С.Баярцогт Рио Тинтогоос 10 сая долларын хахууль авсан нь тодорхой болжээ

Швейцарын дээд шатны шүүхээс Монголын Сангийн сайдаар ажиллаж асан С.Баярцогт Рио Тинтогоос авсан байж болзошгүй хахуулийн мөнгө угаах зорилгоор ашигласан түүний дансыг хураах шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Одоогоор С.Баярцогт болон Рио Тинтотой холбоотой хээл хахууль, мөнгө угаасан байж болзошгүй гэмт хэргийг мөрдөн байцаах ажил дуусаагүй, үргэлжилж байгаа тул хэрэгтэй холбоотой нарийн дэлгэрэнгүй мэдээллийг нийтэд зарлаагүй байгаа юм.

Гэвч Швейцарын Ерөнхий Прокурор (The Swiss Office of the Attorney General (OAG- цаашид ШЕП гэж товчлох)-ийн газраас экс-сангийн сайд С.Баярцогттой холбоотой хэд хэдэн банкны данс, түүний дотор Баярцогтын 10 сая доллар шилжүүлэхэд ашигласан гэх дансыг царцааж, хэргийг мөрдөн шалгаж байгаа үнэн гэдгийг нотлоод байсан юм.

2009 онд Рио Тинто компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд С.Баярцогт гарын үсэг зурж, Оюу Толгой төслийн ажил эхлүүлсэн нь багаггүй хэл ам дагуулж, улмаар С.Баярцогт тус компаниас хээл хахууль авсан гэх хардлагыг нийтэд төрүүлээд байсан билээ.

Дээрх шүүхийн шийдвэртэй холбоотой тайлбар авахаар Рейтерс компаниас ШЕП-т илгээсэн хүсэлтийн хариуд ‘…Швейцарын Ерөнхий Прокурорын газарт гадаадын өндөр албан тушаалтан холбогдсон хээл хахууль, мөнгө угаасан гэх хэргийг мөрдөн шалгаж байгаа нь үнэн…’ гэсэн тодорхойлолт өгсөн байна.

Дашрамд дурьдахад ШЕП-с энэ хэргийг 2016 оноос шалгаж эхэлжээ. Тус улсын хууль сахиулах байгууллагаас хууль бус гүйлгээ хийж байж болох хэд хэдэн банкны дансыг битүүмжилж шалгахад 2008 оны 09 сард 8.2 сая евро (ойролцоогоор 10.1 сая ам.доллар)-ыг С.Баярцогтын мэдлийн дансуудад шилжүүлсэн нь тодорхой болсон бөгөөд энэ хугацаа нь С.Баярцогт Монголын Сангийн Сайдад томилогдсон хугацаатай давхцаж байгаа юм.

Тэр үед сэжиг бүхий данс 1.85 сая долларын үлдэгдэлтэй байсан бөгөөд үлдэгдэл мөнгийг улсаас царцаасан байна. Үүний дараагаар тухайн дансны эзэн (данс эзэмшигчийн овог нэрийг албан бичигт дурьдаагүй) царцаасан хөрөнгийг гаргаж авах талаар багаггүй хүчин чармайлт гаргаж хөөцөлдсөн ч бүтээгүй тухай шүүхийн баримтад дурьджээ. Жишээ нь дансны эзний шүүхэд гаргасан заргад түүний хөрөнгийг битүүмжилж царцаах, сэжиглэх хангалттай үндэслэл байхгүй; Швейцарь улс харъяаллын дагуу тийм шийдвэр гаргах эрхгүй; хөрөнгө царцаах хуулийн хугацаа дуусгавар болсон; эсвэл гэмт хэрэгт сэжиглэж мөрдөн шалгах нь түүний дипломат эрх дарханд халдсан хэрэг гэх мэт хэд хэдэн үндэслэлээр шүүхэд хандаад байжээ.

Эдгээр үндэслэлээр үүсгэсэн шүүхийн заргад Швейцарын дээд шатны шүүх ‘The Swiss Federal Tribunal’ татгалзсан хариу өгч, эх сурвалж тодорхой бус их хэмжээний мөнгөний гүйлгээ нь мөнгө угаах гэмт хэрэгт сэжиглэх хангалттай үндэслэл мөн гэсэн шийдвэр гаргаад байна. Тухайн шүүхийн шийдвэрт дурьдсанаар ‘…Сангийн сайд (Баярцогт) нь Монгол улсад ашиггүй гэрээнд гарын үсэг зурсан гэж үндэслэл бий…’ гэжээ.

2013 онд Олон Улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн Консерцумаас түүний (Баярцогт) Швейцарын банкны дансыг анх илрүүлэн зарлаж, тухайн үедээ томоохон дуулиан дэгдсэний улмаас С.Баярцогт УИХ-н Дэд Даргын албан тушаалаа өгч байсан билээ.

Рейтерс агентлагийн сэтгүүлч мөн Монголын Авилгатай Тэмцэх Газар (АТГ)-тай холбогдож С.Баярцогттой холбоотой мэдээлэл хүссэн тухай дурьдаад тус газрын төлөөлөгч АТГ-т Баярцогттой холбоотой хэд  хэдэн хэрэг шалгагдаж буй тухай хариу өгсөн тухай тодотгожээ.

Мэдээг орчуулж бэлтгэсэн Б.Төгөлдөр
Эх сурвалж: www.reuters.com 

Be the first to comment

Leave a Reply