Аян замын бодол буюу уянгын эрхи

Даваан дээрээс Отгон тэнгэрийн оргил бадамлан гялалзаж харагдана. Тэнгэрийн отгон хөвгүүн түүний бараа сүрийг аялах замд бишгүй олон харсан ч мөнөөхөн миний хүрэхийг зорин тэмүүлэн тэмүүлсээр өдий хүрсэн ганцхан уул шиг дотно санагднам.
Хүнд өөрийн уул гэж байдаг бол төрсөн нутгаас минь алсын алст орших атал, миний уул чухам энэ Отгон тэнгэр гэлтэй. Амьдралын зорилго гэгч мөнхүү амьдралын өндөр давааны оргил хэмээвээс энэ Отгон тэнгэрийн оргил шиг хүрхүйеэ бэрх бөгөөд үргэлж даллан дуудаж, ойртохын хэрээр улам болдог ажээ. Тийм оргил үгүйсэн бол мацахын хэрэг юу билээ.

Хүний замд хөндөлсөх даваа бүхэн өөрийн үүх түүх, үг хэлтэй. Угалзын зоо шиг энэ хөх халзан даваа эртний жингийн замыг мөрлөн өргөж аянчин жуулчинд Отгон тэнгэрийн оргилыг зориуд харуулах гэсэн шиг. Давааны оройн их овоонд өргөсөн юмс хүн байгаль лугаа учралдан найрсах, эсэргүүцэн тэмцэлдэх ёсыг өгүүлнэ. Энэ овоог яагаад ч юм угалзын толгойгоор тахидаг байжээ. Хад чулуун дээр ургасан юм шиг архайлдан, хоосон ухархайгаараа алсыг ширтэх угалзын өгөр толгойнууд аль эрт мөхөж сөнөсөн ертөнцийн сүг сүлд шиг харагдана. Дээр цагт хятадууд энэ даваагаар давж Улиастай ордог байж. Бээжингээс энэ хүртэл өгсөн өгссөөр ирээд, сая уруудах болов гэж турлиах шиг шуугилдан найрлаж модонд өлгөөстэй том ширмэн хонх дэлдэн монголын уул талыг цочоодог байжээ. Одоо тэр ширмэн хонхны нь хэлтэрхий энд тэнд хэвтэнэ. Монголын баялгийг эзэмших шунахай санаагаа билигдэн уухай чимээ өгдөг агсан тэр хонхыг нь манайхан хэмх цохин хаяжээ. Хятадуудад монголын зам хэзээд өгсүүр, даваа нь хэзээд өндөр байсан юм.
Миний отгон тэнгэр уул тэнгэрийн отгон хөвгүүн амгалан сүрлэг гялбалзан байна.
Цагаан турууны голын хөвөөнд Хангайн нуруунаас эх авсан энэ цовоо цэнгэг голын урсгалаас унага дааганы хөнгөн төвөргөөн хүүхдийн инээд, болжморын жиргээ сонсогдоно. Түүннй зэрэгцээ голын хөвөөндөх хуучин хүрээний тууринд үлдсэн амьгүй сүмийн өнчин хонх салхины аясаар хааяа нэг хангир жингэр хийнэ. Харин Цагаан турууны гол идэр залуухнаараа ажээ. Ус гол хүртэл хүн шиг залуу хөгшний ялгаатай юм. Сэтгэлд ийнхүү цагаан долгис цалгиулах уулын гол шиг идэр залуугийн цог заль үргэлж хөвөлзөн хөөрч байдаг сан бол юутай жаргал билээ. Хаанахын далай тэнгисээс ирээ юм болоо? гэмээр хахир дуутай дун цагаан цахлай шувууд Цагаан турууны цовоо долгисыг шүүрэн цойлон ниснэ. Сүмийн хонхны дуу голын шуугиан цахлайн хашгираан, бүхэн эрт эдүгээг санаашруулах хөгжмийн уянгат найрал болж холхид уриалах ажээ. Огинскийн полонез гэнэт санаанд долгилон орж ирэв. Цав цагаан цахлай элин халих хөв хөх тэнгэрээс ийнхүү урьдын сайхан дуртгал нартай бороо мэт түр зуурхан асгарах шиг. Би багаасаа өдрийн одыг олж харах гэж оролддог хачин зантай билээ. Яв явсаар энэ цагаан турууны голын хөвөөнд, яг энэ өдөр цагт тийнхүү насаараа хүссэн өдрийн ганц одоо олж харах төөрөгтэй юм шиг санагдлаа. Мөнөөхөн полонезийг чагнаархан, тэнгэр ширтэж хэвттэл холын огторгуйд тэрхүү оргүй зайнаас гэнэт өдрийн од гялсхийх шиг болсноо дараагийн эгшинд хөх торгон дээр орхисон ганц бяцхан сувд шиг, ердөө л ухаан орсон цагаас минь үргэлж харагдаж байсан юм шиг тов тодхон гялтганаж байв. Би яагаад ч юм тэрхүү хүрэлцэшгүй холын бөгөөд насанд ганц үзэгдэх одонд биш хажууханд минь суугаа хайртдаа хэлж байгаа юм шиг «Чамайгаа би санаж мөрөөдөж явна шүү!» гэж шивнэн өгүүлэв. Дуртгалын нартай бороо асгаранхан өнгөрчээ.
