АНУ-д төдийгүй дэлхийн томоохон хотууд дахь худалдааны завгүй улирал дуусч буй энэ цаг үед Америкийн сүлжээ дэлгүүрийн аваргууд Macy’s, Sears компаниуд нийт 100 орчим салбар дэлгүүрээ хааж буйгаа өнөөдөр зарлалаа.
Худалдааны уламжлалт хандлага өөрчлөгдөж, үйлдвэрлэгчид шууд хэрэглэгчид чиглэсэн маркетинг, борлуулалт хийх нь эрчимтэй нэмэгдэж буй, нөгөөтэйгүүр онлайн худалдааны Amazon, eBay мэт компаниудын борлуулалт эрс нэмэгдэх болсон нь дээрх компаниуд өнгөрсөн жилүүдэд хэдэн зуугаар тоологдох салбар дэлгүүрүүдээ хаахад хүргээд буй.
Өнөөдөр гарсан өнгөрөгч улирлын компаниудын борлуулалтын тайланд Macys-ийн борлуулалт буурсан дүнтэй гарчээ. Улмаар Macy’s 11 салбар, харин Sears Holding компани өөрийн 64 Kmart , 39 Sears салбар дэлгүүрээ татан буулгаж буйгаа зарлаад байна. ‘Sears Holding’ компани дээрх тооны дэлгүүрүүдээ ирэх 3-4 саруудад хаах бол Macy’s компани өнгөрсөн жил зарласан 100 салбар дэлгүүр хаах ажил 2017 онд эхэлж 2018 оны эхэнд үргэлжилж байгаа нь энэ ажээ. Тус дэлгүүр энэ оны эхэнд нийт 11 салбар дэлгүүрээ татан буулгахаар төлөвлөж байна.
Виржиниа мужид Sears-ийн 1 салбар (Bristol VA) Kmart-ийн 4 салбар (Salem, Roanoke, Fredericksburg, Norfolk) үүдээ барих бол Александриа дахь Landmark-ийн Macy’s салбар хаагдах салбаруудын жагсаалтад оржээ. Дэлгүүрүүд хаагдахтай холбогдож зарим салбаруудад агуулах чөлөөлөх худалдааг дараа долоо хоногоос эхлэхээр бэлдэж байна.
Leave a Reply
You must be logged in to post a comment.