зэрэг тахилын хэрэгсэл зарим нь Дархан чин вангийн орчим үеийн урлал боловч хоорондоо бахтай гайхам зохилдож их өргөөний сонин гоё чимэг болсон нь хэдийвээр азийн өөр хэл сурталтай, харилцан алсалсан улсад урьд хожим бүтээсэн зүйл боловч уг сурвалж нь нэгэн их төвөөс тэдгээр бүх улсад цацран түгэж нийтийн соёлын хүртээл нь болоод, үлгэр сайхан домог ариун санаа, чин зорилоор тэдгээр улсын олон үеийн уран бүтээлч авъяас их билэгтийн уран сэтгэлийг хөгжөөж саналыг бадруулсан сонин шинж байдал илэрхий бөгөөд тэр олон үеийн улсын урчуудын өв тэгш сайхан бүтээлийн дээжээс ингэж хооронд нь бахдам таатайгаар зохилдуулан нэгэн бүрэн бүтэн иж болгож өргөө гэрээ чимсэн эзэн нь улс түмний урлагийн зүйлийг танин эрхэмлэдэг сүрхий өндөр их соёлт улсын бичгийн хүн байж дээ гэж таашаан үзмээр.
Гагцхүү, тэр өргөөг тэргүүлж байгаад эзэнгүй болсны хачин шинж, юм юманд нь үзэгдэн, гал голомтондоо аргалын гал бадраасан ган тулгатай, хоймортоо ном тахилтай, авдар үхэгтэй зүүн баруунаа ор, олбог суудалтай үүдний зүүн талд сонин сайхан эргэнэг, угаагуур баруун талдаа эзний эмээлийн тавиур сэлт тохилог өргөө гэрийн хэрэгсэл буй авч, амь оруулдаг сүнс нь үгүй болсон юм шиг Гүнжийн нүдэнд аа хулхаа, хангай хоосон болсон ч юм шиг өргөө дүүрэн юм бүр нь эзнээ үгүйлэн өнчирсөн ч юм шиг, санагдаж аягүй эвгүй мэт үзэгдэж, зүрх шимшрэх мэт болжээ.
Өглөөний намуун сайхан тэр үеэс, их өргөөнөө шаа хөшгийн цаана хэвтэж байгаа гүнжийн бие туранги болсон нь хөнжлийн цаанаас мэдэгдэж сэтгэлийн зовлон биеийн өвчнөө нэрвэгдсэн бөгөөд, нар салхи ерөөс төдий л үзээгүй хот суурин газрын хүний байдалтай ядарсхийсэн цонхигор цагаан царайд нь урьд сүрхий үзэсгэлэнтэй асан шинж илэрхийн дээр хөмсөг, аньсан нүд, жимийсэн нарийн уруул, монхордуу шиг хамрын нарийн самсаанаа үе улиран хүн захирч сурсан удамтай шинж бүхүйг нарийчлан ажиглах ахуул, монгол үлгэр туульд Дайван хаан гэж гардаг нангиад Дайман улсын төрийг мөхөөж, улсын цолыг дайчин гэж халсан хамниган гаралт манж нарын хаад, луугийн ширээнээ сууж, төр эзэлсэн цагаас хойш эртний монгол хаадын Алтаг ураг гэдэг Хийод яст Боржгин омогтны үр нь бөгөөд нангиад түмний олон мужийн аль цэвэр эмс охидоор эхнэр хийж, үе дамжсаар урьд цагт Хянган нуруу Голмин шаньян алин гэдэг Урт цагаан уулын хөвч сарьдгаар хэрэн нутаглаж, урцад оршин суудаг асан өвгөд дээдсийнхээ ан занг халж, нангиадын хөх шавар тоосгон орд харшид суух болсоор, урьд зуны ээм халуунд халж, өвлийн тасхийм хүйтэнд хөрж урцан дахь задгай гал, ойн цоорхой түүдгийн утаанд нялх нярай, үйсэн өлгийтэйгээс утуулж байдаг хөрстэй хүрэн царай нь давуу соёлт нангиад монгол нагац нараа даган өөрчлөгдөж, алах талах ан олз шагайж явдаг ойн гөрөөчний номгүй догшин ширүүн нүүр, нүд нь ондоо болж ирээд ямба нь хэтэрч яс нь зөөлөн булбарай, эрх танхил бол болсоор, манж хааны ураг төрөл, дайчин улсын нагац гэж Айсан Гиоро омогтонд охид эмсээ хатан татвар болгодог манжийн сурвалжит омог Йехе нарын зээ нь байна гэж гүнжийг Айсан Гиоро омогтой хүрэн бүстэн, Йехерана омогтой улсын нагац нарыг үзсэн хүн андахгүй таних асанжээ. Yүнийг үл өгүүлэн, өгүүлэх ину:
Их өргөөнөө гоё ган тулганд хөх аргал дүрэлзэн асан, таатай халуун илч нөлөө нь зүг бүр түгэн өрхөөр гаднаас атар монгол хээрийн өглөөний өвс навчны үнэр ханхлан орж ирээд, алсын адууны унгалдах, болжморын жиргэх нь гүнжийн чихнээ сонсдож монгол газар он удаж, хэдийн дасал болсон эл дуун чимээний зүйлийг чагнанхан, хагас зүүрмэглэн, хагас сэрүүн ах байдалтай, нүд аньсан хэвээр хэвттэл, хөндий цээжнээ элдэв бодол төрж зүүдэн адил юм санагдаж, алин ану зүүд, алин ану цээжний болохыг ялгахуйяа бэрх болжээ. Yүнээ эртний нангиад гүн ухаантан Жуанз, эрвээхэй болж нэгэн өдөр зүүдлээд, сэрэнгүүт эрвээхэй нь бий юү? би нь эрхээхэй юү? гэсэнтэй адил болох нь шив дээ гэж бодтол зүүднээ мэт инээмсэглээд Жуанзыг санасны замаас бага насаа Бээжин дэх орд харшид өдөр бүр тайлбарласан дөрвөн бичиг Амбалингу эмэг эхийн авгаар заалгаж байсан нь гүнжийн сэтгэлд нь оржээ.