Би төрсөн гэрийнхээ буурь дээр зогсож байв. Арван зургадугаар жарны гуравдугаар шороо могой жилийн өвлийн дунд сарын эхээр энд хүнд төрсний тэмдэг тоонотын минь элгэн хүрэн чулуу торойн хэвтэнэ. Ертөнц хувирч цаг өнгөрөх нь амархан атал хүний амьдрал нэг бодлын их л урт ажээ. «Наран мандахаас үд хүртэл эрдэнэ дагинын цагт төрвөөс эдгэхүйеэ бэрх өвчин олон тусна» гэж гавж ламбугайн айлдсан тэр хүн одоо төрсөн гэрийнхээ буурийг эдгэж, тоонотынхоо чулууг элэгдтэл явж л байна. Өвөлжөөний маань хаяагаар урсдаг Галттайн голын гарам, нүүдлийн зам битүүрч гарам дээрх таван улиасны нэг нь хөгширч унаад, багын танил бүргэдийн үүр хоосорчээ. Мод ч гэсэн жигүүртэн ч гэсэн цагаа ирэхээр хорвоогоос халин оддог жамтай. Орчлонгийн цаг хугацаа гэгч зөвхөн хүний ухаанд л эхтэй эцэстэй билээ. Ухаанд мэдрэгдэвч эрхэнд ордоггүйдээ түүний аугаа хүчин оршино. Миний бодол, амьсгал, зүрхний цохилт цөм төрсөн гэрийн минь буурьт ургасан хиаг шарилжийг найгуулан гүйх салхи шиг барин тавин, цагийн урсгалыг хумин хурдасгаж байна. Гэвч миний өнгөрсөн, одоо ирээдүй цөм миний бодол амьсгалд шингэжээ. Өнгөрснийг ч ирээдүйг ч энэ өвс ногоо, энэ элгэн хүрэн чулуу шиг барьж мэдэрч болдогт ухаант хүний жаргал зовлон хамсчээ. Гэвч гажрах юм алга. Цагийг эрхэндээ оруулж болдоггүй хатуу хуультай хорвоод өнгөрсөнтэй, одоотой бас ирээдүйтэй явах юутай зол заяа вэ! Ухаан цаг хоёр уралдаж байна.
Нарнаар Онон голын шугуйд хур шувуу шаагин наадаж байв. Тэдний бахарданги догдлуун дуун нартад жигүүртэн болж төрсний бахдал, үг хэлээ ололцсон амьтны янаглал болоод бас нууц далдын атаархлыг илтгэнэ. Тэд дууныхаа цээл өд сөдийнхөө гоо сайхнаар мөчөөрхөлцөх мэт ажээ. Гэвч байгаль тэдэнд адилхан дуу, адилхан өд сөд заяасан болохоор ийнхүү хаврын наадамдаа ижилсэн дуулж наранд дуугаа өргөж байна. Аливаа амьтны атаа миеэг хурцалдаг нь байгалиас заяасан үзэсгэлэн гоо бус хиймэл түрхмэл гоо үзэсгэлэн билээ.
Хур наадан шаагиж, саальчин бүсгүй цагаан гэрээсээ хувингаа барин гараад шүүдэртэй ногоон дээгүүр хол нүцгэн алхлана. Өглөөний улаан нар туссан уулын энгэрийн цахиур гялтганан, үхрийн хашааны шон дээр суусан турлиахууд харин зүүрмэглэсээр. Нэг юмны сайхан нь нөгөөдөө нөлөөлдгийг юухнаас ч мэдэж болно.
Хурын наадах дуунд Ононы намжаа хүрэн шугуй, шон дээр зүүрмэглэх турлиахууд хүртэл бас ч тэрүүхэндээ ертөнцийн намуун тайвны нэг сайхныг үзүүлнэ. Байгальд амар төвшин, бадрангуй дэвэргүүн аль аль нь хосолжээ. Хөл нүцгэн алхлах саальчин бүсгүй багын явдлыг сэтгэлд гэнэт ургуулан, бид хиймэл гоо сайхныг хар харсаар жинхэнэ байгаль эхийн гоо сайхныг мохоо мэдрэх болж дээ хэмээн бодогдов. Бачуу гоё гутлаар хотын цардмал дээгүүр таваргасаар яваад шүүдэртэй ногоон дээгүүр хөл нүцгэн явахад ямар байдгийг бараг мартжээ. Хурын наадам балчир цагийн саруул өдрүүдийг зүрх шимширтэл санагдуулан байлаа.
Хэрлэнгийн хөндийд хурдан морь тарлаж байв. Тал нутгийн зун идэрхнээрээ, голын өмнөх гүвээнүүд хөвчийг нь тавьсан нум шиг тэнийлдэн цэнхэрлэж, агь бууралтсан газраас айраг цагаа үнэртэнэ. Морь тарлаж байм өдөр өө. Морьтой ардын үр сад гэсэндээ сэтгэл хөөрөн, хөл хөнгөрчээ. Уяа тойрон гийнгоолох хүүхдүүдийн дуу чихэнд бус зүрхэнд хадаад Хэрлэнгийнхээ энэ хөндийд ялгуум сайхан мориор давхиж нэг үзвэл нас залуужих мэт санагдана. Уяан дээр үрээ насны цагаан бор морь хазаар даран зогсоно. Хурдан морь шинжих эрдэм даанчиг байхгүй гэлээ ч би ухаанаараа дүүрэн мэлтэгнэх нүдийг нь хараад энэ лав түрүүлэх морь байна. Ийм хөлөг унасан хүн уужимхан сэтгэлтэй байлгүй яах вэ? гэж бодлоо. Сэтгэл будангуйран бухимдах цагт «Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтана» гэсэн үг яалаа гэлтэй билээ.
