БАЯРЫН ЖАРАН ХОНОГ (ШҮҮМЖ)

Санж Баяр дурсамжаа бичих санаатай байгаа л гэж ярьж байсан. Бараг мартчиж. Тэгсэн хэд хоногийн өмнө номоо дуусгачихлаа, НЭПКО-гоор хэвлүүлье гэсээр давхиад ирдгийн. Манай залуучууд тэр дор нь барьж аваад л нэг нь ерөнхий дизайн хийж, нөгөө нь үндсэн санааг нь товч яриулж аваад хавтасны зураг бүтээв. Редакторлохын хувьд хувааж аваад түчигнүүлж гарлаа. Ердөө маргааш нь эх бүтээх ажлаа дуусгачихжээ. Тэд ажиллахын зэрэгцээ бүгдээрээ уншчихжээ. Гялс хэвлүүлчихье гэж ярилцацгаан Мөнхийн үсэг хэвлэх үйлдвэртэй тохирон хоёрхон хоногийн дотор ном бэлэн болчихдог байгаа. 450 нүүртэй нэлээд зузаан ийм номыг ердөө дөрөв хоногийн дотор эхийг нь бэлдээд хэвлэн гаргаж байсан тохиолдол бидэнд байтугай Монголын түүхэнд байхгүй байхаа.

Оройд нь би өөрт ноогдох хувийг аван үдэш орондоо орон уншиж гарав. Нэг амьсгаагаар уншсаар ард нь гарч сэхээ авбал хэдийнээ нар мандаж гудамжаар машин давхилдах чимээ гарч байна. Ойрд ингэж нэг амьсгаагаар унталгүй ном уншиж нойргүй хоносонгүй. Нобелийн шагналт зохиолч Светлана Алексиевичийн “Чернобилийн наминчлал” номыг ноднин ганц шөнө уншиж дуусгасан санагдана. Тийм уншууртай сонирхолтой ном ч ховор, Гомбосүрэн гуайн орчуулга ч төгс.

Санж Баярын номын нэр Жаран хоног, “жаран”-ы бутархай. Хоёр үндсэн хэсэгтэй, дотроо учиргүй олон бутархай гарчигтай. Баримтат уран сайхны гэх төрөлд багтах болов уу гэх энэ бүтээл эшлэл үгүй, товъёг байхгүй. Энэ нь товъёгоос хайж зарим хэсгийг нь цоолдон унших хэрэггүй, уншвал эхнээс нь дуустал унш, үгүй бол байхалгүй юу гэсэн хүчирхийлж тунирхсан шинжтэй юм уу даа. Тиймээс ч би энд номын агуулгыг ярьж, баримтын үнэн зөвийг шүүмжлэн дэнсэлмээргүй байна. Зохиогч ч өөрөө баримт, явдал, үйлдлийг нэлээд дөхүүлж байгаад халуунаар нь орхичихсоныг бодоход уншигч бүр хувь хувьдаа өөрөө эцсийн дүгнэлтээ гаргана биз гэсэн юм болов уу. Бусдын өмнөөс дүгнэлт гаргалгаа хийж өвчигнөхөө больё, яршиг. Бүтээлийн зохиомж, хэллэг, дүрслэл, уран сайхны талаар санал бодлоо хэлье, тэгэх үү?

Баримтат уран сайхны энэ зохиол үндсэн хоёр хэсэгтэйн эхнийх нь хроник маягийн өдөр тутмын тэмдэглэл. Гэхдээ айхавтар халилттай. Өдрийн тэмдэглэл явснаа тэндээс салаалаад шал өөр дурсамж маягийн юм руу орчихоно. Хоёрхон үндсэн баатартай, бусад нь дандаа замд таарах туслах дүрүүд. Тэд нэргүй ч удахгүй уншигч танил болно. Гол хоёр баатраа нүүр нүдгүй самардаагүй, тэр байтугай нэлээд тохиолдолд өмөөрсөн, сайшаасан, ойлгох гэж хичээсэн байдал илэрхий. Зөвхөн тэдэнтэй холбоотой одоо болоод өнгөрсөн үйл явдлыг оочин тоочин дурджээ. Хөвөнд боосон чулуу шиг энэхүү түншилтүүдэд гол цохилот бий. Тэдэнд сөргүүлж тавьсан хариу цохилт өөрийнх нь тайлбар. Эдгээр тайлбар логиктой, учир шалтгаантай, бодит баримттай. Гэхдээ логик гаргалгаагаа гол баатруудтай маргалдах байдлаар биш, өөр хөндлөнгийн тохиолдолдтой холбон бичжээ.

