Ёслолын буудлага

Дөчин таван оны гангийн улаан униарт зуны дундуур юмсан. Дөчин таван он их дайны сүүлчийн нүргээн, зүүн өмнө зүг хошууран нисэх алсын бөмбөгдөгчид, цэргийн хээрийн сургуулийн их бага бууны чимээгээр сэтгэл зүрхнээ итгэл түгшүүр хамтад үлдээсэн бөгөөд мөн тэр зун цаг дайн дажнаас болсон нэгэн явдал, идэр залуу насны ааг охийг агтлан барьж агсан хүлээсийг алдууруулсан гунигтай атлаа сайран учрал тохиолдсон нь эдүгээ хорин жил өнгөрсөн боловч ив илхэн тов тодхон хэвээр билээ.
Онон голын дунд биеэр нутагтай хангай зүгийн идэр хорин хөвүүд бид цэргийн даргын сургуулийн зуны амралтаар гэртээ буцаж явлаа. Өндөрхааны өртөөнөөс оройхон мордоцгоож сэмжин үүлтэй цэгээн цэнхэр тэнгэр, хөх униарт хөвчийн уулс нь гойд сайхан харагдах төрсөн нутгийн зүг давхилдан одохдоо гундмал зүстэй өртөөний морь, гандмал хувцастай өвгөн улаачийг өрөвдсөн ч үгүй дээ. Улаан халзтай хар өмд, улаан хүрээтэй малгай, улаан хөх өнгийн таних тэмдэг, морин толгой сийлсэн том гуулин тольтой бүс зэрэг ёслолын хувцастай бид хөдөөнийхөнд сайрхан гайхуулж, морь мал үргээж, өөрсдийгөө гойд гайхан улс гэж санаж явжээ. Гэр орондоо яарсан хорин хүүхдүүд унаа морь бэлэн гаргаж улаа нэхнэ гэдэг тун ч яггүй. Өндөрхааны өртөөнөөс гарсаар морины ам таталгүй Дулааны босго өртөөнд ирэв.Тайны гэрт буувал үзэгдээгүй гоё хувцастай цэргийн хүүхдүүд биднийг айлын багачуул гайхан шохоорхон угтлаа. Хэдэн гэрийн цаадах том цагаан гэрийг өртөө даргынх гэнэ. Улаач маань тэднийхээс гарч ирээд морьдоо холбох зуур,

– “За тархигүй банди нар минь, өнөө явдаг чинь ч өнгөрчээ” гэж бүр нэг болж гэсэн байртай өгүүлэхэд бид ч өртөө даргыг унаа морь даруй гарга гэж тулган шаардахаар очлоо. Их таван ханатай цагаан гэрийн битүү ширдэг дэвссэн хоймор, баруун зүүн талын угалзан хашлагат орны өмнүүр таанын айрагны тос нэвчсэн хүрэн улаан царайтай хэдэн хижээл харцуул хүүрнэлдэн суужээ. Мяндсан шаглаастай оймс, ногоон сарьстай гутал, өндөр захтай цагаан чисчүү цамцтай жирвийтэл имэрсэн ширвээ сахал, цохон дээр нь хөвчлөн нийлсэн өтгөн хар хөмсөгтэй сүрлэг эр мөнгөн тольтой хар хилэн жинтүү тохойлдон суугаа нь гэрийн эзэн бололтой бөгөөд биднийг даанч тоох шинжгүй. Түүний арын хананы толгойд уртад гэгчийн шийртэй, доргоны арьсан бүр хадаг яндар уясан хот цэнэг тэргүүтнээ унжуулсан, долоон дээгүүр доогуургүй идэштэй онгорхой хар бух байна. Гэрийн голд уран цоолбор угалзтай зургаан тотгот их ган тулга тулсан бөгөөд алхан хээтэй цагираг дээр нь «Мянган малтан» гэж алтан үсгээр сийлжээ. Энэ бүх янз байдал нь гэрийн эзний сүр хүчийг илтгэн бидний уур омгийг дарж авлаа.

