Өнөөдөр өглөө Конгресийн гишүүн буудуулсан халдлага гарлаа

Шинэчлэгдсэн (12:21PM): Өглөө Конгресийн гишүүд рүү гал нээж 5 хүнийг шархдуулсан хүн Иллинос мужийн Belleville хотын оршин суугч 66 настай James T. Hodgkinson гэгч байжээ. Тэрээр сумны шархтай эмнэлэгт хүргэгдсэн ч амь үрэгдсэн тухай Ерөнхийлөгч Трамп хэвлэлийн хурлын үеэр зарласан юм. Нас барсан сэжигтний эхнэрийн ярьснаар сэжигтэн Александриа хотод сүүлийн 2 сар орчимд амьдарч байжээ. Түүний сошиал постуудад Ерөнхийлөгч Доналт Трампийн эсрэг утгатай бичлэгүүд нийтлэг байсан тухай эх сурвалжуудад мэдээлж байна.

Өнөөдөр (Лхагва гараг) өглөө 7 цагийн орчимд АНУ-н Конгресийн төлөөлөгчдийн танхимын гишүүн Бүгд Найрамдах намын Whip Steve Scalise болон цагдаагийн 2 ажилтан буудуулсан хэрэг гараад байна. Мөн Конгресийн 2 ажилтан шархдаж эмнэлэгт хүргэгдээд байгаа ажээ.

Хэрэг явдал манай хөрш Александриа хотын Del Ray (400 East Monroe Avenue) орчимд байх бэйсболын талбайд гарсан бөгөөд эх сурвалжийн мэдээлж буйгаар конгрес дахь Бүгд Найрамдах намынхан жил бүр зохиогддог бэйсбол тэмцээний бэлтгэл хийж байжээ. Тус талбайд конгресийн хэд хэдэн гишүүн байсан тухай мэдээлжээ.
Хэрэг үйлдсэн сэжигтэн этгээдийг саатуулаад байгаа тухай цагдаагийн мэдээнд дурьдсан байна. Хэрэг үйлдсэн хүн нь цагаан арьстай дунд эргэм насны хүн байгаа бөгөөд М-4 төрлийн автомат буугаар 10 орчим минут гал нээж, улмаар цагдаа нартай харилцан буудалцаж 2 цагдаагийн албан хаагчийг шархдуулсны эцэст түүнийг баривчилсан бололтой. Одоогийн байдлаар сэжигтний тухай мэдээлэл гараагүй байгаа юм. Нүдээр  харсан гэрч нарын яриагаар сэжигтэн гал нээхээс өмнө болон гал нээж байх үед чангаар хашгирч юм ярьж байсан гэж байгаа ч юун тухай ярьсан, хэргийг ямар сэдлээр үйлдсэн зэрэг мэдээлэл гараагүй байна.
Төлөөлөгчдийн Танхимд Бүгд Найрамдах намыг төлөөлдөг гишүүн Scalise түнх орчимд шархдсан MedStar Washington эмнэлэгт хүргэгдэн яаралтай мэс засалд ороод байгаа бөгөөд түүний биеийн байдал тогтвортой амь насанд халгүй тухай мэдээлж байна.

Болсон хэрэг явдлын дараа Ерөнхийлөгч Трамп твитерт ийнхүү жиргэжээ.

 

Be the first to comment

Leave a Reply