Ерөнхийлөгч Доналд Трампийн Тангараг өргөх ёслолд хэлсэн үг

АНУ-н 45 дахь Ерөнхийлөгч Доналт Трампийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд хэлсэн үгийг хөрвүүлэн хүргэж байна. Зарим үг, хэлцийг утгачилж орчуулсан бөгөөд орчуулгын утга санааг засч засварлах, зөвлөмж байгаа бол доорх сэтгэгдэл хэсэгт үлдээвэл баяртай хүлээн авч засах болно.

Ерөнхий шүүгч Робертс, Ерөнхийлөгч Картер, Ерөнхийлөгч Клинтонь Ерөнхийлөгч Обама, эрхэм Америкчууд, даян дэлхийн ард иргэдээ Баярлалаа
Америкийн иргэд бид одоо улс орнооо сэргээн босгох, ард түмэнд өгсөн амлалтаа нэхэн санах их үйл хэргийн гэрч болон зогсч байна.
Бид хамтдаа Америк орны, даян дэлхийн замнах зүг чигийг тодорхойлох болно.
Бидэнд бэрхшээл тулгарна. Бид хатуу бэрхийг даван туулах хэрэгтэй болно. Гэвч бид энэ бүхнийг хийж гүйцээх ёстой.
Дөрвөн жил тутамд бид энэ талбайд цугларч төрийн эрхийг тайван замаар шилжүүлэх ёс горимыг гүйцээдэг уламжлалтай, энэ шилжилтийг биелүүлэхэд чин зүтгэл гаргасан Ерөнхийлөгч Обама, Тэргүүн Хадагтай Мишел Обама нарт гүнээ талархая. Тэд үнэхээр гайхалтай хүмүүс.
Харин өнөөдрийн энэ ёслол маш өвөрмөц утга учир агуулж байгаа юм. Учир нь бид өнөөдөр төрийн эрхийг нэг удирдагчаас нөгөөд, эсвэл нэг намаас өөр улс төрийн намд шилжүүлж буй хэрэг хараахан биш, харин эрх мэдлийг Вашингтон ДС-с Америкийн ард түмэнд эргүүлэн өгч байгаа хэрэг юм.
Үндэсний нийслэл дэхь цөөн тооны хүмүүс төрийн эрх мэдлийн үр ашгийг дангаар хүртэж харин ард түмэн үүний төлбөрийг нуруун дээрээ үүрдэг үзэгдэл ужгирчээ. Вашингтон өнгө зүс зассан ч ард түмэн тэр баялагаас тэр бүр хүртэж чадсангүй. Улс төрчид баяжиж чинээ нэмсэн ч ажлын байр устаж, үйлдвэрүүд хаалгаа барьжээ.
Энэ хүрээлэл өөрийгөө сайтар хамгаалж чадсан ч эх орон иргэдээ хамгаалахыг умартсан байна. Ялалт бүхэн та бүхэнд хамааралгүй өнгөрч, амжилтын үр шим танаас хол байсан бол, тэд үндэсний нийслэлд баярлан тэмдэглэж байхад бидний газар нутагт баярлах тэмдэгдэх үйл явдал цөөн ядуу айл өрхүүд олширчээ.
Энэ бүхэн яг одоо энд, яг энэ мөчөөс эхэлж өөрчлөгдөх болно, учир нь энэ цаг мөчийг та бүхнийх, танд хамаарах юм.
Энэ мөч энд хуран цугласан та бүхэнд, Америк орон даяар биднийг харж суугаа ард түмэнд хамаатай. Энэ бол таны өдөр. Таны баярлан тэмдэглэх өдөр ирлээ. Америкийн Нэгдсэн улс, өнөөдөр таны өдөр тохиож байна.
Асуудлын гол цөм нь төрийн эрх ямар намд байгаагаас бус харин төрийн эрх барих эрх ард түмний гарт байгаа эсэхэд байгаа юм. 2017 оны 01 сарын 20 бол ард түмэн энэ үндэстний төрийн эрхийг буцааж авсан өдрөөр дурсагдах болно. Манай орны мартагдсан эрчүүд, эмэгтэйчүүд дахин орхигдохгүй байх болно.
Та бүхнийг хүн бүр сонсох болно.
Та бүхэн олон арван саяулаа нийлж дэлхий ертөнц урьд хожид үзээгүй энэ түүхэн үйл явдлын нэгэн хэсэг болох боломжийг олж чадлаа. Энэ бүхний төв цэгт нэг л үзэл санаа оршиж байв: энэ нь аливаа үндэстэн иргэддээ үйлчлэхийн тулд оршин тогтонодог юм.