Нацистын шоронд алагдсан Чехословакийн сэтгүүлч, утга зохиолын шүүмжлэгч, зохиолч, нийтлэлч Юлиус Фүчикийн шоронд бичсэн Цаазын газарт бичсэн тэмдэглэл гэж 80 орчим хэлнээ орчуулагдсан алдартай ном 50-60 жилийн өмнө монгол хэлнээ хэвлэгдсэн юм. Шоронд хоригдож байхдаа өдрийн тэмдэглэл бичиж, түүнээ дэлгэрүүлэн хальж нацизмыг эсэргүүцэж буй үзэл санаагаа уран сайхнаар илэрхийлсэн баримтат уран зохиол. Цаазын газраас бичсэн сурвалжлага нь эсэргүүцэл, гомдол, цөхрөл, уриалан дуудсан манефэст, нацизмын эсрэг сөрөлт. Энэ бүтээлийн төгсгөлийн цогтой үг “Хүмүүсээ, би та нарт хайртай. Сэрэмжтэй байгтун!” гэсэн анхааруулга машид алдаршсан эшлэл болсон юм.

Баярын зохиолын эхний хэсэг мөн л шоронд өдрийн тэмдэглэл маягаар тууривсан байдлаараа гадаад хэлбэрийн хувьд Фүчикийнхтэй төстэй мэт боловч утга санаа нь тэс өмнөө юм. Баярын Жаран хоног эсэргүүцэл гомдол сөргөлт гэхээсээ ухаарал, ойлголцолд уриалсан, популизмаас сэрэмжлүүлсэн анхааруулга аятай гэлтэй. Тэнд хэнийг ч хэний ч эсрэг тухирсан юм байхгүй. Өөрийгөө ч улайм цайм өмөөрч бурууг бусдад тохох гэсэн санаа үгүй. Өөрийн үнэнийг дэлгэж үзүүлжээ гэлтэй. Хүн бүрийн эсрэг тэсрэг араншинг харьцуулж харахаар зураглал харин овоо бий. Зохиолд буй нэг эшлэлд “Энэ нөхөр гутлаа хулгайд алдсан гэл үү, хүний гутал хулгайлсан гэл үү, сайн санахгүй байна. Юутай ч хулгайн хэрэгт л лав орооцолдсон юмдаг” гэж бий. Баярын санаа “Би гутал хулгайлаагүй, гутлаа хулгайд алдчихаад сууж байна” гэдгээ л тайлбарлаж. “Хүний юм хулгайлах, хулгайд юмаа алдах хоёр шал өөр биз дээ?” гэж уншигчаас асууж буй хэрэг.

Дүрслэл. Хүний нүүр, хөдөлгөөн, дотор бодол зэргийг орчинтой нь холбон бичсэн дүрслэл нь маш чамин болжээ. Тэр болгон зохиолч ингэж илэрхийлж чаддаггүй юм. Монголын утга зохиолд урьд нь ингэж бичиж байсан зохиолч гэвэл С.Дашдооров, Ц.Доржготов хоёр л гэж боддог. Эл номд онцгой дүрсэлсэн баатар нь Москва дахь элчин сайдын яамны дэргэд оюутан хариуцсан түшмэл, Улаанбаатар зочид буудлын харуулын цагдаа хоёр. Дүр овойж оцойтол нааш тодрон босож ирснээр хүний жудаг, өөрийнх нь хэлээр “эр хүний ёндоо” гэсэн моралийн асуудал, тухайн нийгмийн араншинг нүдэнд харагдтал илэрхийлэгджээ. Баатар үргэлж малилзтал инээж явдаг боловч нүд нь дандаа хорслоор дүүрэн. Эндээс гарах дүгнэлт нь инээмсэглэл гэдэг нь ердөө ам уруулын муриулт аж

Уран сайхны хэтрүүлэг. Номын хоёр дугаар хэсэг болох “Жаран”-ы бутархайд жаран жилд тохиолдсон зарим учрал, дурсамж, хөгтэй явдал, элэглэл, зовнил зэргээ цоолборложээ. Энд уран сайхны хэтрүүлэг, элэглэл, даваадуулал элбэг буй нь номыг улам уншууртай болгож чимэглэнэ. Жишээ нь бараг л хар нялхдаа Бат-Үүлтэй компот булаацалдсан түүх илэрхий хэтрүүлэгтэй ч давс хужир нь таарсан хөөрхөн зохиомж. Тиймэрхүү явдал болох нь болсон ч чухам тэр өгүүлэмжийг ингэж зурагжуулснаар л хөөрхөн намтар болно. Диалоги нь өгүүлэмждээ маш сайн наалдаж өгсөн учир наргиантай мөртөө цаад баатрынхаа унаган ааш, төрлөх чанарыг товойлгож чадсан ажгуу. Иймэрхүү уран сайханжилт багын болон залуугийн найз нөхөдтэй нь холбоотой хөгтэй явдал, гэнэн дурсамж, наргиантай явдлуудад ховор биш таарна. Чухам ийм давс хужирын хүчээр л Дожготовын богино өгүүллэгүүд шиг, Дашдооровын Говийн өндөр шиг амттай болж. Гэхдээ ийм хэтрүүлэгтэй урансайханжилт номын эхний бүлэгт ажиглагдаагүй.

