МЕКСИКИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ТРАМПИЙН СҮРДҮҮЛГЭД ХАРИУ ӨГӨВ

Мехико хот, 2024 оны 11 дүгээр сарын 26
Ерөнхийлөгчөөр сонгогдсон Хүндэт Дональд Трамп танаа,

Танд энэ захидлыг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны Даваа гарагт хийсэн цагаачлал, фентанилын хууль бус худалдаа, тарифтай холбоотой мэдэгдлийн талаар бичиж байна.

Мексик улс дэлхийн өнцөг булан бүрээс АНУ-ын өмнөд хил рүү чиглэн манай нутаг дэвсгэрээр дамжин өнгөрдөг цагаачдыг цэгцлэх цогц бодлогыг боловсруулсан гэдгийг та мэдэхгүй байж магадгүй. Үүний үр дүндтанай улсын Гааль, Хилийн Хамгаалалтын Албаны (CBP) мэдээллээс үзэхэд 2023 оны 12 дугаар сараас 2024 оны 11 дүгээр сарын хооронд Мексик–Америкийн хил зөрчих явдал 75 хувиар буурсан байна. Түүнчлэн ирж буй цагаачдын тал хувь нь АНУ-ын “CBP One” хөтөлбөрийн хүрээнд хууль ёсны дагуу товлогдсон уулзалтаар хил давж байна. Чухам эдгээр хүчин чармайлтын улмаас цагаачдын цуваа хил дээр ирэхээ больсон билээ.

Гэвч үүгээр зогсохгүй бид танай улсын хувьд шаардлагатай байдаг ажиллах хүчний тэнцвэртэй байдлыг хадгалах загварчлалыг хамтран боловсруулах, мөн гэр бүлүүдийг өдөр тутмын нэн шаардлагатай хэрэгцээгээ хангахын тулд орон гэрээ орхиход хүргэдэг үндсэн шалтгааныг шийдвэрлэхэд хамтран ажиллах шаардлагатай гэдэг нь тодорхой байна. Хэрэв АНУ дайнд зарцуулдаг төсвийнхөө өчүүхэн хэсгийг энх тайвныг бий болгох, хөгжлийг дэмжихэд зарцуулсан бол хүний шилжилт хөдөлгөөний үндсэн шалтгааныг шийдвэрлэх боломжтой байх байв.

Өөр нэгэн асуудал нь нийгмийн хариуцлагын хүрээнд Мексик улс АНУ-д фентанилын тахал тархахаас урьдчилан сэргийлэхэд туслах эрмэлзэлтэй байгаагаа тууштай илэрхийлсээр ирсэн. Гэвч энэ нь эцсийн дүндээ танай нийгэм дэх нийтийн эрүүл мэндийн болон хэрэглээний асуудал юм. Энэ оны байдлаар Мексикийн зэвсэгт хүчин болон хууль сахиулах байгууллагууд төрөл бүрийн төрлийн хар тамхи, 10,340 ширхэг галт зэвсгийг хураан авч, мансууруулах бодисын хууль бус худалдаатай холбоотойгоор 15,640 хүнийг баривчилсан байна.

Үүнээс гадна, Мексикийн Конгресс нь фентанил болон бусад нийлэг мансууруулах бодисын үйлдвэрлэл, түгээлт, худалдааг батлан даалтгүйгээр хорих ялаар шийтгэгдэх ноцтой гэмт хэргийн ангилалд оруулахаар Үндсэн хуулийн шинэчлэлийг батлах шатандаа байна. Гэвч эдгээр болон бусад нийлэг мансууруулах бодисыг үйлдвэрлэхэд ашигладаг химийн урьдал бодисууд Азийн орнуудаас Канад, АНУ, Мексикт хууль бусаар орж ирж буй нь нийтэд ил тод байгаа. Энэ нь олон улсын хамтын ажиллагаа нэн шаардлагатай байгааг харуулж байна.

Мөн АНУ-аас манай улс руу галт зэвсэг хууль бусаар оруулж байгаа талаар та мэдэж байх ёстой. Мексикт гэмт хэрэгтнүүдээс хураан авсан хууль бус галт зэвсгийн 70 хувь нь танай улсаас ирсэн байдаг. Бид эдгээр зэвсгийг үйлдвэрлэдэггүй, мөн нийлэг мансууруулах бодисыг бид хэрэглэдэггүй. Манай оронд танай улсын хар тамхины эрэлт хэрэгцээг хангахтай холбоотой хүчирхийллийн улмаас хүмүүс амь үрэгдэж байгаа нь харамсалтай.

Эрхэм Ерөнхийлөгч Трамп, АНУ дахь цагаачлал болон мансууруулах бодисын хэрэглээг сүрдүүлэг эсвэл тарифын аргаар шийдвэрлэх боломжгүй. Эдгээр томоохон асуудлыг шийдвэрлэхэд хамтын ажиллагаа, харилцан ойлголцол шаардлагатай байдаг.

Тариф бүрт тохирсон хариу арга хэмжээ авах болно. Энэ нь бидний хамтарсан бизнесийг эрсдэлд оруулж болзошгүй. Тийм ээ, хамтарсан. Жишээ нь, Мексикийн АНУ руу экспортлогч гол компаниудын нэг бол 80 жилийн өмнө манай улсад ирсэн General Motors, Stellantis, Ford Motor компаниуд байдаг. Яагаад эдгээрийг эрсдэлд оруулж болзошгүй тарифыг ногдуулах гэж? Ийм арга хэмжээг хүлээн зөвшөөрч боломгүй бөгөөд АНУ болон Мексикт инфляци өсч, ажлын байр алдах эрсдэлийг дагуулах болно.

Хойд Америкийн эдийн засгийн хүч чадал нь манай орнуудын худалдааны харилцан ашигтай түншлэлийг хадгалах байдлаас ихээхэн хамааралтай оршдог гэдэгт би итгэдэг. Энэ нь бусад эдийн засгийн бүсүүдтэй өрсөлдөх боломжийг бидэнд олгодог. Иймд манай хоёр орны ойлголцол, энх тайван, хөгжил цэцэглэлд хүрэх хамгийн зөв зам бол яриа хэлэлцээ гэж би үзэж байна. Манай багууд хамтарсан шийдлүүдийг үргэлжлүүлэн боловсруулах үүднээс удахгүй уулзана гэж найдаж байна.

Be the first to comment

Leave a Reply