АНУ-ын Иргэншил, Цагаачлалын Албанаас урьд нь зөвхөн цаасан хэлбэрээр авдаг байсан өргөдлийн маягтуудыг цахим хэлбэрт шилжүлэх ажил үргэлжилж байгаа билээ. 2015 оны 03 сараас “Form I-90, Application to Replace Permanent Resident Card” (Хаяж үрэгдүүлсэн Ногоон карт шинээр авах) маягт, 2016 оны 08 сараас “Form N-400, Application for Naturalization” (АНУ-н Иргэншил авах өргөдөл) өргөдлийн маягтуудыг онлайнаар авч эхэлсэн билээ.
Тэгвэл иргэд энэ сараас эхлэн “Form N-565, Application for Replacement of Naturalization/Citizenship Document” болон “Form N-336, Request for a Hearing on a Decision in Naturalization Proceedings” маягтуудыг онлайнаар авч эхэлжээ.
“Form N-565” маягтыг АНУ-ын иргэншилтэй иргэд хаяж үрэгдүүлсэн иргэншлийн үнэмлэхийг шинээр авах, эсвэл гадаад улс орнуудын лавлагаанд зориулсан иргэншлийн тусгай үнэмлэх авах хүсэлтийг гаргахад ашигладаг байна.
Харин “Form N-336” өргөдлийн маягтаар хэрэв АНУ-ын Иргэншил, Цагаачлалын Алба тухайн иргэний иргэншил авах өргөдлийг татгалзсан бол шүүхэд давж заалдах хүсэлт гаргаж болдог ажээ.
Нэгэнт эдгээр өргөдлийн маягтуудыг онлайнаар гаргах боломжтой болсон тул тэдгээр маягтуудтай хамаарах төлбөр хураамжийг мөн онлайнаар төлөх боломжтой болж байгаа юм.
“N-400”, “I-90”, “N-565”, “N-336 ” өргөдлүүдийг онлайнаар илгээхийн тулд хэрэглэгч Иргэншил, Цагаачлалын Албанд өөрийн бүртгэлийг үүсгэх шаардлагатай юм.Эдгээр маягтууд нь гар утсанд зохицож бүрэн ажиллахаар бүтээгдсэн тул иргэд гар утаснаасаа өргөдлийн маягтыг бөглөх боломжтой болж байгаа юм. Мөн түүнчлэн онлайн өргөдлийн маягт илгээснээр дараах боломжууд нээгдэж байгаа юм. Эдгээрт:
- Өргөдлийн явцын хянах, шийдсэн байдлыг харах;
- Цагаачлалын албанаас шаардсан нэмэлт материалыг онлайнаар илгээх;
- Цагаачлалын Албаны ажилтантай өөрийн бүртгэл дотроос харилцах;
- Оршин суух хаягын өөрчлөлт хийх зэрэг болно.
Харин “N-565” өргөдлийн маягтыг онлайнаар илгээсний дараа тухайн маягтад шаардсан үнэмлэх сертификатын эх хувийг “Nebraska Service Center”-т шуудангаар илгээх шаардлагатай юм.
Leave a Reply
You must be logged in to post a comment.