Хилээр галт зэвсэг журмын дагуу авч яваагүйгээс өндөр торгууль төлдөг

АНУ-н онгоцны буудлуудын шалган нэвтрүүлэх цэгүүдэд галт зэвсэг авч зорчих үедээ Тээврийн Аюулгүй Байдлыг хангах Газар (TSA- Transportation Security Agency- Цаашид TSA гэж товчлох)-с тогтоосон журмыг дагаагүйн улмаас хураагдсан галт зэвсэг бууны тоо жилээс жилд өсөх болжээ.

Тиймээс TSA-с агаарын хилээр галт зэвсэг авч явахаар төлөвлөж буй иргэдэд санамсаргүй, хайхрамжгүйн улмаас ийм алдаа гаргаж, галт зэсвгээ хураалгахын зэрэгцээ өндөр торгуулиар шийтгүүлэхгүй байхыг анхааруулжээ.

Иргэд агаарын тээврээр галт зэвсэг авч явахыг хуулиар зөвшөөрдөг ч галт зэвсэг авч явах, хадгалах, гаальд мэдүүлэх тодорхой тогтсон журам байдаг байна. Тухайлбал галт зэвсэг авч яваа гэдгийг гаалийн мэдүүлэгт мэдүүлсэн байх, бууны замгийг салгаж, буу болон бууны эд ангийг хатуу гадартай, цоожтой хайрцагт хадгалсан байх ёстой бөгөөд сум, дайзыг мөн бууны хамт хайрцагт хийсэн байх шаардлага тавьдаг ажээ.

Хоёрдугаарт, бууг хэдийгээр ном журмын дагуу хайрцагт хийсэн ч хилийн шалган нэвтрүүлэх цэгээр биедээ авч явахыг хориглодог. Өөрөөр хэлбэл хайрцагтай бууг өөрийн тээшинд хийж ачаанд өгсөн байх журамтай гэнэ. Хэрэв урт буу авч яваа бол бууг зориулалтын цоожтой хайрцагт хийж тусад нь ачаанд өгч болдог байна. TSA-ийн энэ журмын гол зорилго нь онгоц агаарт байх үед галт зэвсэг, буунд хэн ч хүрэх боломжгүй байх нөхцлийг хангах явдал юм.

Эдгээр журмыг дагаагүй, хилийн шалган нэвтрүүлэхээр галт зэвсэг, буу авч гарахыг завдсан нөхцөлд тухайн зэвсгийг хурааж, зөрчил гаргасан иргэнд Холбооны улсын иргэний хуулиар мөнгөн торгууль ногдуулдаг байна. Журам зөрчсөн иргэнд ногдуулах торгууль дунджаар 3,900 орчим доллар байдаг ажээ.

Be the first to comment

Leave a Reply