Байдрагийн хавьцаа гол замаас говийн уулс сүмбэрлэн харагдана. Говь руу орж ирэхэд хангайн хаврын хавсарга шуухиран шуухирсаар ард хоцорч, харгана бударганы үзүүр ногоорон, уулс дулаахан царайлах ажээ. Гучаад жилийн өмнө Их, Бага, Арц гурван Богдын ар өврөөр анх аялан өнгөрснөөс хойш энэ уулсыг хааяахан ч гэсэн харах сан гэх болжээ. Энэ уулс элдвийг сэтгэн бодохын хишиг хүртээж билээ. Аян замаас гуяа ганзгалаж ирэх шиг гутамшиг байхгүй. Байгалиар ухаан заалгаж болох тухай буюу хүн байгаль хоёрын харьцааны тухай санаашралаас ухаан нээгдэж болно гэсэн идэр залуугийн ойлголт амьдралд их л хэрэг болсон шиг санагдана. Говийн энэ сайхан уулсыг зүгээр л дүлий дөмбө оргисон хад чулууны овоорол гээд өнгөрсөн бол Монголынхоо төлөө гэх зүрхэнд уяатай итгэл сэтгэл минь дундуурхан байх сан бизээ. Хүүхдийнх шиг гэнэхэн мөрөөдөл, сониуч занг хөгширсөн сэтгэлийн хувхай довцог дээрээс өлийн харж шоглох хэрэггүй юм даг шүү. Тээр жил Их Богдын өвөрт тасхийм хүйтэн өвлийн шөнийн оддын дор зүүрмэглэх цагаан оргилыг нь ширтэн ахуйд «од одтойгоо хүүрнэлдэх» хорвоод хүн уул хоёр ч сэтгэлийнхээ нандин нууцыг хэлэлцэж болох мэт санагдсан сан.
Тэр цагаас хойш их говийнхоо ид шидийн узэсгэлэнт уулсаар холч бодлын баримжаа авах мэт тэнгэрлэг дүрийг нь дуудан үзэж, өөрийгөө ертөнцийн тоосонд дарагдсан бяцхан толгод гэж гололгүй үргэлж урагшаа, үргэлж дээшээ тэмүүлэхийн эрмэлзлэлээр амьсгалж явнам.
Алтайнхаа уулсыг хараад өнгөрснийг дурсах юуных билээ дээ. Тэртээ хориод жилийн өмнө Ховд голын намрын алтан шугуй дундаас Цамбагаравын хөхөмдөг цагаан оргилыг ширтэн алтайн салхи хөх, цагаан шаргал олон өнгөтэйг олж хараад, байгаль ертөнцийн нэгэн шинэ сониныг нээсэн бага хүүхэд мэт баярлан, баярлахын хэрээр Алтайнхаа уулстай дотор сэтгэлдээ хүүрнэлдэн, уул хүн хоёр хэлэлцэх үгтэйг бас ухаарч билээ. Ийм сүрлэг сайхан ертөнц дээр хүний үр чи ямар явах ёстой вэ? гэж өөрөөсөө асуухад Алтайн уулс хариу хэлэх шиг болсон. Тэр бол уулсын сүрээр хүний сэтгэлд буусан эгшиг дуун байлаа.
Одоо би Сутай хайрханы зүг довтолгож явна. Сутайг бас тэртээ зуны нэгэн өглөө Шаргын говиос анх харсан сан. Говийн агуу тэнгэрийн баруун хаяанаа, нүдний үзүүрт цайвалзан, өглөөний нарны туяаг даанч холоос хэдийнээ тосон авч мөнөөхөн агуу хөх тэнгэрт цацлан ахуйд «Сутай хайрхан тандаа би нэг л өдөр хүрч очно доо» хэмээн андгайлж билээ. Гэвч аян тал таарахгүй явсаар өнөө хүрчээ. Санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ гэгч боллоо. Одоо Хар ус нуурын урд үзүүрээр ороож Зэрэгийн шаргал хөндийд оронгуут Сутай хоёр зуун бээрийн тэртээгээс ердөө л хаяанд байгаа юм шиг ч хүнхийн цайвалзаж намрын шаргал уулсын чуулган дээр Алтайн их номин тэнгэрийн дор сүрлэгхэн атал бас дотроо мишилзэх адил дулаан царайлж угтлаа. «Монголын цагаан сэтгэл минь! Их цагаан өргөө минь! Сутай хайрхан уул минь! Би тандаа очиж явна. Өчнөөн жил таныгаа гэсээр хүрч ирлээ би». Адуу мал намартаа налайн бэлчиж, айлын цагаан гэрүүд яруу найрагч найз агсны минь бичсэнээр «Зүүрмэглэх цагаан хун шиг» энд тэнд үзэгдэн, зэгс хулс шаргалтсан Зэрэгийн баян хөндий Захчин монголын заяаны сайхан нутаг, Алтан тээл өмнө тийш хязгааргүй униартан

