Сүнс 

Шөнө дунд өнгөрч байлаа. Энэхүү эмнэлгийн “Сэхээн амьдруулах” тасгийн нэгдүгээр өрөөнд эмнэлгийн өргөн орон дээр хиймэл амьсгалын аппарат залгаастай аль хэзээний ухаангүй болсон нэгэн охин хэвтэх бөгөөд түүний царай зүс цаас мэт цайж, хүүхэн хараа нь худгийн ус лугаа адил гүн хар болоод хамар нь хавчийгаад тас хар хөмсөг нь улам ч тод болжээ.

Харин түүний намирсан урт үс нь орны урд руу унжих агаад гантиг шиг мөлчийсөн хүйтэн духыг нь богинохон хуруутай жижигхэн гараараа илбэн байсан сувилагч Туул их л доороос сүүрс алдан хиймэл амьсгалын аппаратын хүчилтөрөгч өгч буй хошуувчны завсраар цэвэрхэн самбай даавуу сурмаг гэгч орууланүүний ам, хамрыг үе үе арчиж цэвэрлэн арга тасарсан байдалтай зогсоно.

Эдний тасгийнхан энэхүү арван зургаахан настай Сувдаа охиныг бүтэн сар шахам асарч тойлохдоо “Торомгор” хэмээн өхөөрдцгөөж өвчнөөс нь ч болсон уу, угийн хүүдэрхүү гэнэн хөөрхөн занд нь ч автагдсан уу цөмөөрөө дотносон хайрладаг болжээ. Түүн дотроос сувилагч Туул яагаад ч юм бэ түүнийг дэндүү хайрлахыг яана. Туул эхлээд эмч нарынхаа хэж ярьж байгаад нэг л итгэж чадахгүй байснаа сүүлдээ Сувдаагийн өвчний ноц гэмийг мэдэрч юухнаар ч болов тус дэм болох гэсэр түүнээс холдож чадахгүй нэгэн болсон юм санж.

Туул энэхүү уяхан сэтгэлдээ автан “Торомгорыгоо” асарч сувилсаар байгаад огтоос хөдөлж чадахгүй удаан хэвтсэн хүний ташаан толгой, ууц нурууны арьс хөрсийг гэмтээхгүй байх нэгэн арга олсон юмсанжээ. Энэ бол хонины сүүлний тос шингээсэн хөвөн жинтүү юм. Өдөрт “Торомгорынхоо” доор тавьсан энэхүү жинтүүг олонтаа эргүүлэн тойруулан, нус нулимсыг нь арчиж цэвэрлээд, хэвтэрт удсан зовлонг огт эдлүүлэхгүй санаатай жижиг сияан саванд юу л гарна ганцаараа асгаж гялалзтал угааж арчин санаа сэтгэл нь бага боловч амрана. Сүүлийн үеэс Сувдаагийн булчингийн саажилт улам бүр газар авч амьсгаа нь бачууран, зүрх нь зогсчих гээд байдаг болсноос хойш Туул бүр ч сэгэл зовнин дэргэдээс нь холдож чадахгүй болов. Тэгэхэд Сувдаа “Эгч ээ! Би эдгэж босчихоод тан шиг сувилагч болно. Бурхан минь намайг өршөөж хайрла! Би олон хүнд Туул эгч шигээ тус болж чадна шүү Бурхан гуай” гэж амандаа ахин дахин үглэж савх шиг нарийхан хуруутай чөргөр гараараа залбиран духандаа хүргээд “бурхан намайг өршөөнө тийм ээ, эгч ээ” гэхэд Туул толгой дохин түүнд дуулдахааргүй гүнээ санаа алддаг байлаа. Ер нь ямар ч хүн энэ эцсийн мөч нь тулаад ирэхээр дотоод хүчтэй сэрлээсээ болдог ч юм уу өвчний ад гэмээр нэгэн иймэрхуү хүсэл мөрөөдөлд автдагийг сайн мэдэх Туулд энэхэн зуур орох байх газар олдохгүй болдог байв. Харин Сувдаа сүүлийн хэд хоног хөдөөнөөс ирэх ёстой ээжээ асуухаа болиод бурханаас өршөөл гуйх нь цеерөн өрөөний адрыг ширтэн дуу шуугүй хэвтэх нь их болжээ.
Түүний ухаан дэн дун болж буйг хар зөнгөөрөө мэдсэн Туул яагаад ч юм бэ миний жижүүртэй үед “Торомгор” минь бурхан болоосой хэмээн үнэн сэтгэлээсээ бодох болжээ. Энэ бол түүнд эцсийн удаа туслах гэсэн нэгэн хүсэл байлаа. Туул Сувдаагийн цусны даралтыг нэгэнтээ үзэж, хурууныхаа өндгөөр хичнээн даравч судасны нь лугшилт баригдсангүй,
Туул иймэрхүү үед тэгтлээ их сандардаггүй атал энэ удаа сандчаад явчихав Нэг мэдэхнээ жижүүрийн эмчийг дагуулаад ирчихсэн байлаа.
Эмч залуу зүрхний ажиллагааг хянаж буй аппаратын зүүг хөдлөхгүй болсныг харангуут мэдээд зүрхийг удтал чагнаснаа,
– Зүрх нь ажиллахгүй болчихжээ. Аппаратаа салга гэж хэлчихээд явчихав. Туул эмчийг гарсны дараа хиймэл амьсгалын аппаратыг салгаж чадахгүй, түүний хөрчихсөн духыг илбэн арга тасран хэсэг байв. Орны тушаах ханын бүдэг гэрэл охины хөшиж хөдөлгөөнгүй болсон нүүрийг гийгүүлнэ.
Туул бүх юм өнгерснийг мэдэж байсан ч хиймэл амьсгалын аппаратыг салгаж чадахгүй байлаа. Тэгсээр үүр гэгээрсэн хойно ядарч туйлдсан Туул аппаратын хошуувчийг чичирч салганасан гараараа аваад, хөнжлийн даавуугаар охины нүүрийг эвтэйхэн бүтээж юунд ч юм хоргодосхийн том цонхны янз модыг түшин ганцаараа хэсэг зогсож тэнгэрийн хаяа ширтвээс дорноос алтан шаргал туяа татаж, эднийхний хайрыг булаасан гэнэн хонгорхон охины цогцсыг жигтэйхэн тод гийгүүлэв. Тэрбээр хар дарсан зүүднээсээ салж чадахгүй байгаа мэт болоод охиныг дэндүү хайрлаж өрөвдөж байлаа. Туулд ийнхүү эцсийн амьсгалаа хураах нь нэг бодоход зүүд шиг ч … нөгөөтэйгүүр хорвоогийн мөнхийн ганц үнэн шиг. Тэгснээ “сүнс байдаг бол Сувдаагийн сүнс надад ирээсэй! Сувдаа шиг сайхан охинтой болох юмсан” гэх жигтэй бодол толгойд нь зурсхийх агшинд хэвлий рүү нь нэгэн зөөлөн увидас совин ч гэмээр ер бусын юм ороод ирэх шиг болж, хэвлий дэх таван сартай хүүхэд нь зөөлөн зөөлнөөр хөдлөх шиг болох нь тэр.

Ш.Ванчаарай

Be the first to comment

Leave a Reply