– Та нар чинь хөө өртөө хооронд морины ам татдаггүй сүрхий дарга нар юмаа. Морь багтрааж албал яана гэж хөмсгөө нумын хөвч татах адил болтол зангидан өгүүлэхэд нэг том хултай айраг үзүүлж суугаа муйхар шар хүн:

– Энэ олон генералуудыг чинь яадаг хэрэг вэ. Янгиа тохойд ч явуулалтай биш. Тохитойгоор нь морь тэрэг гаргаж өгнө байгаа даа гэж даажигнав. Зөвхөн гоёлын хувцсаараа ч биш дажны цагийн цэрэг эрийн ёсоор биесээ их тоож явсан болохоор дур гутаж, амралтын хоног хугацаа цөөн, саадгүй өнгөрүүл! гэсэн албан бичигтэй, улаан зартай гэх зэргээр ам амандаа шуугилдахад өртөө дарга олон таван үггүй маргааныг тасалж:

– За шалдан банди нар минь юу ч болсон цайны гэрт очиж тараг идээд тавтай нойрс. Өглөө нэг арга бодъё гэлээ.
Энэ бардам сүрлэг эрийг яаж ч чадахгүйгээ ойлгосон бид тайны хар гэрт цуваа дэвсэн тэрийлдэж хөх пүүшиг баагиулан тараг ирэхийг хүлээцгээв. Тийн байтал том модон хувинтай юм дамжилсан хоёр бүсгүй хүрч ирлээ. Нэг нь саалийн тэрлэгтэй, саарин хөлтэй хөдөөх байрын хүүхэн, нөгөөх нь хар дурдан даашинзтай торгон оймстой хот янзын алхаатай хүүхэн. Хөдөөний хүүхэн биднээс ичингүйрэн гарч одоход хотын хүүхэн модон хувингаас элгэн тараг аягалж гарав. Бид гөлгөн ноход шиг хэл амаа долооцгоон хүрээлж мариа сайт нуруу бие нь өндөр гэгээний дарь эхээс дутуугүй гоолиг, зүс царан эрүүл саруул нь ямар ч өө сэвгүй тэр хүүхэнд нүүр тал олохыг өрсөлдөн энэ тэрийг асуун шалгааж байз. Хүүхэн ч үе тэнгийн хорин жулдрайг илэрхий голж шилэн, гоо сайхнаа бахдан үзүүлж хотын сургуулийн сурагч өртөө даргын охин хойно залуу эрсийн зүрхийг маажих аргаа олж яваа нүгэлт ертөнцийн «дар эх» болохоо нуусангүй. Тэгсээр ар гэр рүүгээ амь тэмцэн яарч бослого гаргах холгүй явсан бид энэ Дулааны өртөөн дээр элгэн тараг идээд хэд хоносон ч хамаагүй болж орхидог байна.

Тэр шөнө өртөө даргын охиныг шохоорхон хэлэлцэж сүрлэг аавын нь гэрээс сэмхэн гаргах арга сүвэгчилсээр цэрэг зантай болчимгүй багачуулын ёсоор нэгэн инээдэмт шийдвэр гаргав. Тэгсэн хойно тайны хар гэрээс гарцгааж айлын ноход яргиулсаар өртөө даргын гэрийн ойр очиж хамгийн зоригтойд тооцогдох нэгнийхээ хорыг малтаж гарсанд тэр маань юунаас ч буцдаггүй хүн болж гэрийн хаяа руу гэтэж очоод хананы нүдээр гараа шургуулан тэмтэрч,

– Хүүе, хүүе, Гараад ир, гараад ир л дээ гэв. Бид юу болохыг хүлээж амьсгаа даран байв. Тэгтэл ч хэрэг бишдэж нөгөө нөхөр маань
– Ео, ёо, гар гар! гэж муухай орилов. Бид ч үхэр мал үргээж унаганы зэлэнд таварцаглан ум хумгүй гүйлдсээр тайны гэрт хоргодож цааш юу болохыг хүлээн байтал нөгөөх маань уухилсаар гүйж ирээд,

– Үхсэн муу гөлөгнүүд хүн баригдаж байхад хаяад зугтана гэнээ гэв
– Тэгээд яав? гэсэн чинь
– Яах юу байх вэ, гараа хуга мушгиуллаа. Муу золигнуудын турсагыг хуулаад тэмээн тэргээр явуулна гэж байна гэхэд,
– Урьдаар сахлыг нь барьж үзээгүй хохь чинь зэргээр шоолж хөхрөлдсөөр тэр шөнө бараг унталгүй үүр цайлгав.