“Алтайд ганцхан ургадаг
алтан жигд модыг
Азтай явах насандаа
үзсэн хэдий гэлээ ч…”

гэсэн аль хэдийнээ нэгэн бадаг шүлэг санаанд ороод «Алдсан юм алдагддаг гэлээ ч бас хүслийнхээ цэнхэр ууланд хүрч болдог амьдрал юм шүү дээ» гэж сэтгэл уужрав. Сутай хайрханд дөхөж очиход хаяанд юм шиг санагдсан уул маань бараа сүр урьдын хэвээрээ нар баруунаа хэвийлгэн Зэрэгийн шар хөндийг сая уртааш нь бараглан туулж Сутайн хормойд дөхөж ирлээ. Алтайн уулсын түмэн атираанд нарны туяа огшин гэрэл сүүдрийн санаанд багтамгүй нарийн хослол, газар тэнгэрийн өнгө шүтэлцэх, харшилдах тэр бүхний дээр Сутайн цаст цагаан оргил улбартан нарлаж, нэгэн бодлын ихэмсэглэх юм уу нэгэн бодлын дүнсийж санаашрах мэт ажээ. Тийнхүү ихэмсэглэх, санаашрах алин боловч дулаан сайхан харагдаж, зүгээр л хэн хүний хүрээд ирж болох нутгийн нэг уул гэлээ ч миний хувьд бол урьд алдсаныг ч хожим олохыг ч тэнцүүхэн ухаарах ухаарлыг өгөгч хүслийн цагаан оргил болон үзэгднэм. Одоо би наран мандахаас шингэх хүртэл Сутайн барааг харж эх нутгийнхаа алтан шар замаар давхилаа. Азтайхан явах нас минь уртсаа бизээ.