Том усан болор шил зүүж, бичгийн хүний малгай өмссөн тэр өвгөн багшийн хичээл зааж суухад хүр хорхой хэвтсэн адил өтгөн хөмсөгтэй, ширүүн царайтай, ихэмсэг сүрлэг байдалтай эмэг эх хааяа орж ирээд ач охиноо сүрхий хардаг байсныг бодоход, хөшгийн цаанаас одоо чиг ширтэн харж байгаа юм шиг дотор сонин боллоо. Yүнээ гайхаж, нүд нээсхийтэл, орон дээрхи лавири, орны хажуу дахь шаа хөшиг, түүний цаагуур улаан унь, цагаан эсгий дээвэр харагдаад, аль хэдийн нас элэгдсэн Амбалингу эмэг эхийн сүртэй дүр, нүд ирмэх зуур үл үзэгдэх болбай.
Гүнжийн сэтгэл элий балай мэт болж, элдэв шалдав эрт дээр өнгөрсөн юм санаанд ор орсоор, насан залуу, гэнэн цагаан ах үес, дөрвөн бичиг таван номын үсэг утгыг авга багшаар заалгаж, бичгийн сурлагаар бусад олон эхийн гүнжийг огт дагуулахгүй болсондоо бахдаж явсан нь саяхан шиг санагдах бөгөөд, богд эзний хувийн өтгөс сайд, гадаад Монголын төрийг засах бодлогонд хэрэглэсээр санал нийлэн, айлтгаж, зарлиг ёсоор болгосон мэдээ сонсонгуут эцэг эхийн ач хариулж, өвгөд дээдсийн өмнө шударга журмыг гүйцэтгэнэ гэж бодон явснаа нэхэн санахад юутай гашуун. Биеийг бусад олон гүнжээс илүү хувьтай гэж бодсон юутай эндүүрэл.
Ордон дахь манж эмэгтэйчүүд нангиадыг бодвол, ой хөвч, тайга сарьдагийн хамниган манж гөрөөчин аймгийн эрхтэй чөлөөтэй байдлаас нилээд үлдэцтэй нангиад эмэгтэйн адил, хөлөө бага бачраас боохгүй, явах харьцах нь хүртэл илүү чөлөөтэй авч, Мин улсын хаадын ордон дахь журам нангиад гэр бүлийн чанд ёс, мөн нөлөө үзүүлж, ордноо хааны өчнөөн төчнөөн бага хатан Фэй, татвар эмс, тайган хэмээх агт хүмүүсээр харгалзуулан дэмий л уйтгарлан сууж, ордны гортигоос гадагш гарахгүй, юм үзэхгүй идэх уух, энэ тэр дотоод гэрийн хов жив хөөцөлдөх төдийхөн хөл хорьсон битүү аж байдал, бүрхэг явцуу мэдлэгтэй агаад, олон эхийн гүнж дотроос ямар нэгийг эзний хувийн сайдын, санал төрийн бодлогоор дайчин улсын ямар нэгэн гадаад аймгийн төрийн эрс зүтгэлтнээ сэтгэлий нь нааж татах буюу эрхшээлдээ оруулах гэж гэргий болгон төрийн барилдлагаар атган баримтлахыг тогтмогц тэр далд мэдээ эчнээ шийдвэр төдхөн задарч дотоод ордноос нэг хэсэг гагц шивэр авир ярилцдаг байжээ. Оюун царай болхидож, төрийн бодлогоноо үл хэрэглэх учир ордны ёроолд нас өтөлж эр ч олдохгүй, тайганд ээрүүлэн өдөр хэрхэн өнгөргөхийг мэдэхгүй, дэмий л сэм, тайгачуулыг хахуулилан заяа бодогч төлөгч эмсээр зүүдээ тайлуулж, заяагаа бодуулж сэтгэлээ сэргээн, энэ тэр арга дом хэрэглэн цаг түлхэж, өдөр өнгөрөөж төлөгч заяа бодооч эмсээс шар хотын хэрмийн цаана, дөрвөн далайн хооронд юу болж байгаагийн элдэв цуурхал сонсож түүгээрээ дэлхий дахины байдлыг танин мэдэв гэж суудаг ордны ёроол сахисан хөгшин гүнж, өтөлж яваа олон бага хатад цөм өдрийн од мэт ховор тэр тохиол, гүнжийг гадаад аймгийн сурвалжтанд бэр буулгах явдлыг их л шохоорхдог ажээ.
Залуу гүнж цөм тэр хөгшин гүнж, эмгэрч яваа бага хатны хүрээнд орших тул, тэдний адил ордны хоригдол болохгүй асан, гадагш гарч хүн болж төрсөн завшаанаа бүрэн эдлэх асан гэж, ордны дотоод байдал суудалтай танилцаж юм ухаарах оюуны ам нээгдэх бүр хүсэн байдаг байжээ.
Монгол сайд Дархан чин ван Дондубдоржид гүнжийг хатан болгож сайдыг, дайчин улсын дөрөвдүгээр тавнан “Гүрэн -и эфү болгох чимээ ордноо цахилгаан мэт хурдан түгэж, бага хатад, гүнжийн эх Амбалингу эмэг эхэд нь баяр хүргэцгээж, тэр монгол сайд ямар хүн бол? Залуу сайхан эр үү? Тэгвэл гүнж их заяатай ажээ. Хөгшин бөгөөд царай муутай муухай хүн үү? Тэгвэл гүнж хөөрхий болжээ: Зарлиг дагахгүй байж үл болно. Хөгшин эрийг голох эрх ордны дотоод журамд байдаггүй гэж шив шивнэлдэн гүнжээс тэр хувь заяат хүнээ үзэв үү? Yзэж бараагий нь харж, дөрөвдүгээр эфүгийн байдлы нь мэдэх өдөр ойр уу гэж дотоод ордноо өдөр тутмын уйдам тогтмол хэмжжээт байдал, залхууравч зайлшгүй хэвшлээс ангид сонин явдал тохиолдсонд хатан Фэй, бусад гүнж сонирхоцгоосонд, гүнж өөрөө ч сэтгэлы нь орчин олны эрхшээл нөлөө үүсэж бас л тэр монгол сайд ямар хүн байдаг бол? хэмээн үдэш өглөө бодох болж, дүр бараагий нь үзэх хүсэл төржээ.
