Өнөөдөр Цагаан ордон Ерөнхийлөгч Трампийн цагаачлалын хуульд тусгах хувилбар саналуудыг танилцууллаа.
Сэтгүүлчдэд өгсөн товч мэдээнд Ерөнхийлөгч 1.8 сая орчим Dreamers буюу хууль бус цагаачдыг бичиг баримтжуулах, улмаар гэмт хэрэг зөрчилд холбогдоогүй эдгээр цагаачдад ирээдүйд иргэншил авах боломж өгөх, харин хууль ёсоор байнгын ошин суух эрх олгодог хөтөлбөр, журмуудыг чангатгах, АНУ-Мексик хил дагуух хана барих ажилд 25 тэрбум долларын санхүүжилтийг цагаачлалын хуульд оруулах зэрэг санал тавьж байгаа ажээ.
Ерөнхийлөгчийн тавьж буй энэ хуулийн төсөл нь Ардчилсан намтай зөвшилцөх боломжийн санал гэж үзэж буйг Цагаан ордны төлөөлөл хэлж байлаа.
Ерөнхийлөгчийн гаргасан эдгээр санал өөрийнх нь урьд барьж байсан бодлогуудаас ухарсан гэж үзэхээр байгаа юм. Тухайлбал Ерөнхийлөгч Трамп сонгогдсон даруйдаа Обамагийн үеийн DACA хөтөлбөрийг бүр мөсөн цуцлах ярьж байсан ч хожим энэ хөтөлбөрийг сунгаж болно, харин эдгээр хөтөлбөрт хамрагдагсдад АНУ-н иргэншил авах эрх олгохгүй гэсэн байр суурьтай байсан билээ.
Одоогийн байдлаар DACA хөтөлбөрт 690 000 орчим хууль бус хүүхэд залуучууд хамрагдаж байгаа бол шинэ хуулиар энэ хөтөлбөрт хамрагдах нөхцөл журмыг илүү өргөтгөж өгснөөр хамрагдагсдын тоог өсгөх тухай ч ярьж байгаа юм. Харин DACA хөтөлбөрт хамрагдсан хүүхэд залуучуудын эцэг эхэд журам үйлчлэхгүй хэвээр байна гэдгйг албаныхан онцолсон.
Ерөнхийлөгчийн санал болгож буй цагаачлалын хуульд зааснаар АНУ-н иргэд зөвхөн өөрийн эхнэр нөхөр юм уу насанд хүрээгүй, өөрийн төрсөн хүүхдийг ногоон карт авахаар өргөдөл гаргахыг зөвшөөрөх бөгөөд харин одоо хүчин төгөлдөр үйлчилж буй өөрийн төрсөн эцэг эх, насанд хүрсэн ах дүүсээ спонсорлож АНУ-д оршин суух эрх авдаг заалтыг хасахаар заажээ. Албан ёсны тайлбарт дурьдсанаар хууль батлагдсан нөхцөлд эцэг эх, насанд хүрсэн ах дүүсдээ ногоон карт болон бусад төрлийн виз авахаар спонсорлох өргөдлийг зогсоох бөгөөд харин хууль гарахаас өмнө гаргасан өргөдлүүдийг журмыг дагуу шийдвэрлэх гэнэ.
Мөн цагаачлалын хуульд орох томоохон өөрчлөлтүүдийн нэг нь ногоон картны сугалааг бүр мөсөн халахаар тусгажээ.
Ерөнхийлөгч өчигдөр (Лхагва) хэвлэл мэдээллийн төлөөлөгчидтэй уулзах үеэр DACA хөтөлбөрт хамрагдагсдад АНУ-н иргэншил олгох боломжийг үгүйсгээгүй бөгөөд тэд магадгүй 10-12 жилийн дараа иргэншил авах боломж бий гэж мэдэгдсэн юм. Түүнйи энэ буулт нь Конгрес дахь Бүгд Найрамдахчуудын эсэргүүцэлтэй тулгарна гэдгийг ч ажиглагчид онцолж байгаа юм.
Одоо Ерөнхийлөгчийн тавьсан хуулийн төслийг Конгрес дэхь улс төрийн хүчнүүд хэрхэн хүлээж авч, зөвшилцөхийг ажиглаж байна.
Leave a Reply
You must be logged in to post a comment.