Алтайд нар шингэхийг л үзэх гэж очсон байхад багадахгүй. Оросын алдарт зураач Рерих чухам Алтайд нар шингэхийг үзээд л « Тэнгэрийн зөрчилдөөнийг» ч юмуу, «Гэсэр хааныг» зурсан биз. Нар шингэхийн өмнөхөн улаан ягаанаар уулга алдан газар дэлхий даяар тийнхүү улаан цуурай хадаах тэнгэр дор харин юуг ч сонсох тэнхэлгүй намжааран униартсан хөх улаан уулсын дээр ганц морьтон аврал болон зогсоно. Энэ бол Рерихийн зураг юм. Рерихийн өнгийг Алтайн уулст нэгэнтээ үзвэл байгаль дэлхийн гоо үзэсгэлэн болоод сүр хүчийг ухаарсны жаргал, «Бяцхан хүн чи наран шингэх Алтайн тэнгэрийн улаан цуурайг сонсож, Сутайн цагаан оргилыг хараад ухаан уужрах их амьтан юм» гэж өөртөө хэлнэ. Энэ чинь сэтгэл бодлын их олз бус уу? Уран сайхнаар сэтгэгч бид хачин хүмүүс юм. Алтайн уулст наран шингэх, үгээр зураглан хэлшгүй үзэгдлийг харан зогсохдоо хэдэн жилийн өмнө нутгийн залуус мориор Сутайн оргилд гарах гэж зүтгэн ховорхон жигүүртний хүрэх өндөрт туурт морьд хичнээн шандастай ч халган цуцтал, харин ганц цагаан морь мацсаар оргилд нь гарсныг санан бахдаж, Сутайн оргилд цагаан мориор гарсан тэр залуу шиг азтай хүн үгүй юм шиг бодлоо. Тэгвэл цагаан морь унаж Алтайнхаа оргилд гарах нас надад даанч үгүй дээ гэж гутрах шиг болов. Гэвч би Рерихийн улаан мориор Сутайн оргилд гарсан болог доо.
“…Хар-ус нуурын шагшуурга намрын салхинд исгэрнэ…” Явуухулангийн алдартай энэ шүлгийн мөрүүд бас л өнгөрснийг санагдуулнам. Хар ус нуурын тухай эхлээд Явуухулан, дараа нь Гайтав шүлэг бичиж билээ. Одоо би тэднийхээ мөрөөр Хар ус нуурт ирлээ. Нуурын цэнгэг ус намрын хонгор салхины аясаар мяралзан, үеийн хоёр найзын минь хэзээ нэгэн цагт гаргасан мөртэй эрэг хөвөөгөө илбэж байна. Эх нутгийнхаа нэгэн сайхан усны хөвөөнд гишгэсэн тэдний мөр арилаагүй дээ гэж бодоход яруу сайхан шүлэг дуунд нь хэзээ ч арилаагүй мөр болон үргэлжилжээ гэж сэтгэл тэгширнэм. Аль тэртээ гучаад жилийн өмнөх зун залуу эмч би түргэн тусламжийн «ЯК 12» онгоцоор анх Улаангом хүртэл нисч билээ. Монголын цуутай нисэгчдийн нэгэн агсан Дарвагар гуай Жаргалт хайрханы торгон оройг шүүрэн алдаж даваад, Хар ус нуур дээгүүр доошлон халихад хун, галуу, хотон нийлсэн түмэн цагаан шувуу хөх ногоон зэгэст арал хойг дээгүүр нь эргэлдэн хүн болсоор ийм олон шувуу, бүхэл бүтэн уул нуруу тольдсон ийм их ус үзээгүй би «Ай ямар гайхамшиг! Ай юутай жавхлан!» гэж уулгалж билээ.

Хожим нь би бас нэг ирсэн юм. Гэвч тэр удаа очсон минь зөвхөн зүүд шиг л хоцорчээ. Ховд голын цутгалангаас доогуур оройн нарнаар иртэл нуурын мандалд нэл ургасан ухаа ягаан бадамлянхуа нүд алдам алст улбартан шаргалтан байлаа. Анхандаа би усны лянхуа ургасан талбай гэдгийг ухааралгүй хий үзэгдэл үзсэн мэт мэл гайхаж билээ.

Энэ бол хүний амьдралд ховорхон тохиолдох байгалийн гайхамшиг байлаа. Тийнхүү Хар ус нуурт бадамлянхуа өвч дэлгэрсэн зунаар тааралдсан азтай хүн би тэр сайхан нуурын тухай шүлэг найргаа бичсэн үеийн хоёр найзаа одоо дурсаж явнам. Дурсахуйд зүүд шиг юм олон. Нуурын мандалд тийнхүү лянхуа дэлгэрснийг амьдралдаа ганцхан удаа үзэж болох бөгөөд дахин учрахгүй юм бүхэн зүүд шиг байдаг бизээ. Одоо би Хар ус нуурын манант алсыг ширтэн «Нөхдийнхөө замыг залгаж яваа хүний үр би ийм сайхан газар дэлхий дээр юундаа ч гажрах вэ дээ» гэж бодлоо. Хар ус нуурын мандалд лянхуа дэлгэрснийг дахиад үздэггүй юм аа гэхэд өөр газар, өөр цагт юухныг эс үзнэм билээ дээ.

Мөнгөн хүрхрээ шаагих Орхоны номин хөндий… Энэ дүрслэл миний сэтгэлээс гарахаа байжээ.
Вьетнамын Бунг Тау хотод Номхон далайн манант алсыг ширтэж суухад минь Орхоны намрын хөх номин хөндий харагдаад байлаа.

Орхоны эхний хөвчийн униарт уулсын зүгээс хонгор салхи сэвэлзээд Улаан цутгалан түмэн жилд элэгдэж, дийлдээгүй хадан ховилоор бухимдах мэт урхиран, хөвөөнд нь ургасан улиасны алтан шар, нохойн хошууны гал улаан навчис тэртээ дороос ойсон усан хумхинаа гялтганан, яагаад ч юм бэ Орхоны хүрхрээ миний амьдрал, хүслэн тэмүүлэл, магадгүй миний насны нэгэн үетэй холбоотой юм шиг санагдах нь хачин.

