Техас мужийн Santa Fe ахлах сургуульд халдлага гарч олон хүн амь үрэгджээ

Өчигдөр Santa Fe Ахлах сургуульд гарсан зэвсэгт халдлагыг тус сургуулийн сурагч, 17 настай Dimitrios Pagourtzis гэгч үйлджээ. Түүний цуст аллагад 10 хүн амь үрэгдэж, 10 хүн хүнд  хөнгөн шархдаад байгаа юм. 

Алан  хядагчийн тэмдэглэл, сошиалд тавьсан мэдээллээс тэрээр халдлагыг урьдчилан төлөвлөсөн нь тодорхой болж байгаа бөгөөд халдлага үйлдсэний дараа амиа хорлохоор төлөвлөсөн байжээ. Харин тэрээр цагдаа нартай тулгарсан үед бууж өгч баригдсан юм.

Амь үрэгдсэн хүмүүс тус сургуулийн сурагчид болон тус сургуулийн туслах багш багш байгаа бол, амь үрэгдэгсдийн дунд Пакистан улсаас оюутан солилцоогоор сурч байсан хүүхэд байсан тухай тус улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам нотлоод байна.

Он гарсаар АНУ-н сургуулиудад зэвсэгт халдлагын эрс өсч, бууны хэрэглээ, борлуулалтыг  хязгаарлах яриа урьд урьдаас хүчтэй яригдаж байгаа ч Конгресийн түвшинд дорвитой шийдэлд хүрч чадахгүй байгаа юм. Улмаар Ерөнхийлөгч Трамп сургуулиудыг зэвсэглэх, зарим багш ажилчдыг галт зэвсэгт сургах санал гаргаад байгаа. Гэтэл өчигдрийн сургууль дээр халдлага гарах үед сургууль дээр бүрэн зэвсэгтэй 2 цагдаагийн ажилтан ажиллаж байсан нь тодорхой болоод байгаа нь ерөнхийлөгчийн саналд эргэлзээ төрүүлэхэд хүргэж байна.

АНУ-ын галт зэвсэг эзэмшигчдийн холбоо (Цаашид NRA гэх) бууны хэрэглээ борлуулалт хязгаарлахыг эрс эсэргүүцдэг, улмаар энэ зорилгоо хангахын  тулд АНУ-ын хууль тогтоогчдыг лоббидох ажилд асар их мөнгө зарцуулдаг билээ. Халдлага гарах бүрт олон нийтийн шүүмжлэлийн бай NRA-г чиглэдэг ч NRA-д худалдагдсан хууль тогтоогчид галт зэвсгийг хязгаарлах алхам хийж чадахгүй байгаа юм.

Мөн одоогийн Ерөнхийлөгч Доналт Трамп ч NRA-с багагаггүй санхүүжилт авч байсан, улмаар өнгөрсөн сард болсон тус байгууллагын их хуралд зочилж үг хэлсэн нь тус байгууллагын үзэл санааг дэмжсэн үйлдэл болсон гэж ойлгогдож байгаа юм.


Хуучин мэдээ: 2018 оны 05 сарын 15-ны 12:21 минут

Өнөөдөр (Баасан) өглөө Техас мужийн Санта Фэ (Santa Fe)ахлах сургуульд халдлага болж наад зах нь 10 хүний амь үрэгдсэн байж болзошгүй байна.

Галт зэвсгээр халдлага үйлдсэн этгээдийг баривчлаад байгаа бол тус хэрэгт холбоотой байж болох өөр нэг сэжигтэнг саатуулсан тухай тус хотын цагдаагийн газраас мэдээлжээ. Эдгээр сэжигтнүүд тус ахлах сургуулийн сурагчид байж болох тухай мэдээлж байна.

Мөн сургуулийн орчимд суурилуулсан тэсрэх бодисууд олдоод байгаа бөгөөд мэргэжлийн байгууллага тухайн орчмын газруудад тэсэр дэлбэрэх бодим, төхөөрөмж хайж, илрүүлэх ажил үргэлжилж байгаа ажээ.

Болсон хэрэг явдлын талаар Ерөнхийлөгч Доналт Трамп мэдэгдэл хийгээд байна.


Дашрамд дурьдахад 2018 он гарсаар сургуулиуд дээр галт зэвсэг хэрэглэн халдлага үйлдсэн 22 тохиолдол гараад байгаа нь урьд хожид байгаагүй өсөлт юм.

Be the first to comment

Leave a Reply