Ингээд тэр хүсэлт өдөр тохиолдож монгол сайдын хатан зоригт сайхан царай зусардахыг мэдэхгүй бөгөөд бүргэд адил ширтэж сурсан ер хүнийг нэвт харж цээжин доторхи бодлыг ганц ширвэнгүүт мэдэх адил хурц харцтай маш сэргэлэн галтай нүд цог жавхлант сайхан тэгш бие цогцы нь шаа хөшгийн чандаас харахдаа, өөрийн эрхгүй бахархан бас бахархсандаа ичингүйрч, ийм хүнийг зарлигаар сэтгэл явдлы нь дайчин улсын төрийн бодлогонд нийцүүлэх үүрэг хүлээн авсандаа баярлах эмээх сэтгэл хослон үймцэж ах үес Амбалингу эмэг эхийн зүг эргэж харваас, царай дор маш сонин байдал илтгэгдэж, гүнжийн баярласанд буруушаах мэт эмээсэнд өрөвдөх мэт битүүлэг гашуунаа мэшээсхийж орчлонд удаж, юм их үзсэн нүдэнд нь энгүүн өдөр энхрийлдэг ач охиноо тэр өдөр их л хайрлан, төлөөнөө ийн зовнисон шинжтэй асан ажээ.
Тэр орой унтаар одохын өмнө гүнжийн баруун хацрыг үнсэхдээ
-Төр төмөр нүүртэй шүү, хүүхэн хонгор минь гэж хэлснийг нэхэн санаваас урт насалсан уужим саруул ухаант буурал эмэг эх нь хашир ухаан хайртай сэтгэлээрээ гүнжийн нас явдлын хэтийн төлөвийг зөгнөн мэдсэн ажээ.
Дөрвөн ном, таван бичиг зааж, түүний доторхи ёс журмыг тэсгэлгүй бахдан биширч хүний гол эш ёс нь тэр гэж үздэг бөгөөд, хүний чанар язгуураас сайн гэж хүнийг маш эрхэм болгодог агаад, бичиг шунаг учир эзний алба хаахгүй Иехенара омгийн өвгөд дээдсийн буян, богд эзний хишиг миний насанд бардаагаар хүрэлцэм алван тушаал, ашиг завшаан эрж орчлонгийн улаан тоосонд хутгалцалгүй сайд эрдэмтэн ихэс хүмүүсийн бичиг зохиол үзэж, сурлага асуулага нэмэгдүүлж, хүн болсон хэргээ бүтээсүгэй гэж ярьдаг авга багшийн оронд нэгэн өдөр гүнжид эзний хуувийн сайд Айсан Гиоро омгийн ихэс өвгөн ван, тусхайлан гүнжтэй сурсан уулзаар ирж, бишрэм ихэмсэг төв байдал эрхэм ёсны үгсээр залуу гүнжийн төрөд зүтгэх санааг урамшуулан хөгжүүлээд, их хүрээнээ суугаа зарлигийн манж амбан бол түүний дэд болох монгол сайд Дархан чин вангийн хатан тэр бүр уулзаж байх нь эвгүй.
Yүнд зарлигийн амбан гүнж хоёрын хооронд төрийн төмөр шижим болох нэгэн итгэмжит сайдыг гүнжийн бие сувилах эмч Дайфүүгийн тэргүүн их эмч хэмээн явуулж, чухал яаралтай зүйл гарвал гүнжийн бие сувилах ховор эмийн зүйл нийслэлээс ирүүлэх нэрээр тэр гүнжийн /шадар эмчийн тэргүүн/ шууд нийслэлийн газар, богд эзний хуувийн сайдууд уламжилж, харилцан тогтоох зүйлийг гүйцэтгэнэ. Богд эзний төрийн бодлогыг гадаад аймагтаа нэвтрүүлэх зарлигийн амбан ч гэсэн далдуур илэрхийгээр эзний нууц хувийн сайд бөгөөд эмчийн тэргүүн ие Дайфүүгийн үгнээс хэрхэвч гарах эрхгүй тул түүний үг зарлигийн адил болно. хэрхэвч тэр нууц хувийн сайдын заавраас зөрчиж болохгүй сүслэн дагаж гүйцэтгэн гүйцэтгүүлбээс зохино. Тэр ие Дайфүү, эмийн зүйлийг мөн сайн төсөөлөх бөгөөд, богд эзэн ч гэсэн төрийн их нууц хувийн тэр сайдын үгнээсүл гарна. Бас түүгээр ч үл барам, ие омогт хүн тул, гүнж чиний нагац даруй мөн гэж сүр ихэмсэг өвгөн сайдын танилцуулсан тэр ие дайфүүг санахад, яс хавтайх шиг болох ажээ.
Гүнжийн сэтгэл зоригийг алхам алхамаар атгаж эрхэндээ хураасан нь, өөшинд орсон загас жараахай өөшнөөсөө гарч үл чадахын адил, хичнээн оролдовч гагц эмэгтэй хүн нарийн бодож боловсруулсан төрийн эчнээ далд аргын эрхшээлээс мултарч чадахгүй. Ие дайфүү, гүнжийн үг хэлэх байтугай, дугуй чимээгүй болох буюу яахийн хариулахыг үл мэдэх байдлаас хэдийн учрыг мэдэж өөрөө өөртөө зохих гаргалга хийж авдаг бөгөөд сайн ааш сайхан оёг орох үеэс, гүнжийн авга багшийг шоолон өгүүлэх нь:
Чиний авга багш бид хоёр, цөм нэгэн Йехенара омгийн хүн, Ганц чиний авга биш үнэнийг хэлбэл бичгийн үүднээс үзэж, күнз багшийг заан эртнийг дууриах ёстой гэж бусдыг сургах дуртай. Бид эртнийг дууриахгүй биш, дууриах газар дууриалгүй яах вэ. Ганц дууриахад учир бий.Тэр учрын тухай би хэдийн чиний авга багштай нэгэн омгийн хүн авч, санал нийлэхгүй
төрийн үүднээс үзнэ.