Тийнхүү:
“Мөнгөн хүрхрээ шаагих Орхоны номин хөндийд
Мөнхийн рашаан хүртээгүй хүний заяанд гомдовч
Мөргөн гуйгаад ч нэмэргүй нэгэнт харьсан насандаа
Мөхөсхөн доройгоо мэдэлгүй хүний үрийг хайрлажээ…”

гэсэн бадаг сэтгэлд минь уянгалаад байв. Хайр гэгч юу вэ? Хайр гэдэг бол хүний гуниг баяслын дээд гэж Орхоны хүрхрээ бухимдан урхирахдаа арай над шивнээгүй байлтай. Хүний үрд хайртай явсны төлөө баясал зовлон алийг нь ч эдэллээ гэсэн атаа жөтөө өшөө хорслыг хичнээн үзлээ ч гэсэн эцсийн бүлэгт өөрийгөө өмөөрөн зөвтгөх юм ганцхан тэр билээ. Би улаан цутгалангийн бухимдуу хүрхрээг чагнаж суухдаа ингэж бодсон юм. Тэгээд мөнгөн хүрхрээ шаагих Орхоны номин хөндий сэтгэлээс минь гарахаа байжээ.
Эх нутгаасаа хол явахад сэтгэлд юу эс хөлбөрнөм билээ. Би Меконгийн намуухан атлаа улаан хоормог усыг ширтэж суунаж. Өдийд манайд наран мандаж байгаа. Сергей Есениний нэг шүлгийн бадаг санаанд минь гэнэт оров.

“..О верю, верю, счастье есть!
Еще и солнце не погасло,
Заря молитвенником красным ,
Пророчит благостную весть,
О верю, верю счастье есть!”

Дурдатгалын нартай бороо асгаранхан орох нь тэрээ. Тэртээ хорин хэдэн жилийн өмнө шүү дээ. Сэтгэл мэдрэлийн больницын эмч нарын өмгөрхөн өрөөнд Татьяна бид хоёр Есениний шүлгийг уншдаг байлаа. «О верю, верю, счастье есть» гэж Татьяна уншаад яагаад ч юм тэр аз жаргалд итгэж ядсан юм шиг, үд дундын цэлмэг тэнгэр шиг зөөлөн цэнхэр нүдээ цавчлан суудаг сан. Нэгэн удаа тэр Блокийн бяцхан ботийг авчраад «Чи хайр дурлалын тухай шүлэг бичье гэвэл Блокийг уншиж бай» гэв.

Би Блокийг хааяа уншивч түүний нарийн ухааны шүлэг сэтгэлд минь нэг л бууж өгдөггүйсэн. Харин Есенинийг бол зүрх шимширтэл ойлгоно. Түүнээс хойш хорин хэдэн жил өнгөрчээ. Гэтэл энэ удаа Ази тивийн өмнөд хязгаар одох тухайгаа мэдээд Орхоноос буцаж явахдаа, хормой бэлээр нь ногоо хэнзэлсэн униарт уулстай нь дотроо салах ёс гүйцэтгэн Александр Блокийн шүлгүүдийг дахин нэг уншъя гэж шийдлээ.
Хорин хэдэн жилийн өмнө Татъяанагийн хэлснийг дурсаад тэр биз. Тэгээд Вьентьян дахь Зөвлөлтийн Элчин сайдын Яамны номын сангаас Блокийн шилдэг түүвэр авч уншлаа.

Ээ орос минь! Гэргий минь!
Бидний зам ер өрөвдмөөр хол мөртөө тодхон
Бидний зам татарын сум шиг зүрхийг минь нэвтэлжээ

«Куликовын талд» гэдэг шүлэгтээ ингэж бичжээ.

Орос минь, ядуухан орос орон минь
Орог саарал оромжууд чинь
Ааль хөнгөн ая дуунууд чинь ч
Анхны дурлалын нулимс шүү дээ.

Их яруу найрагчийн зүрхнээс цутгасан энэ үгс эх нутгаа ч энхрий янагаа ч хайрлахын дээд бус уу! Би Блокийн «Скифүүд», «Танихгүй хүүхэн» шүлгийн бадгуудаас орчуулж туршлаа.

Тэмээн хяруулын саарал өдөн
Тэвчээртэй тархинд минь хуйлраад
Цэв цэнхэр огторгуй шиг нүдэн
Тэртээ эргээс ширтэнхэн байна уу

Миний сэтгэлд юу шүгэлсэн юм болоо? очиж очиж Меконгийн хөвөөнд шүү.

