“Tesla Motors” компаниас олон зуун ажилчин ажлаас халагджээ.




“Tesla Motors” компани хэдэн зуугаар тоологдох ажилчдаа ажлаас халж буй тухай “The Palo Alto” компани өнөөдөр (Бямба) хэвлэлд өгсөн мэдээнд дурьджээ. Хэдхэн сарын өмнө олон нийтэд зарлаж, захиалга авч эхэлсэн “Model 3″ загварын автомашины захиалгаа хугацаанд амжиж үйлдвэрлэх шахуу төлөвлөгөөтэй тулгараад буй тус компани нийт 33 000 ажилтан ажилчидтай бөгөөд одоогоор яг хэдэн ажилтан халагдсан нь тодорхой бус байна.

” The San Jose Mercury News ” сонин ажлаас халагдсан хэд хэдэн хүнтэй ярилцсаны үндсэн дээр тус компаниас нийт 400-700 орчим хүн ажлаас халагдсан байх магадлалтайг мэдээлжээ.

Ийнхүү ажилчдаа хоморголон ажлаас халах шийдвэрийг тус компаниас жил тутам явуулдаг ажилчдын ажлын байрны бүтээмжийг үнэлэх шалгалтын дараагаар гаргажээ. Ажлын бүтээмжийн шаардлагад нийцээгүй халагдаж буй ажилчдаас гадна мөн бүтээмж өндөртэй ажилчдыг шагнаж, тушаал дэвшүүлэх ажилчдыг ч зарлаад байна.

“Tesla” компани өнгөрсөн зун цахилгаан хөдөлгүүртэй автомашинаа ерөнхий зах зээлд гаргаж, олон нийтэд хүртээлтэй болгохын тулд энгийн хөдөлгүүртэй суудлын машинуудтай үнийн хувьд өрсөлдөхүйц “Model 3” машин гаргаж буйгаа зарлаж, улмаар урьдчилсан захиалга авч эхэлсэн юм. Урьдчилсан захиалгаар нийт 450,000 орчим захиалга авсан ч энэ захиалгаа хугацаанд нь нийлүүлэхэд хүндрэлтэй тулгарч байгаа нь нууц биш болоод байна. Тус компани өнгөрсөн улиралд зөвхөн 260 ширхэг автомашин үйлдвэрлэжээ.

Зах зээлийн эрэлтийг хэвийн хангахын тулд тус компани жилд наад зах нь 100 000 ширхэг машин үйлдвэрлэх шаардлагатай тулгараад байгаа юм. Компаний Гүйцэтгэх захирал Elon Musk дараа жилд автомашин үйлдвэрлэлийн хэмжээг 5 дахин өсгөх зорилт тавьсан бөгөөд чухам ингэж чадаж гэмээнэ компаний өнөөгийн 59 тэрбум долларын зах зээлийн үнэлгээгээ хадгалж чадна гэж ажиглагчид дүгнэж байгаа ажээ. “Tesla” компанийн өнөөгийн зах зээлийн үнэлгээ дэлхийн автомашин үйлдвэрлэгчдийн анхдагч Форд компанийн үнэлгээнээс давж гараад байгаа билээ. Гэвч “Tesla” компани өнөөг хүртэл компанийн жилийн ашиг орлогын тайланг нийтэд зарлаагүй байгаа юм.

Ийнхүү муу ажилласан гэсэн үндэслэлээр олон зуун ажилчид халсан тус компани мөн хэдэн зуугаар тоологдох ажилтан шинээр авах ажил эрчимтэй үргэлжилж байгаа гэнэ.

Дашрамд дурьдахад тус компаний үндсэн “Model S”, “Model X” загварууд нь харьцангуй өндөр үнэтэй байдаг тул зөвхөн чинээлэг давхаргын хүрээнд хэрэглэгдэж байсан бол “Model 3” загварыг $35000 үнээр борлуулах болсон нь энгийн иргэд худалдан авах боломжийг бүрдүүлж байгаа нь дамжиггүй юм. Үүнтэй уялдуулж мужууд ч цахилгаан автомашин цэнэглэх станц сүлжээ байгуулах ажилд өрсөлдөж эхлээд байгаа бөгөөд манай Виржиниа муж ч мужийн нутаг дэвсгэрийг бүрэн хамарсан цахилгаан автомашин цэнэглэх станцууд байгуулах болсноо саяхан зарлаад байгаа билээ.

Be the first to comment

Leave a Reply