Биднийг тэмээн тэргээр явуулах юм гэж даанч бодсонгүй. Гэтэл өртөө дарга хэлсэн үгэндээ эзэн болж өглөө нарнаар гурван тэмээн тэрэг зэхээд аймаг орохоор арилж өгсөн байлаа. Тийнхүү бид тэмээн тэргээр Буянт хэмээх холын өртөө хүрэхээс өөр аргагүй болжээ. Тахийсан хөх гэдэстэй нүцгэн атнууд ам ангайн салхидаж алсыг ширтэн аажим тайсан алхахдаа хигээс нь холхисон модон мөөр яйжигнан хяхтнах ямаан тэрэгнээ шавааралдсан улаан алаг амьтдыг гайхах адил хааяа толгой эргүүлэн харна. Тэр өдрийн халууныг хэлэх үү. Замын хагаст нэгэнт тэсвэр алдацгаан суран бүсээ тайлж тэмээнүүдийг гуядан хашгиралдахад өвгөн улаач арга буюу жонжуулан явав. Гэтэл дунд тэрэгний тэмээ бурантагаа таслан дэрс сондуул дундуур таварган туйлж улаан халзтай «генералуудыг» талаар нэг цувуулан эцэст нь ямаан тэрэгний яйжгий мөөрийг яйран болгож орхилоо. Ээ дээ бид мөн ч булчимгүй явж дээ.
Бид аав ээж, амраг садандаа аятай сайхан амраад найман сарын сүүлчээр нэгэн зэрэг мордож мөн л улаан тоос манарган ундуй сундуй давхилдсаар Дулааны өртөөнд ирэв. Энэ удаа ширүүн ааштай өртөө даргаас хариугаа авахаар хатуу шийдсэн байлаа. Нар жаргаж байх үеэр усан хулгана болсон морьдоо уяан дээр нь татаж бууцгаан цөмөөрөө өртөө даргын гэрт оров. Гэтэл гэрийн эзэн уй гашуудалд дарагдсан янзтай царай барайлган суужээ. Охин нь орныхоо урд буруу харж суугаад хувцас хунараа вааданд боож, эх нь эрэгнэгийн хажууд хонины шууз, ааруул, боорцог зэрэг хүнсний юм янзалж сууна. Гэрт байгаа өөр хэдэн хүн ч гуниг гутралын байдалтай ажээ. Эл байдал биднийг эрхгүй нсмхруулав. Гэрийн эзэн зөөлөн нүдээр харж,

– За хүүхдүүд минь сайн явж байна уу? гэхэд,
– Сайн, сайн гэцгээж
– Сууцгаа гэхээр нь хаяагаар түлхэлцэн суув.
– Хүүхдүүдэд унд хийж өг! Байгаа морь эмээлээ гаргаад явуулъя. Сургуульдаа яарч яваа байлгүй. Миний хүү аавынхаа эмээлийг гарган тохоорой. Тэгээд эдэнтэй явна биз гэхэд гэрт байсан өртөөчингүүд уван цуван гарцгаав.