Өглөө наран мандаж их хот сэрж байв. Би Сайгон мөрний хөвөөгөөр салхи амьсгалан явав. Ойрхон Ардчилсан Германы танил далбаатай цасан цагаан хөлөг хотын гудамжнаа зүгээр нэг орж ирсэн мэт аниргүйхэн сүүхийнэ.
Түүний ойролцоо өвчүүн завийн хитэгнээ өндөр гоолиг бүсгүй зогсон, цагаан пансан даашинзаар баригдсан туяхан нуруугаа хотолзуулан, урт хулсан сэлүүрийг хааяахан усанд шидэж бодол болон хөвнө. Улаан усан дээр цагаан хөлөг, цагаан хувцаст бүсгүй, арван гурван жилийн өмнө Энэтхэгийн Очирт сууринд (Варанаси) Ганга мөрний хөвөөгөөр явж байсан минь гэнэт санагдав. Варанасийн Гхата буюу ариун Ганга мөрөнд мөргөл үйлддэг энэ эрэг хөвөө газар мөн нар мандаж мөрний уснаа шижир зам татуулан тоо томшгүй сүмийн алтан ганжрууд мөрний тунгалаг ус боржин эрэг хоёрыг холбосон алтан хадаас мэт тольдож байж билээ. Тэгтэл магнай дээрээ улаан шунхан мэнгэтэй, хамрын самсаан дээрээ очир алмас шигтгээтэй, Занабазарын Дар эхийг санагдуулам уран цогцостой энэтхэг бүсгүй мөнгөн сари намилзуулан усанд орж, мандах нарны өөдөөс гангын усыг цацлан наминчлана.

Одоо энэ Сайгон голд өвчүүн завиар хөвөгч вьетнам бүсгүй олон жилийн өмнө сэтгэлд зурагдан үлдсэн энэтхэг бүсгүйн дүр хүний гоо сайхны тухай бодлыг үүсгэв.

Гоо сайхан гэгч ер нь юу билээ? Yзэгдэхийн төдий гоо үзэсгэлэн бол байгалийн үзмэр юм. Хүн ч ялгаагүй. Харин жинхэнэ гоо сайхныг яс махандаа шингэтэл мэдрэхийн тулд түүний төлөө тэмцэж, зовж мөрөөдөн тарчлах хэрэгтэй юм. Гоо сайхны төлөө тэмцэлдэн зовохоос илүү жаргал хорвоод байхгүй.
Гоо сайхныг өөрийн болгох буюу өөрийн нүдээр үзэх гэгч бас өөрийгөө мэдрэхийн увидас юм. Бусдын бие сэтгэлийн гоо сайханд заяанаасаа үл тэнцэвч хүн бүхэн ямархнаар боловч шингээстэй илтэсхэн төдийгөө ч мэдэрч буй байгаагаараа гоо сайхан явахын төлөө тэмцэл бол жаргал юм.

Би шөнө «Есөн луу»-гаас (зочид буудал) одтой тэнгэрийг харахаар гарлаа. Бөмбөрцгийн хойд хэсэгт харагддаггүй. Өмнөдийн хэрээс (Оросоор южный крест гэдгийн монгол нэрийг мэдэхгүй учир үгчлэн орчуулав) одыг үзэх санаатай. Английн зохиолч Стивенсон Плонезийн шүрэн арлын хөвөөнөө наргил мод түшин зогсож, тэр Өмнөдийн хэрээсийг ширтэн, манант альбионоо мөрөөдсөн тухай ямар нэг зохиолоос уншсан минь сэтгэлд хадаастай явдаг юм. Би тэр Өмнөдийн хэрээс одыг олж үзсэнгүй. Халуун орны одод бүүдгэрхэн ажээ. Тэгээд би нутгийнхаа тэнгэрийн оддыг саналаа. Уржнан намар Өмнөговийн Хонгорын элсэнд бид хоноглосон билээ. Торгон шар элснээс бүтсэн тэр ер бусын уулын хормойдох баян бүрднээ барьсан гэрээс шөнө дундуур гарч уул өөд мацан гарлаа. Элсний дуу гэдгийг чагнамаар санагдаад ч тэр үү, аль сэтгэлийн дотоод тэнгэрийн одод гэнэт гэрэлтээд ч тэр үү нойр хулжаад болсонгүй. Хүний дотоод тэнгэр гэж бий. Ингээд би өдрийн нарны илчийг тавиагүй бүлээн элсэн дээр тэнгэр ширтэн элсний дууг чагнахаар хэвтлээ. Говийн тэнгэрийн одод хар торгон дээр цацсан очир алмаас мэт гялтганан. Хонгорын шар элсэн нуруу, Ноён Сэврээгийн хар хадан оргилууд руу дөтлөн дөтлөн, дээрээс гэнэт очир алмаас бороо болж асгарах нь уу даа гэмээр. Хэрвээ тийнхүү алмаас бороо орвол би гурван марлын нэгийг ч юм уу, долоон бурхны нэгийг алган дээрээ тосон авч өнөөх сэтгэлийнхээ дотоод тэнгэрийн одтой хоршуулах сан.