Америкчууд үр хүүхэддээ сайн сургууль, гэр бүлдээ аюулгүй орчин, боломжийн ажилтай байхыг хүсч байгаа. Энэ бүл ард түмний зүй ёсны хэрэгцээ шаардлага юм.
Гэвч манай иргэдийн ихэнхийн хувьд бодит байдал өөр байгаа юм. Бидний эргэн тойронд эх хүүхдүүд ядууралд өртөж, манай газар нутгийн хаа сайгүй зэвэрч хаягдсан үйлдвэрүүд булшны газар шиг дүнсийж, бидний хүүхэд багачууд боловсролын салбарт цутгаж буй хөрөнгөтэй дүйцэх боловсрол мэдлэг олж чадахгүй, гэмт хэрэг, гэмт хэрэгтнүүд, хар тамхи дэндүү олон амь нас хулгайлж, манай орны боломж бололцоог дээрэмдэж байна.
Америкийн энэ эмгэнэл яг энд энэ мөчөөс зогсох болно.
Бид нэг үндэстэн- таны зовлон бидний бэрхшээл. Таны мөрөөдөл миний мөрөөдөл байж амжилт ахиц бүхэн бид бүгд харъяалагдах ёстой. Бид нэг үнэ цэнийг хуваалцаж, бид нэг гэртэй, сайхан ирээдүй бид бүхэнд оногдох ёстой.
Өнөөдөр миний албанд өргөж буй тангараг бол Америкийн ард түмний төлөө өргөж буй тангараг мөн.
Сүүлийн хэдэн арван жилд бид Америк үйлдвэрлэгчдийн хөрөнгөөр гадаад орныг тэжээж, бусад үндэстний армийг зэвсэглэж харин өөрийн цэрэг армийн сүр хүч буурах нөхцөл бүрдүүлжээ. Бид бусдын хил хязгаарыг тохинуулах хэрнээ өөрсдийн хилийг хамгаалахаас татгалзаж байв. Америкийн дэд бүтэц элэгдэж зэвэрч байхад олон триллон долларыг гадаад орнуудад зарцуулж байлаа.
Манай эх орны бэл бэнчин хумигдан, чадал хомсдож, ирээдүйд итгэх итгэл хөрч байхад бидний ачаар гадаад орнууд хөлжиж байв.
Үйлдвэрүүд шил даран хаагдан, эх орноо орхиж байхад ажилгүй хаягдсан олон сая ажилтныг хэн ч хайхарч байсангүй.
Манай дунд давхаргын хөрөнгө чинээ гэр орноос нь хулгайлагдаж, тэр хөрөнгийг дэлхий даяар цацаж байлаа.
Гэвч энэ бол өнгөрсөн цаг болж үлдэнэ. Одоо бид зөвхөн ирээдүйг харах болно. Өнөөдөр бид хот бүхний, дэлхийн бүх нийслэл, эрх хэрэгжүүлэх бүх танхимд, чих бүхэнд дуурсах шинэ эринийг эхлүүлэхээр энд хуран цуглараад байна.
Энэ цагаас хойш манай газар нутагт шинэ үзэл биднийг удирдах болно.
Энэ мөчөөс эхэлж Америк үндэстэн бүхний тэргүүнд байх болно.
Худалдаа, татвар, цагаачлал, гадаад харилцааны чиглэлээр гарч буй бүх шийдвэр зөвхөн Америк ажилчин, Америк гэр бүлийн нэрийн өмнөөс, тэдний эрх ашгийн төлөө байх болно. Бидний ажил бүтээгдэхүүнийг хийж, үйлдвэрүүдийг хулгайлж, ажлын байрыг устгаж буй үндэстнүүдээс бид хил хязгаараа хамгаалах болно. Энэ хамгаалалт бидэнд сайн сайхан амьдрал, эрч хүч авч ирэх болно.
Би эцсийн амьсгалаа дуусах хүртэл таны төлөө тэмцэж – ард түмэн ядарч зүдрэхийг хэзээ ч зөвшөөрөхгүй.
Америк одоо дахин ялагч болж, урьд хэзээ ч байгаагүй чадлыг олох болно.
Бид ажлын байраа буцааж авчирна. Бид хил хязгаараа буцааж сэргээнэ. Бид баялагаа буцааж авчирна. Бидний мөрөөдөл буцаж ирэх болно.
Эх орны өнцөг булан бүрт бид шинэ зам, хурдны зам, нисэх буудал, төмөр зам барих болно.
Ард түмний халамжийн тэтгэмжээс салгаж ажлын байранд аваачих бөгөөд улс үндэстнээ Америк гараар Америк хөдөлмөрөөр сэргээн босгох болно.
Бид хоёр энгийн зарчмыг мөрдөг болгоно: Америк бараа худалдан авч Америк хүнийг ажилд авна.
