ОНЦ СУРАГЧ ба САЙН СУРГУУЛЬ

АНУ-н сургалтын тогтолцоо сайн, муу гэх янз бүрийн үзэл бодол байх. Мэдээж хэн, хэзээ, хэрхэн яаж, ямар өнцгөөс харахаас хамаарах биз. Гэхдээ АНУ-н ЕБС-н сургалт сайн гэсэн ерөнхий төсөөлөл байдаг. Харин сайн муу гэхээс илүүтэй АНУ-н болон барууны орнуудын ЕБС-н онцлог тал нь академик боловсролоос илүүтэй хувь хүний хөгжилд түлхүү анхаардаг явдал гэдгийг амьдрал дунд нь байгаа хүмүүс хэлдэг.

К-12 анги хүртэл сураад төгсөж буй сурагч сайн “тоо бодохоос” гадна амьдралд гарахад бэлтгэгдэж, нийгмийн ур чадвар эзэмшсэн байх ёстой гэдэг зарчим. Энэ зарчмыг өөрсдөө туулаад ирсэн Америк эцэг эхчүүд үүнийг маш сайн ойлгож, сургалт хүмүүжилдээ баримталдаг. Энэ зарчим сургуулийн орчинд хэрхэн хэрэгждэг тухай зарим суурь ерөнхий ойлголтыг тайлбарлах гэж хичээе.

АНУ-н ЕБС-н ангиудыг бага (elementary), дунд (middle), ахлах (high) гэж 3 ангилна. Үүнийг зүгээр насыг нь харж байгаад 3 хуваачихаагүй юм байна. Шат бүр нь сурагчдыг дараагийн дээд шатанд үе шаттай бэлтгэл зорилготой, хүүхдийн нас, бие нийгмийн хөгжлийг харгалзсан онцлогтой.

Жишээ нь бага анги К-5 (зарим мужид К-6 г.м) ангиудад сурагчдыг дунд сургуульд бэлдэх хөрс болдог. Үүний тулд сурагчдыг даалгавраар шахахаас илүүтэй, сургалтын хөтөлбөрт заасан агуулгын зэрэгцээгээр ном сурах бичигтэй харьцуулж сургах, ном уншуулж хэвшүүлэх, сууж сургах, сургууль дээр биеэ авч явах, бүх насны хүмүүстэй харьцуулж сургах, гэртээ өөртөө зориулж цаг гаргаж сургах гэх мэт хувь хүний үндсэн ур чадварт түлхүү анхаарна. Тиймээс Монголоос ирсэн хүмүүс бага ангиудад хэт амархан хичээл үзэж байна, гэрийн даалгавар өгөхгүй байна гэж гомдоллодог. Сайн шахдаг, даалгавар өгдөг “сайн” сургууль хайдаг. Бага ангийн түвшинд Монголын сургуультай төстэй, нэг ангийн хүүхэд, ангийн багш гэх ойлголт бий. Гэвч дунд сургуулийн нэгэн адил зарим хичээлийг өөр өөр багш нар, өөр ангид заах байдлаар дунд ангид бэлдэж эхэлнэ. 4-5-р ангийн хүүхдүүдэд сургуулийн эргүүл, сургуулийн автобусны зохицуулагч хийх боломжийг олгож, нийгмийн оролцоог нь аажмаар нэмэгдүүлнэ.

Энэ шатанд эцэг эхийн оролцоо маш чухал бөгөөд, нөгөөтээгүүр эцэг эхчүүд хүүхдийнхээ ирээдүйн сурлага хүмүүжилд оруулж чадах бүхий л ур чадвар, цаг заваа зарцуулж чадвал хожим харамсахгүй. Тэгш бич гэж загнахаасаа илүүтэй эцэг эх-багшийн хуралд тогтмол суух, Багш-Эцэг Эхийн Холбооны хуралд байнга оролцох нь хүүхдийн сурлага хүмүүжилд эерэг нөлөө үзүүлж байдаг.

Товчхондоо сурлага хүмүүжил нь зөвхөн сургуулийн ажил биш бөгөөд Эрдмийн Аяны жолооч нь сурагч+ эцэг эх+ гэр бүл гэдэг ухагдахууныг хүүхдэдээ суулгахыг чармайдаг.

Дунд сургууль нь 6-8 р анги. Харин дунд сургууль нь сурагчдыг ахлах сургуульд бэлдэж эхэлдэг. Дунд сургуулийн сургалтын бүтэц ахлах сургуультай адил зарчмаар хичээллэнэ. Нэг анги гэх ойлголт байхгүй болж , өглөө эрт хичээлдээ гүйж, цагтаа амжиж ангиа олж хичээлдээ сууна. Хичээл бүрийн тоогоор өөр өөр багштай харьцаж, учир начраа олох ур чадвартай танилцана.

Бага ангийн багшийг анги даасан багш гэх ”ёс төдий” багш орлох бөгөөд тухайн багш сурагчийг дунд сургуульд хөлөө олоход зааж зөвлөх, үүрэг гүйцэтгэнэ. Багш нар сурагчдыг хичээлээр шахахын оронд бие даалт ахиухан өгч, бие даалт даалгаврыг хатуу дүгнэх байдлаар сурагчдыг бие даах, хариуцлагатай байх, цагаа зөв зохицуулах дадалд шахаж эхэлдэг. Мөн зарим хичээлд ахлах сургуулийн кредит авах боломжийг олгох замаар ахлах сургуулийн кредитийн ойлголтыг суулгана.

Дунд сургуульд урлаг болон спортын багууд бий болж, сурагчид чөлөөт цагаараа эдгээр багуудад өрсөлдөж орох, хичээллэх боломжийг олгосноос ур чадвараа бусад сурагчидтай сорих, өрсөлдөөний ойлголтыг өгнө.