Хонгорын Баянбүрдийн нуурт нугас нойрмогоор ганганан, элсний хормойд барьсан цагаан гэрүүд бөмбийн цайвалзах бөгөөд миний тосохыг хүссэн оддын туяа гэрийн тооноор харван, мөнөөхөн дотоод тэнгэр дэх одыг гэрэлтүүлсэн хүний зүрхэнд нэвтэрч ядан байна уу гэлтэй. Хэзээ хаана боловч сэтгэлийн маань тэнгэрийн од очир алмаас шиг гялбалзанхан байгаасай.

Орхоны хөндийд зуны сүүлчээр ногоо хэнзэлжээ. Хангай хөвчийн униарт уулсын намжаа их ой, хөндий тал, хад чулуу, Орхон голын гэрэлт харгиа цөм номин өнгөтэй. Хэнз ногооны энэ өнгө газар дэлхийд байтугай огторгуйд нэвчижээ. Тийнхүү бид хоёр ногоо хэнзэлсэн номин хөндийд номин тэнгэрийн дор явж байна. Ингэж ногоо хэнзэлснийг хичнээн ч жил үзээгүй юм бэ дээ. Бидний сэтгэлд энэ их хөх номин дэлхий ямар нэг нууц далдын баяр жаргалыг зөгнөн шивнэх мэт бөгөөд бодлынхоо тэрхүү номин өнгөт хөнгөн мананг цочоон хийсгэхгүйн тулд анир чимээгүйхэн алмайрч явах нь дээр ажгуу. Тийнхүү чимээгүй алмайрсаар Орхоны улаан цутгаланд хүрч очив. Улаан цутгалан биш номин цутгалангийн хүрхрээ мөн аниргүй эвхрэн буух нь гайхалтай. Өнгө бол анир чимээг хүртэл дарах увидастай юмсанжээ. Тийнхүү бид хүрхрээний чимээг сонсох чихгүй болж бие биесээ түшээд удаан зогслоо. Тэр л эгшин бид хоёрыг сэтгэлийн тасаршгүй номин утсаар холбоод өгсөн биз. Хэрвээ орчин байгалийн анир чимээнд сэтгэл хуваагдсан бол тэр гайхамшигт эгшин ирэхгүй байлаа. Хонгор найз минь гэнэт тэр их хөх номин дэлхийгээс час улаан өнгө олж харжээ. Орхоны эгц цавчим эргийн ирмэг дээр ув улаан навчтай ямар нэг бут бургас байхыг тэр олж хараад,
– Тээр! Улаан цэцэгтэй бут байна гэж дуу алдав. Тэгтэл ч мөнөөхөн хөх номин дэлхийд олон өнгө ялгарч, хүрхрээ дээр таван өнгийн солонго татав. Орхоны хүрхрээ арслан барс архирах адил сүртэйеэ шуугин шаагина. Тийнхүү Орхоны номин хөндийд олдсон аниргүй хөх номин эгшин арчигдан талийв. Амьдралд ганцхан тохиолдох эгшин ч байсан юм уу. Гэвч түүнийг үзэж мэдэрсэн маань аз байжээ.

Хэдэн жилийн өмнө би Меконг мөрний торгон эрэг дээрх багахан зочид буудлын гэгээвчээр тэрхүү булингарт их мөрний сүрлэг намуун урсгалыг ширтэн бодлогошрохуй Цастын орноос эх авсан тэр агаа их мөрөн Өмнөт тэнгист цутган цутгатлаа мөн ч олон хүн амьтны нүдний харцыг хөглөгөр хөх усандаа шингээж дээ гэж бодогдсон. Буудлын энэ гэгээвчээр франц ноёд Меконгийг ширтэж суусан нь даан их холгүй цагийнх билээ. Яасан ч хол газар хөл тавьдаг ноёд байсан юм бэ. Гэтэл би дэлхийн их их мөрнүүдийн нэгийг «өнгөрсөн францын гэгээвчээр» харж сууна. Би бас алдар цуут Дунай мөрөн, омголон догшин Амударьяа мөрний мандлаар хөвж үзсэн, Жейхун буюу Амударьяаг үзэхүл галзуу хөх заанууд мянга түмээрээ түрхрэн довтолгох мэт санагдсан. Энэ их мөрнүүдэд байгалийн сүр хүчин болоод бас ер бусын өнгө үзэсгэлэн буй. Гэвч Меконгийн булингарт урсгалыг ширтээд Онон, Хэрлэнгээ л санасандаа. Монголын нүдний харааг шингээснээрээ ариун сайхан Онон, Хэрлэн минь!

Хэрлэн яаран урсахдаа
Хэнтэй уулзахыг зорьсон юм бол..

Хэрлэн бидэнтэйгээ л уулзахыг зорьж бид ч тийш тэмүүлсээр билээ.

С.Эрдэнэ.

Be the first to comment

Leave a Reply