Энэ удаа ийм амархан цуваа залгаж өртөө даргын охиныг дагуулан явах болсон хийгээд гэр хотлоор уй гашуудалтай өайгааг гайхацгаан анир чимээгүй байв. Дулаан хайрханы өрнө шил дээр үдшийи цагаан гэгээ тасран ахуйд мордоцгоож өртөө даргын охиныг дундаа хийгээд буцах шувуу мэт зэл татан одов оо. Надад дээсэн дөрөөтэй өгөр янгиа тохсон, шодон сүүлтэй, цүдгэр гэдэстэй хөгшин гүү дайралдсан боловч өртөө даргын гоё охинтой дөрөө харшуулан явахад эмнэг зүрх шархиран булгилж, идэр биеийн гал халуун цусыг эргүүлэн буцалган хөөж, сэтгэл санааг хөрвүүлэн хөдөлгөж байлаа. Дулааны даваан дээр гарч ирэхэд нэгэнт харуй бүрий болжээ. Тэртээ дор тэнгэр газрыг зааглан Өндөрхааны гэрэл яралзана.
– Аймаг, аймаг харагдлаа! Одоо ч давхиад бууна гэлцэн монгол хүний заншил ёсоор даваан дээр азнав. Тэгтэл гэнэт газар дэлхий хотосхийн доргиж, морьд холби үсрэн дараачийн эгшнээ аянга ниргэх адил их чимээ нүргэлэн маш өндөрт хэдэн арван галт бөмбөг дэлбэрч харагдав.
– Юу вэ? Юу болов? Агаарын их буу буудаж байна гэлцэн сандарцгааж байтал улаан, ногоон, шар өнгийн пуужин цацран гэрэлтэв.
– Ёслолын буудлага, ёслолын буудлага болж байна! Дайн дуусжээ! гээд урай хашгиралдан ухаан жолоогүй давхицгаалаа.

Би өртөө даргын охиноос хоцрохгүйг хичээн үйлээр ногдсон хөгшин гүүг суран бүсээрээ баруун зүүнгүй гуядаж явлаа. Тэгтэл нөгөө муу дээсэн дөрөө тасарч янгианыхаа бүүрэгнээс хальт шүүрээд биеэ татаж чадалгүй явж өглөө. Цулбууртаа чирэгдэн уруу газар хэд өнхрөөд бостол нөхөд маань урай хашгиралдсаар алга болов.

– Хүүе мондинуудаа хүлээгээч! гэж цухалдан хашгиртал өртөө даргын охин морио татаж ирээд:
– Яав? гэхэд нь
– Яагаа ч үгүй. Азгүйдэхэд нэг муу янгиа таарсан нь дөрөө тасраад гэж «За та нар явж л бай. Би чинь харин янгиа тохсон биш аятайхан ойчлоо. Амаа барих бий та нар» гэж хараан дээсэн дөрөөгөө залгаад мордож хүүхэнтэй зэрэгцэн алхуулав. Агаарын их буу нүргэлэн хаврын шөнийн одот тэнгэрт галт сумаа тургина.

– Ингээд дайн дуусжээ. Нэг муу ах минь түр цэрэгт явсан юмсан. Одоо эргэж ирнэ дээ гэтэл хүүхэн гэнэт хамаг бие алдран найгаж намайг түшээд,
– Ах минь, ах минь, миний ах эргэж ирэхгүй… гэж ихэр татан уйлав. Өртөө даргын гэр хотлоор гуниг гутралд дарагдсаны учир энэ байжээ. Таван жил үргэлжилсэн их дайн энэ ертөнцийн таван тив таван далай үлэмжийн их орон зайг үхлийн хар салхиар сүйрүүлэн өнгөрчээ.
– Ах минь! Хөөрхий ах минь! Би ганцхан ахтай юмсан…

Дайн дууссаны ёслолын буудлага нүргэлэн олон өнгийн пуужин цацран гэрэлтэнэ.

– Яая гэхэв дээ. Олон аавын хүү гэртээ буцаж ирээгүй. Дайн үргэлжлээд байвал бид ч гэсэн яах байсан юм гаж янгиа тохсон ядуу хөвгүүн би хүүхний биеийг түшээд хацар дээгүүр нь урсах бүлээн нулимсыг алгаараа арчиж аргадан энхрийлэн явахад агаарын их буунууд нир нир хийж, амрагийн зүрх түг түг цохилонхон байсан сан.

С.Эрдэнэ

Be the first to comment

Leave a Reply