Манай дайчин улсын тулгар төр байгуулсан тайзү, хаас, ионголын Их Юуан улсын судрыг тусгайлан манж болгон орчуулж, Мин улсын төрийг халахад Юуан улс урьд Алтан улс сүн улсын төрийг хэрхэн халсан дууриалыг үзсэн билээ.
Төр төмөр нүүртэй гэж монголчууд хэлдэг. Тэр түмэн үнэн үг, чиний авга багш санго уншвал санаа муутай болно гэж инээнэм билээ. Төрийн хүн төмөр нүүртэй, санаа муутай, ер төрөл садан амраг янаг хүний ёс хоёр хоорондоо нийлдэггүй үхрийн эвэр мэт хоёр тийшээ чиглэсэн ёс. Чиний төрийн гүнж болсон тул төрийн ёсны зарим зүйлийг эрхгүй төсөөлбөөс зохимой.
Төрийн алба хаадаггүй чиний авга багш, эртнийг дууриана гэж, сархад халаалган сайхан цэцэрлэгт сарын гэрэлд шүлэг зохиол эртний хан улсын Ли тай бо мэтсийг дууриах дуртай боловч, тэгж тэгж /эртний дууриан/ жаргадаг нь хүний үнэргүй болсон санаа муутай гэж хараадаг бидний ачаар тэгж жаргаж байгааг бичгийн тэр тэнэг яахан бодож олох ажээ.
Төрийн үнэргүй авга багш чинь биднийг тэгж бодох нь нэг ёсонд бас зөв. Төрийн хүн, төрийн үнэр алдах хүний үнэргүй болбол төрийн хүн биш болно гэдгийг тэр бичгийн тэнэг ухаарахгүй байгаа хэрэг. Тэр хүн, төрийн хүн болохоос айдаг бол төрийн хүн бид чиний авга багш шиг бичгийн тэнэг буюу түмэн иргэн шиг хүн болохоос айдаг. Төрийн хүн биднийг үгүй болоход Манж дайчин гүрэн үгүй болно.Түүнийг тэр бичигийн тэнэг ухаарахгүй байна.
Эртнийг дууриахдаа, бид санго гэдэг гурван улсын бичгийг бахдан үзэж, Цооцоог ихэд сайшаадаг. Гүнж авга багшийн сургаалыг дагаж тэр сонин сайхан бичиг үэдэггүй ч байж болно. Гэвч зарлигаар түүнийг манж үгээр орчуулсныг бодохул, манж бичгийн утгач сайдын дотор гүнж чиний авга байгаа нь илэрхий багштай энэ тухай санаа нийлэхгүй хүн байгаа нь илэрхий Гурван бичигт, цооцоогийн нэгэн явдлыг дурдсан нь түүний цэрэг дарагдаж, амуу цалинг удтал олгосонгүйд цэрэг сэтгэл хувьсхад хүрсэнд Цооцоо сангийн сайдыг амуу будаа талбин олгож олон цэргийн санаа тайтгаруул хэмээвээс сангийн сайд байлданы ашиг алдаж, амуу будаа цэргийн цалинд хүрэлцэхгүй ажээ.Чингэхэд Цооцоо будаа хэмжих дүүг бага болгож амуу талбин олго гэж бага дүүгээр амуу хэмжиж олтосонд цэргийн ард хорсож самууран хөдөлөхөд хүрч, Цооцоогоос амуу будаа нэхвээс өгүүлрүүн: Би та нарт олговоос зохих амуу цалинг саадгүй олго гэсэн. Одоо үзвэл сангийн сайд шудрагагүй тул, танай амуу цалинг завсраас завшин идэж сүйтгээд миний тушаасныг цалгайдуулан та нарыг мэхэлж, бага дүүгээр хэмжин олгож миний олон цэргийг хохируулжээ.Одоо надад тэр шударгагүй сайдын үрж дутаасан амуу будааг нөхөн олгох аргагүй, Байлдаанд ашиг алдаж амуу хураан олгох нөхцөл одоохон надад байхгүйг та нар мэднээ.Хойч өдөр би та нарын хүчин өгч зүтгэснийг хэрхэвч мартахгүй. Одоо тэр шударгагүй сайдын толгойг олгож та нарын хорслыг түр тайлж амууны дутууг түүгээр нөхвөл ямар? гэсэнд олон цэрэг бидний хохирсон нь сангийн сайдаас болсон ажээ. түүний толгойг бидэнд олговоос хорсол тайлагдана гэж, Цооцоогийн тушаал гүйцэтгэсэн сайдын толгой авч Цооцоод хүчин өгсөн тэр бол цооцоогийн төрийн мэргэн бодлогын чадал.
Чиний сайхан санаат авга багш тарийн чимэг байж болно.Манай Йехенара омог дотроос ийм бичгийн утгач хүн гарсанд бид бахдаж ч болно. Гагцхүү төр тогтохдоо, төрийн чимгээр тогтдоггүй төрийн түшээ батаар тогтдог. Түшээ нь төрийн хүн бид юм шүү. Төрийн төлөө төмөр нүүр нүүрлэж өршөөх нигүүлсэн энэрэх өрөвдөхийн зэрэг хүний ёс ч илүү болгож, төрийн хүн бидний зүтгэдэг хүчинд богд эзэн хаан луугийн ширээнээ сэтгэлийн чилээгүй тэнгэрийн бошгоор цагийг эзлэн суудаг юмаа.
Түшээнийхээ хүйгээр манж хааны төр тогтож, тэр төрийн түшээ бологсод төрийн төлөө үргэлж зүтгэж хар цагаан гэж болохгүй, төрийн бодолд хар юмсыг цагаан үзэх нь ашигтай бол хав харыг ч цав цагаан гээд, тийм биш гэсэн хүний төрийн хүн бид төрийн дайсан гэж үзнэ. Цагааныг хар гэж үзэх нь богд эзний төрд ашигтай бол, цав цагаан юмыг ч хараас хар юм гэж дэлхий дахинд ухуулан тийм биш гэсэн бүгдийг үгүй хийх нь түмэн наст богд хааны төрийн ашгийн ёс. Тэр төрийн ашгийн үүднээс гадаад нэг аймгийн нэгэн эзэн ноён байтугай, тэр аймгийг ч хүйс тэмтрэх нь манж хааны төрийн ашигт хэрэгтэй юм бол үгүй хийхээс буцахгүй Галдан бошготын Зүүн гарын улсыг даран сөнөөсөн Энх амгалан хааны бодлогоос мэдэж болно.
