“Uber” жолооч нар гарын мөнгө авдаг болно

Сүүлийн саруудад багагаггүй саад бэрхшээлтэй тулгарч, ширүүхэн шүүмжлэлийн бай болоод буй “Uber” компани олон нийтийн дунд унаад буй нэр хүндээ аварч, хүндрэлээс гарахын тулд жолооч нартаа чиглэсэн томоохон өөрчлөлтүүд хийхээр болсноо өнөөдөр зарлаад байна. Юуны өмнө жолооч нарын хамгийн их хүсэн хүлээж байсан гарын мөнгө (tip) авдаг боломжтой болж буйг танилцууллаа. Тус компани өөрийн өрсөлдөгч “Lyft” компаний нэгэн адил “Uber” үйлчилгээ авсан үйлчлүүлэгч жолоочдоо “Uber app”-р дамжуулан гарын мөнгө өгөх боломжийг өнөөдрөөс эхлэн Seattle, Minneapolis, Houston хотуудад, улмаар 07 сарын сүүл үед АНУ-д үйл ажиллагаа явуулдаг “Uber” компанийн бүх жолооч нарт олгохоор болсныг зарлаад байна.

Мөн  урьд нь дуудлага өгсөн хүн 5 минутаас дээш хугацааны дараа дуудлагаа цуцалсан нөхцөлд жолооч нарт нөхөн олговор төлдөг байсан бол энэ хугацааг 2 минут болгох багасгахаар болжээ. Өөрөөр хэлбэл дуудлага өгсөн хүн 2 минутын дараа дуудлага цуцалсан нөхцөлд жолооч нар цуцалсны мөнгө авах юм. Мөн дуудлага авсан жолооч дуудсан хаягт ирснээс хойш 2 минутын дараагаар атоматаар хүлээлгийн мөнгө (минутаар) тооцож эхлэхээр болж байгаа ажээ.

Үүний зэрэгцээ жолооч нар сайн дурын ослын, хувь хүний гэмтэл, орлого алдсаны болон тэжээгчээ алдсаны даатгалд хамрагдах боломжийг олгож байгаа гэнэ. Энэ мэтчилэн жолооч нарт чиглэсэн цуврал алхмуудыг 180 хоногийн дотор хийж гүйцэтгэх тухай тус компани мэдэгдээд байгаа юм.

Өнөөдөр  тус компаний зарласан энэ алхмууд нь сүүлийн үед “Uber” компани чамгүй олон тооны жолоочоо өрсөлдөгч “Lyft” компанид алдаж буйтай ч холбон тайлбарлах хүн цөөнгүй байна. Ямартаа ч тус компани удирдлага орсон өөрчлөлтийн дараагаар нийгэмд, тэр тусмаа жолооч нарыг урамшуулах, орлогыг нэмэгдүүлэх чиглэлд идэвхтэй ажиллаж эхэлжээ.

Дашрамд дурьдахад “Uber” компани сүүлийн хэдэн жилийн турш хэл амнаас салаагүй, олны шүүмжлэлийн бай болсоор ирсэн. Тус компанийн удирдах шатанд бугшаад байсан доод тушаалын ажилчиддаа дээрэнгүй ханддаг, ажлын байрны бэлгийн дарамтыг нуун дарагдуулдаг гэх мэт компаний дотоод соёл нь олон нийтэд ил болсны зэрэгцээ өрсөлдөгч компанийн жолооч нарыг тагнадаг, хууль сахиулах байгууллагыг хуурч төөрөгдүүлэх тагнуулын програм ашигласан гэх мэт хэл аманд өртөөд байгаа. Тиймээс ч тус компани бие даасан “Covington & Burling” хуулийн фирм хөлсөлж компанийн дотоодод хөндлөнгийн үнэлгээ гаргуулах шалгалтыг эхлүүлсэн билээ. Улмаар компаний төлөөлөн удирдах зөвлөлөөс хуулийн фирмийн гаргасан дүгнэлтэд үндэслэн удирдлагын түвшний 20 орчим хүнийг ажлаас нь халсан бол тус компанийг үндэслэг, Гүйцэтгэх захирал Travis Kalanick тодорхой бус хугацаагаар тус компанийг орхиод байгаа юм.

Be the first to comment

Leave a Reply