Хэллэг, хэлц, зүйр, егөө. Алив утга зохиолын хэллэг бол бүтээлийг амьдруулах амин сүнсний нэг. Энэ зохиолд асар олон хурц хэллэг, егөө, элэглэл, эшлэл, зүйрлэл шигтгэжээ. Томоохон сэтгэгчид зохиолчдын хурц хэллэг, афоризмыг зөв газар нь эшлэн шигтгэсэн нь өгүүлж буй зүйлээ ончтой амьд болгож чадаж. “Би Бурханы оноо биш ч алдаа нь гэж өөрийгөө боддоггүй”, “Ажлын байр нь шорон болсон хүний тавилан амаргүй байх”, “Нохой сүүлээрээ шаравдаг болохоос сүүл нь нохойгоороо шаравдаггүй”, “Тэвчээртэй, олон нугалаатай хүн болохоороо нэг алхах гэж гурав хоног бодно”, “Эр хүн хүүхэнтэй зодолдоод ялагдвал шараа, ялчихвал тэрнээс ч дор нүдний булай болно”. Гоё хэлж байгаа биз дээ? Хөл нь хавдаад “төгрөг тавь төгрөг тавь” гэж алхахуй, байдгаараа тонгойн хоёр хонгоо ярж бүдүүн гэдэснийхээ нарийн үзүүрийг шоронгийн хуягт сонирхуулав зэрэг нь нүдэнд харагдах шиг.

Хууч. Олон жилийн өмнө гэнэтийн осроор нас барсан Лувсанцэрэн гэж нэг мундаг зохиолч байлаа. Голдуу богино өгүүллэг бичнэ, хачин сайхан хуучлана. Нэг хүнд ийм олон сонин явдал тохиолддог юм байхдаа гэж гайхмаар. Гэвч хууч бол заавал өөрт тохиолдсон явдал байх албагүй л дээ. Цэндийн Дамдинсүрэн гуай их сайхан хууч хөөрдөг байсан. Сүүлийн үеийхнээс Жаргалсайхан, Баярсайхан нар гоё сонин хууч дэлгэдэг байсан. Баярын өгүүлэх хууч яриа бас маш содон. Монголын шинэ үеийн утга зохиолд гэхээ болъё, юутай ч автобиограф гэгдэх өөрийн дурсамжийн төрөлд Жаран хоног шинэ үзэгдэл болжээ. Эндээс үүдэн НЭПКО хэвлэлийн газрын бид өөрийн дурсамжийн цуврал цааш цувуулахаар шийдлээ. Цуварлын нэр “Миний зуун”. Үүний логог Жаран хоног номын шилэн дээрээс харж болно. Багабанди, Бат-Үүл, Энхсайхан, Энхтүвшин, Энхбаяр, Энхболд-Миеэ, Очирбатууд, Элбэгдорж, Даш-Ёндон, Гомбосүрэн, Бямбасүрэн, Гончигдорж, Даганболд… гээд олон гэрч нарыг урьж байна. Бүгдээрээ л шинэ зуунаа уралсан түүчээнүүд.

Утга зохиол ч бай, шинжлэх ухааны аль ч салбарт бай, ер нь спорт урлагт ч урьд нь огт дуулдаж байгаагүй этгээд гэнэт цорс хийн гарч ирээд цөм цохиод эхлэхээр атаархал зэвүүцэл төрүүлдэг нь бараг л физикийн хууль даа. Дурсамжаа тэрэлсэн биш нийгмийн сүлжээгээр нэр нүүрээ нуусан хараал зүхэл үерийн ус шиг цутгаж байна. Зарим нь ч улаандаа гарч атаархалаа нууж хаалгүй илэрхийлнэ. Гэвч тэд зайлуул ядарсан байна билээ. Үндэслэлгүйгээр үзэн ядна гэдэг нь үндэслэлтэйгээр атаархаж буйн илрэл. Хэн нэгэнд атаархана гэдэг өөрийгөө дорд нэгэн гэж үзэж буй хэрэг. Атаархал бол байр сууриа солилцоё гэсэн гомдол. Атаач хүн аятайхан оршуулганд хүртэл атаархадаг. Атаач хүний хамгийн том гомдол бол өөрт нь хэн ч атаарахдаггүй.

Адгийн шаарууд чамайг насан туршдаа мартаж чадахгүйгээр шаналан зовж хорсохуйц нэр төртэйгээр амьдралыг туулах хичнээн сайхан гээ.

2019 оны 07 сарын 6

Be the first to comment

Leave a Reply