Гүнж чи богд эзний угсаатны хүн. Богд эзний төрийн нууц албаны хүн болсон учир, эзэн түшмэл эцэг хөвгүүн нөхөр ханийн гурван товчоог төрийн үүднээс ухаарч эзэн түшмэлийн ёсыг богд эзний төрийн өмнө гүйцэтгэж Айсан Гиоро эрхэм омгийн хүн тул богд эзний өмнө эцэг хөвгүүний ёс гүйцэтгэж нөхөр ханийн ёсыг тэр хоёр зүйлд захируулан зохицуулах ёстой. Энэ тухай чамайг зуун овогт эгэл иргэн буюу эзэн төрд тушаал авга багштай адилтгаж үл болно.
Чамайг эзэн богд түшмэл гэж үзэж, эцэг богд хөвгүүн гэж үзэж дайчин улсын төрийн бодлогын үүднээс төрийн хүн бид чамайг гадаад аймгийн хүнд хань болгосон нь, энгүүн иргэний нөхөр ханийн ёсон лугаа огт адил үгүй.
Энэ учрыг ухаж, гүнж чи төрд гавъяа гүн байгуулбаас дайчин улсын хууль ёсоор чамайг төрийн журамт гүнж гэж насан эцэст болсон хойно бас нэхэн өргөмжилж сүнсий чинь төрийн сахиус болгон, үүрд тахилга үйлдэнэ.
Төрд зүтгэх ёс алдаж төрийн нөхөр ханий журмыг алдаж энгүүн зуун овогт иргэний нөхөр ханийн ёсыг тэргүүн боловоос хүний ёсонд тэр хэдүй зөв боловч төрийн ёсонд харшилсан болно. Эзэн төрийн ёс эгэл хүний ёс зөрөөтэй байдаг гэж чиний авга багш огт мэдэхгүй гэдгийг би чамд дахин давтан хэлсүгэй. Хичээнгүйлэн ойлгогтүн. Чиний тэр авга багшийг эгэл иргэий нэгэн адил үзэж гуулин зоос лугаа адилтгаваас болно. Дайчин улсад гуулин зоос хичнээн түм буйг бод. Төрийг гүнжийг улсын ховор эрдэнэ лугаа адилтгаваас болох нь манай улсад чиний нөхөр болох болох монгол Дархан чин вангийн хамт дөрөвхөн Эфүү байгаагаас мэдэж болно. Гүнж чи энэ учрыг нэвтэрхийлэн мэдвээс зохино.
Зуун овогт иргэний өмнө эзэн төрийн гүнж гэдэг эрхэм нэр бузар сэжиг ажиг халдахгүй үүрд өндөр ариун байвал зохих тул төрийн өмнө эндэж ял олсон ч тэр нь төрийн түшиг бид л мэдэхээс биш гүнж болж төрсөн гавъяа чинь -түмэн иргэний нүдний өмнө үүрд үлдвээс зохих тул гүнж чи хүний ёсыг тэргүүн болгож төрийн ёсонд тэсэлбээс алдаа хийсэн биеий чинь төрийн түшээ бологсод эчнээ ял унагаж /нимэ мэ акү охо/ өвчнөөр үгүй болсон хойно чинь сүнсний өмнө гүнжийн эрхийг үзүүлээд бас түүгээр хүний ёс нөхөр ханийн журмыг хүндэтгүүлж чиний авга багшийн хэлдгээр шударга журмыг чиний сүнсний өмнө нэхэн гүйцэтгэж эрнийг дагана.
Баруун хан улсын Хан син гурван улсын Цооцоогийн ээрэг эртний төрийн эрс цаг байдлын улмаас арга буюу санамсаргүй хүнийг хилсээр алснаа хожим сүнсий нь шударга журмыг гүйцэтгэсэн явдлыг чиний авга багш үгүй гэж хэлэхгүй байх.
Төрийн түшээ бид хэдий чиний авга багшийн адил дөрвөн ном таван бичгийг үсэг дараалан цээжлүүлэхгүй боловч эртнийг дууриахдаа чиний тэр авга багшаас хэрхэвч дутуугүй шүү. Эзэн төрийн ёсонд эгэл иргэн эзний гүнж байтугай, эзэн хаан ч гэсэн харшилбал нэгэн адил, эзэн хаан хэрэв төрийн ёсонд эс нийцвээс тэнгэр болж өргөмжлөл тахилгыг өвгөдийн сүмд хүлээн луугийн ширээний түүний угсааны агь ван залгамжилсан эртний дууриал гурван хуан, таван дийгээс хойших улсын түүхэнд олон бий. Монголын ван улсын судрыг манжаар орчуулсан бичигт нягтлан үзвэл нэн илэрхий. Төрийн хүн бидэнд төр бат орших нь чухал тул төрийн бат оршлын төлөө түмэн хүнийг үгүй хийхэд сэтгэл үл зовох болтугай, түмэн наст богд эзэн ч төрийн ёсноо эс нийцвээс төрийн хүн бид эртнийг дууриал болгох үүрэгтэй. Чамайг бид төрийн гүнж, төрийн хүн гэж үзсэн учраас энэ тэнгэрийн нууцыг хэлж байна. Чи сонсоод дагаж яв. Задруулбаас гэмшивч барахгүй тэнгэр сахиулсун ч гэсэн тэр тухай чамайг хамгаалж үл чадна. Эзэн төрийн сайд түмэн нүдтэй түмэн сонортой шүү.