Дэлхийн улс орнуудтай эе эвийг хичээж хамтарч ажилана -гэвч улс үндэстэн бүхэн өөрсдийн эрх ашгийг нэгдүгээрт тавих эрхтэй байх нэгдсэн ойлголтоор хандахыг сануулья.
Бид өөрсдийн арга замыг бусдад тулган хүлээлгэх санаагүй ч улс бүхэн даган дуурайх баримжаа болж гялалзах болно.
Бид хуучин түншүүдээ хадгалж, шинийг үүсгэх бөгөөд исламын алан хядагчдийн эсрэг соёлт ертөнц нэгдсэн босч, тэднийг дэлхийн хөрснөөс устгах болно.
Манай улс төр Америкийн Нэгдсэн Улсын төлөө гэсэн үзэлд суурилах бөгөөд эх орны төлөө зогсч, бие биендээ үнэнч байх арга замыг сэргээх ёстой.
Та эх орны төлөө сэтгэл зүрхээ нээсэн үед эргэлзээ орших зай үлддэггүй. “Бурхны хүүхдүүд эв найртай амьдрах нь ямар сайхан таатай вэ” гэж Библьд хэлсэн бий.
Бид сэтгэл санаагаа нээлттэй илэрхийлж, санаа оноо зөрөх цагт шударгаар мэтгэлцэх ч нэгдмэл байдлаа хэзээ ч алдахгүй.
Америк гүрэн эвтэй байх үедээ дийлдэшгүй.
Бидэнд айдас байх ёсгүй учир та биднийг цаг ямагт өмгөөлж хамгаалөх болно.
Манай арми, хууль сахиулах байгууллагын аугаа эрчүүд эмэгтэйчүүд биднийг хамгаалах болно, улмаар биднийг Бурхан цаг ямагт ивээх болно.
Бид томоор сэтгэж, бидний хүсэл мөрөөдөл хэзээ ч байгаагүй их байх болно.
Америкчууд аливаа үндэстэн хүсч мөрөөдөж чадаж байгаа цагт оршин тогтнодог гэдэгт итгэдэг.
Бид цаашид ярих боловч хийдэггүй, гомдоллох боловч бүтээдэггүй улс төрчдийг хүлээн зөвшөөрөхгүй.
Хоосон ярих цаг одоо дуусгавар болж байна. Одоо хийж бүтээх цаг эхэллээ.
Боломжгүй бүтэхгүй гэдэг шалтаг бидэнд хэрэггүй. Америкчуудын сэтгэл зүтгэл, оюун ухаантай дүйцэх эн зэрэгцэх хүч байхгүй.
Бид хэзээч уруудаж доройтохгүй. Бидний үндэстэн мандан бадарч, хөгжин цэцэглэх болно.
Бид шинэ эриний манлайд зогсч, сансрын нууцыг тайлж, газар дэлхийг аюулт өвчин эмгэгээс салгаж, эрчим хүч, маргаашийн шинэ технологийн хүчийг эзэмших болно.
Үндэсний шинэ бахархал бидний сүлдийг тэтгэж, харааг өргөж, хуваагдал талцлыг илааршуулах болно.
Цэрэг эрсийн маань итгэл найдвар хэзээч мартагдахгүй, та хар цагаан байхаас үл шалтгаалж эх орны төлөө урсах бидний цус адил улаанаар урсдаг. Бид энэ тэнцүү эрх чөлөөг эдэлж, бид бүгдийг ёслох Америкийн далбаа нэг байх болно.
Бидний үр хүүхэд эх орны аль өнцөгт төрж өссөхөөс үл хамаарч бид нэг л цэнхэр тэнгэрийг харж, тэдний цээж адил мөрөөдлөөр дүүрч, ертөнцийг бүтээгчийн ариун амьсгалаар тэжээгдэж байдаг.
Тиймээс ойр хол бүх хотууд, уул ус, тэнгис далай гатлан орших бүх Америкийн ард түмэнд хандаж хэлэхэд:
Та дахиж хаягдаж мартагдахгүй.
Таны дуу хоолой, итгэл найдвар, мөрөөдөл Америкийн ирээдүйг тодорхойлох болно. Таны зоригдол, сайхан сэтгэл, хайр биднийг хол замд залан чиглүүлэх болно.
Бид хамтдаа Америк орныг дахин хүчирхэгжүүлнэ.
Бид баян хангалуун амьдралаа дахиж цогцлооно.
Бид хамтдаа Америк орныг дахин бахархал болгож
Америк орныг аюулгүй үндэстэн болгож цогцлоох болно.
Тиймээ, Бид хамтдаа Америк орныг дахин хүчирхэгжүүлнэ. Баярлалаа Бурхан таныг ивээх болтугай Бурхан Америк орныг адислах болтугай.

Be the first to comment

Leave a Reply