Дунд сургуулийн түвшинд эцэг эхчүүд бага ангиудад хийсэн ажлынхаа үр дүнг ерөнхийд нь харна. Танай сурагч хэр бие дааж, хариуцлагатай сурагч болж төлөвшиж чадсан эсэхийг ажиглах цаг юм. Өөрөөр хэлбэл сурагчид ахлах сургуульд ороход академик, хувь хүний хөгжлийн хувьд, мөн нийгмий хөгжлийн хувьд бэлтгэгдэж байгааг ажиглах, туслах үүрэг хүлээнэ.

Дунд ангийн сурагчдыг сайн дурын ажилд шавдуулах бөгөөд зарим сургууль заавал сайн дурын ажил хийх цагийн шаардлага тавьдаг. Энэ мэтчилэн ахлах сургуульд байж болох бүх элементүүдийг танилцуулж, чиглүүлж өгдөг онцлогтой.
Морин уралдаанаар зүйрлэвэл таны хүүхэд гарааны зурхайгаас эргэх цаг болжээ.

Ахлах сургууль 9-12-р анги. Төрөхөөсөө эхлэн асрах төв, бага, дунд ангиудад сурч эзэмшсэн бүхий л ур чадвар, мэдлэгээ сорих цаг. Дээрх хурдан морины зүйрлэлээр бол таны хүүхэд гарааны зурхайгаас эргэлээ!

АНУ-н ахлах сургууль Монголын дээд сургуультай адил кредитийн тогтолцоотой. 9-р ангиас эхлэн хичээл бүрд кредит тооцож эхлэх бөгөөд кредитээ цаг хугацаандаа нөхөж авч чадахгүй бол насандаа төгсөх боломж хязгаарлагдаж эхэлнэ. Ахлах сургуульд хариуцлагыг сурагчид бүрэн үүрүүлдэг. Тиймээс ахлах сургууль нь цэвэр хариуцлагын тогтолцоо юм.

Сурагчид жолоо барих эрх үүсэж, мөн цагийн ажил эрхлэх боломж бүрдэнэ. Коллежийн өргөдөлд бичих түүхээ баяжуулах үүднээс цагийн ажил хийж, сайн дурын ажилд явж, клуб, спортоор хичээллэнэ. Тиймээс дундаж ахлах ангийн сурагчдад зүгээр суух, сэлгүүцэх боломжгүй болдог. Хотын гудамжинд том ангийн хүүхдүүд нийлж сэлгүүцэж явж тэр бүр харагддаггүй нь ийм учиртай.
Ахлах сургуульд эцэг эхийн шууд оролцоо, сурагчдад нөлөөлөх боломж эрс хумигдаж ирнэ. Өөрөөр хэлбэл эцэг эхчүүд бага дунд ангиудад сурагчтай хэрхэн ажилласан үр дүнгээ харна гэсэн үг.

Магадгүй та бага, дунд ангиудад хүүхэдтэйгээ ажиллаж чадаагүйгээ ухаарч, хүүхдэдээ нөлөөлөх шаардлагатай гэдгээ ойлгосон ч харамсалтай нь нэгэнт оройтсон байх болно. Тиймээс бага ангид нь сургуульд даатгаж, сургуулиас даалгавар нэхэж гомдоллохын оронд өдөр бүр хүүхэдтэйгээ хамт сууж, ном уншиж байх нь илүү үр дүнтэй байжээ гэдгийг ухаарах байх.

Коллежийн өргөдөлд нөлөөлөх дүнгийн баримжаа, кредитийн тоо, дипломын төрөл, Элсэлтийн Ерөнхий Шалгалтын (SAT) оноо зэрэг нь 11-р ангийн сүүлийн улиралд гол төлөв шийдэгдэж, 12-р ангийн эхний улиралд коллежийн өргөдөл гаргаж эхэлдэг тул ахлах сурагчдын хувьд 9-10 ангиудад 2 жилийн хугацаанд идэвхтэй суралцах хомс боломж, өндөр хариуцлага үүрдэг.
12-р анги нь таны хүүхэд үүрнээсээ нисэх бэлтгэл хангах жил юм.
Ийнхүү дундаж Америк айлын хүүхэд 12-р анги төгсөөд цүнхээ үүрээд гэрээсээ гарахад насанд хүрэгсдийн амьдралд тодорхой хэмжээгээр бэлтгэгдээд гарлаа гэж хаана хаанаа хүлээлттэй байж болдог. Мэдээж коллежийн жилүүдэд оюутнууд суралцахаас гадна хүний амьдралд тохиолдож болох бүхнийг үзэж, алдаж онож, ирээдүйн амьдрал нь ямар байхыг үндсэндээ багцаалж мэддэг, хариуцлага өндөр, ширүүхэн өрсөлдөөний талбар юм. Энэ талбарт амжилттай “”тулалдаж” чадах эсэх нь дунд сургуульд сурч дадсан мэдлэг, дадал хүмүүжил гол зэвсэг нь болдог.

Сурлага хүмүүжил нь зөвхөн сургууль, багшийн үүрэг биш бөгөөд Эрдмийн Аяны жолооч нь сурагч+ эцэг эх+ гэр бүл ТА ӨӨРӨӨ юм.

Амжилт!

Б.Төгөлдөр

Жич: Эдгээр мэдээлэл нь гол төлөв Виржиниа мужийн ЕБС-н зарчимд тулгуурлав. Зарим тоо баримт, мэдээлэл бусад мужуудад өөр, ялгаатай байж болно. 

Be the first to comment

Leave a Reply