Манай манж улсын дотор дагаж орсон нангиад, солонгос, монгол төвд хотон зэрэг үндэстэн, цөм эзэн угсаатай ноёлох үндэстэн манж хүнийг дээд өөрийгөө дорд боол гэж үзвээс зохих тул, адил хэргэм тушаалтай түшмэлийн дотроос манж хүн, ноён үндэстэн тул, нэр хүнд ихтэй байваас зохих тул дайчин улсын бүгд хуулийн дотор ч тэр нангиад боолчуудыг даруй алах ял шийтгэнэ.
Дайчин улсын түмэн наст Богд эзэн хаан тэнгэрийн бошгоор цагийг эзэлж луугийн ширээнээ суугаа цагт богд эзний нэр, дайчин улсын эзэн төрийн нэр, эзэн угсаатан манж хүний нэр бусад зууны овогт иргэн боолчуудын нүднээ ариун, дээд эрхэм байх ёстой.
Богд эзний төрийн бодлогонд буруу ташаа байхгүй. Байвал даруй төрийн бодлого явуулах дорд хаван түшмэл буруу байх ёстой. Тэр буруутай хаван түшмэлийг чухам хэн болох нь төрийн түшээ багана болсон төрийн хүн бид дээрээс тогтоож учры нь олж хужры нь тунгаагаад олонд сая ухуулж эзэн төрийн бодлого хэзээд зөв.
Түүнийг гажуудуулж иргэнийг хэлмэгдүүлсэн гэмтэн энэ гэжзасгийг залаж гажууг хална. Энэ тухай бид ёстой чиний авга багшийн эрхэмлэдэг эртний дагаж Цооцоогийн төрийн бодлого буруугүй, Цооцоогийн сангийн сайд бага дүүгээр амуу талбин олгосон бурууг олонд үзүүлэхийг баримтална.
Гүнж чи, эзний угсааны хүн, төрийн гүнж болох тул Дайчин улсын их төрийн дотоодод явуулах нарийн бодлогын нууц учрыг, хойшид гүйцэтгэх ажилд чинь мөрдөх журам болтугай гэж ийнхүү сэнхрүүлэн хэлж өглөө. Гадаад бодлого чиний биед үл хамаарна. Сурган ухуулсныг дотроо чанд журамлан дагаад богд эзний хувийн сайд намайг чамд үүнийг хэлж өгсөн гэж нэгмөсөн март. тэнгэрийн нууцыг задруулбал, яахыг бид дээр дурдсан гэж хүйтнээр инээмсэглэн хэлсэн тэр аймаар үг нь, ихэд сочин имээж, сүрдэн гайхсан гүнжийн цээжнээ аюун бахардаж амьсгаа тасраагүй цагт хэзээ ч марташгүй хатангадаад багадаа нэг хэлүүлж тогтоосон гурван үсэгт адил нэгэнт нэгэнгүй, сонсонгуут ойд нь шингэж богд эзний төрийн бодлого гэдэг үг сонсох бүр, Йе Дайфүүгийн тэр яс хавтайм айхтар үг санагдаж зэвүүн зэвхий царай нь ярвайж үзэгдэх шиг аварга могойн нүд адил өршөөх энэрэх, хайрлах, өрөвдөхийг огт мэддэггүй тэсгэлгүй хүйтэн харцтай нүд нь элэг зүрхийг цоргих мэт, дотор аягүй болдог нь санаанд орж, хүний амийг юманд тоохгүй хүнийг хүн гэж үзэхгүй нөхрийг нөхөр гэж үзэхгүй шударга үнэн сэтгэлийг шударга үнэн гэж огт үзэхгүй дандаа хүнийг хардаж нөхрий нь эхнэрээр нь, эцгий нь хүүгээр нь багшийн шавиар нь ахы нь дүүгээр нь сайды нь түшмэлээр нь түшмэлийг бичээчээр нь тагнуулж өмнөд нангиадыг умарт нангиадтай эвдрэлцүүлж монгол дотор ар өвөр, өөлд торгууд гэж хооронд нь сэм эвдрэл тарьж, эчнээгээр үймүүлэн салгаж илээр бүгд нангиад монгол, солонгос таван угсаа цөм санж богд эзний нэгэн адил харъяат гэдэг боловч, манж түшмэл цэргийг тушаал зэрэг ав адил нангиад, төвд, монгол солонгосоос илүү үздэг.Йе дайфүүгийн эрхэмлэдэг төрийн түшээ бодлого түшмэлийн засаг юутай харгис вэ гэж гүнжийн бодтол, хүрээнээ газар үзсэн хэдэн худалдаа албаны орос хүнийг үзсэнээ санахад үс шар сахал их, хувцас гүнжийн үзсэн таван угсааны хүнээс өвөрмөц боловч, монгол нангиад эгэл жирийн хүнийг өөрийн биеийн нэгэн адил үзэж, ах дүүгийн дунд явж байгаа мэт үнэхээр элэгсэг найрамдуу нь хармагц нь ив илхэн, өвгөн хутагт мэргэн цэцэн хүн тул орос хүн орос улсад элэгтэй байх нь аргагүй байжээ.Гүнж, тэдгээр орос хүнтэй ойр танилцахыг дотроо хүсэвч Төрийн гүнж сайдын хатан гэх зэрэг саад давахуйяа бэрх. Бас зарлигийн амбан монгол албаны хүнийг хар шар хэмээн ялгахгүй оростой найрсаг боллоо гэж хардан хавчих нь санагдаж, Йе Дайфүү гэж сүүрс алдсан нь манжийн төрийн түшээ бүхэн гүнжийн сэтгэлд ганц Йе дайфүүгийн биеэр дүрслэгдэн сэтгэгдэх мэт.
Өглөөний чимээгүй түвшнээ зэргэлдээ гэрт манж үгээр хэлэлцэх нь дүнгэр дүнгэр дуулдаж, Йе дайфүүгийн нийслэлд эгсэн хойно ирсэн түүний дайфийн тэргүүн хэмээх тушаалыг залгамжилсан хүн боссоныг мэдэж, өндийн чагнасхийвээс нийслэлийн газар дайфийн довтолгон одуулсан эм найруулагчийн дуу сонсогдох мэт.
Хурдлан эгжээ гэж чагнатал, шаа хөшгийг тэртээ гүнгэрваанаа өвгөн хутагтын Дархан чин ванд бүтээж өгсөн бурхан нүднээ тусаж, Сувдын бариад гарсан зулын сүүмэлзэх гэрэлд тусах мэт барайж нэг гэрэл тусаж гунигтай мишээх мэт байдал, хачин бөгөөд, Дайчин улсын төрийн түшээ сайдын заавраар өвгөн хутагтад түүний дэргэдийн нэгэн сойвонгоор мэс өгүүлж жанч, халуулсан явдлыг санагдуулан, ханхай их өргөөнд гав ганцаараа хэвтэж байгаа гүнж орчлонд ганцаараа мэт санагдаж, тэргүүнийг дэр дээр талбин хэвттэл, нөхөр юүгээн нийслэлийн газар дуудуулж, түмэн гашуунаар насан эцэс болсныг гунихран санаж, жагсаалын монгол ноёдын бараа бологч өвгөдийн үг сонссон нь сэтгэд орлоо.
Өвгөдийн сэм гашуудан хэлэлцэх нь Дархан чин ван дайчин улсаас монголоо тусгаарлах гэж хэдэн монгол сайдуудтай хөдөө сэм хуралдваас өнөөх Йе дайфүүгийн гар хөл бологсод л мэдээлсэн биз дээ. Тэр хэрэг задарч гүнж яаж ч чадсангүй ван нийслэлд дуудуулаад, нөс нөгцжээ. жагсаалсан ноёны өвгөн хиа нарын гашуудан хэлэлцэх нь эзэнд бараалхсан монгол ноёдыг хуримлах үес, та нар богд эзний төрөөс урваж, монголыг тусгаар тогтнуулах гэж тэрсэлбэл ийм цээрлэл үзнэ. Дархан чин ванг зоосны нүхээр сүвлэж алсан түмэн шарх болсон хүүрийг сүрдэн хэлмэгдсэн ноёдод үзүүлсэн хуримын эцэст баахан халсан ноёдын согтуу нь цочсондоо гарсан гэж.
Түүнийг яс шижигнэм санахунаа, хайрт нөхрийн гашуун зовлон эдэлж насан эцэслэсэн нь аюумшигтай бөгөөд, бие зарс хийж, өөрийн биеийг зоосоор сүвлүүлснээс илүү сэтгэл чилж шимшрэм … Бас амраг хайрт нөхрийн яснаас нь тасарсан яс өвгөн хутагтын хойшхи дүр хоёрдугаар богдыг хороолгосон эхийн хорслыг ямар үгээр илтгэн барах вэ? Түмэн хорслыг тэнгэрт хэлье тэнгэр хол газарт хэлье газар хатуу гэж тэсгэлгүй гашуудан хэвтэхэд нөхрийн өвгөн хиагийн бас нэг зэвүүн үг санагдав.
Тэр буурал өвгөний шулмин царай нүдэнд үзэгдэх шиг болж, хэлсэн үг нь чихэнд сонсдох мэт, өгөөмөрт богд хэдэн итгэлт ноёд хуралдуулж, өвгөд дээдсийг цэргийн их хүчээр даран дагуулсан манж хааны харгис төрөөс гар хөдлөн байлдаж, салан тусгаарлая гэж нэгэн сэтгэлээр тогтжээ. Их хэрэгт цөм халуун амь бүлээн цусаа хайрлахгүй далайсан сэлэм, шагайсан нум буунаас хальтрахгүй гэж тангараглая гэж олон сайд ноёд цөм зүүсэн бурхнаа барьж тангараглахад, өвгөн хиа тушаа болж вангийн ард байжээ.
Санамсаргүй харваас, сайд ван, илэрхий хоосон гуу гаргаж, мангараглан адис авсныг өвгөн хиа тэр үес, учрыг олсонгүй, дэмий л дотроо гайхжээ. Чингэхэд хурад тарсан хойно ноён богд хоёртоо үнэн сэтгэлээс хайртай танил нэг өвгөн малчинд зоригтон сайчуул, харгис манж хааны хатуу хар засгаас салах их хэрэг сэдэвлэн хэлэлцсэнийг дотночлон хэлэлцэж, баяр хуваалцваас өвгөн малчин, тэр их хэрэг сэдсэнд, олон цөм нэгэн сэтгэлээр гар хөдөлнө. Гагцхүү ийм учир хэрэг хэлэлцэхдээ буухиа өртөөгөө татан буулгаж хэлэлцвэл зохих юмсан. Амбан хартай, сэжиглэх сэдэв аваад, нийслэлд мэдээ довтолгож болзошгүй гэхэд нь өвгөн хиа гэнэт, сайд ванг хоосон гуугаар тангарагласныг санан сэтгэл зовж сураглавал, хурал тармагц сайд ван буухиа өртөөнөөс нийслэлийн зүг довтлон мордсон мэдээ өртөөний занги нараас сонсжээ. Яаран хатанд тэр учрыг уйлан хэлээд Богдод мэдээ хүргэе гэхэд хэдийн зарлигийн амбан аван, богдын өргөөг бүслээд дээрхийн лагшин чилээтэй гэж хөл хорьжээ.
Йе дайфүүтэй уулзаж, байдлыг заншлан мэдье гэж оролдтол, богдыг бие чилээрхсэн учир уулзах чөлөөгүй Гүнжид эмч хэрэгтэй бол нөгөө шадар эмчээр түр аргалуул гэж хариу ирүүлсэнд, гүнжийн сэтгэлд хамаг учир тодорхой болж тэр сайд ванг ард түмнээсээ урваж, угсаагаа тэсэргүүсэн хүн, Йе дайфийн “төрийн түшээний” гар хөл болсон хүн гэж танин мэдэгч, хүүд туслахын арга тасарч, эцгийн адил боллоо гэж сэтгэлийн зовлон дээр бас нэг зовлон нэмжээ. Богдод тэр үе хоёр удаа элч явуулаад хариу авч чадсангүй, хотгойдын Цэнгүнжав баатар дайчин улсын эсрэг хөдөлж, амбаны цэрэгт дарагдсан учир, нөгчсөн ноёны бага хатан Хотгойдын Даш тавнангийн охин, хотгойд хүн гэж хардуулан өргөөнөөсөө гадагш гаргахгүй болсныг итгэлт аягачнаар гүнжид сэм мэдэгдэн, тусламж гуйсан Йе дайфүүд бас сэжиглэлтэй болсон гүнж яах ч аргагүй байснаа сүүрс алдан бодож гашуудан санаваас аймаг, угсаагаа бодсоноор нүдэн өмнө өвгөн хутагт мэслүүлж, нөхөр зоосны сүвээр сүвүүлж, өвгөн хутагтын хоёрдугаар дүр гэж эзний зарлигаар өргөмжлүүлсэн хүү хор балгуулж насан эцэслэсэн юутай гашуун хорсол. Хотгойдын Цэнгүнжав богдтой нэг жил Йе дайфын эзэн төрийн бодлогонд хохирч Бээжинд цаазаар авахуулжээ. Дайчин улсын төрийн боол болсон нангиад түмний олон мужид тэдний нэнэг адил, төрийн цаазад амь эрэстэж, гашуунаар үхсэн иргэн хичнээн буйг тоолбоос барахгүй. Тэндий дотор миний адил, амраг нөхөр хайрт үрээ алдсан хань эх хичнээн буй Дайчин улсын эзэн төрийн бодлого гэж улст гэрт багтсан өдий төдий угсаатан зуун овогт иргэний биеийг зовоон, сэтгэлийг дарлаж байгааг бодоход, эдний нууц хувийн сайд, йе дайфын өршөөх энэрэх, хайрлах өрөвдөхийг үл мэдэх завгүй зэвхий хүйтэн царай нь гүнжийн нүднээ харагдах шиг болж, тэсгэлгүй гашуудан шивнэрүүн:
Йе дайфүү Йе дайфүү! чиний төрийн ёс-ёс биш байх нээ! Чиний “бичгийн тэнэг” гэдэг хөөрхий миний өвгөн авга багшийн хүнийг хүн гэж үздэг ёс зөв байх нээ.
Дайчин улсын эзэн төрийн боол болсон зуун овогт зуун хэлтэн иргэн, та бүхэнд морь нохойн хүч гаргаж үүрд дарлуулан зовох нь худал байх нээ. Та нарыг мянган өдөр мах цусаараа тэжээвч, нэгэн өдөр хариу нэхэх байхнээ. Гаслант хань эмгэнэлт эх, зовлонт гүнж болсон би түүнийг энэ махбод биеэр эс үзэвч, миний адил хохирогсдын гашуун гомдолт сүнсний хамт хий бие хувилган нүдээр үзэх цаг ирэх бий. Шударга журам, үнэн ёс ялан мандаж сайхан санаат өвгөн авга багшийн хэлдэг ёсоор дэлхий дахин нэгэн гэр, хүн ард ах дүү болох цаг ирэхэд тэр цагийг ойртуулахын төлөө амь нас хохирч түмэн гашуун эдэлсэн бүгдийн тахилгын сүм босгох цаг бий. гэж сэтгэл хөдлөн, халуурсандаа нүд гялалзан шивнэж, хөндий ханхай их өргөөний шаа хөшгийн цаана хэвттэл, гэнэт, үүд сөхөгдөх чимээ гарч, Сувд домботой цай барин орж иртэл хойноос нь эм найруулагч даган орж, хөшгийн өмнө тоомсоргүй хагас ёслон мэхүйсхийгээд,
Нийслэлээс өвгөн сайд дайфүүгийн найруулан явуулсан Гүнжийн чилээг дарж, эмгэнэлийг таглах эм авч ирлээ гэсэнд шаа хөшгийн чанадаас харвал нөхрийн хүү бөгөөд, гүнжийг ээж гэж гүнжид их хайртай байсан богдод чилээг дарах эм өгсөн тэр эм найруулагчийн малгайн жинс өөр болж, отогонд нь нүд нэмэгдсэнийг ажаад,
Энэ эм, чиний отгонд нүд нэмүүлэх чадалтай юу гэж асууваас эм найруулагч дуугүй толгой дарав.
Сувд, тэр эмий нь аваад өг гэж өндийн суугаад Йе дай фүүгийн бичгийн тэнэг гэдэг өвгөн багшаа дөрвөн ном багадаа шалгуулж, хэмлэлт үргэлжилсэн үгээр зохион бичсэн тэр номын үг үсэг тайлбарлан хариулж байсан үеийн орь залуугийн охь өндөр дуугаар зоригтойео өгүүлрүүн:
Надад Нурхац баатар өвгийн чадал байхгүй боловч Нурхац баатар өвгийн зориг бий. Дайчин гүрүн дорой гүнжү нимэнэ акү охо. Дайчин улсын төрийн гүнж өвчнөөр үгүй боллоо.
Жаргал зовлонг энэ улстай холбон хамтатгасан зовлогон биеий минь зовлонт боловч зоригт монголын нутагт оршуул, төр чинь мөнх биш. Түмэн мөнх юм. гэж тэр өвгөн дайфүүдээ хэлээрэй гээд, найруулагчийн авчирсан эмийг нэгэн амиар ууж, гангар шаазанг таглаад гайхсан Сувдад эргүүлэн өгч, тэнхэл тамир нь тэр хүчдэлд тасарсан мэт, үг дуугүй нүд анин хэвтжээ.
Эм найруулагч ихэрхэх байдал хэдийн үгүй болж хариу үг өчихийг эмээн чимээгүй ухран гарч, гагцхүү гүнжийн хайрт аягачин Сувд, учрыг гэнэт ухаараад шаа хөшгийн өмнө, домботой цайгаа газарт тавьснаа мартаад, өргөөний нам гүмд сэмхэн уйлан зогсоход нь, охины амьсгалын хийд шаа хөшиг хөдөлж, алтан чимэг даруулга нь гунигтайяа намуухан жингэнэж байлаа.

1962 оны хар бар жил 9-р сарын 20-25 ны өдөр

Б.Ринчен

Be the first to comment

Leave a Reply