АНУ-н Ногоон карттай байнгын оршин суугч хүн сонгуульд санал өгөөд шүүхээс 8 жилийн хорих ялаар шийтгэгдлээ.
АНУ-н Техас мужид ногоон картаар оршин суугч Rosa Maria Ortega гэгч 2004-2014 онуудын хооронд нийт 5 удаагийн сонгуульд хууль бусаар санал өгсөн нь илэрч 2017 онд баривчлагдсан байна.
Түүний өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт Роза ногоон карттай оршин суугч сонгуульд санал өгөх хориотой гэдгийг мэдээгүй бөгөөд сонгуульд оролцох нь иргэний үүргээ биелүүлж байгаа гэж итгэж байсантай холбоотой, өөрөөр хэлбэл санаандгүй гаргасан алдаа гэжээ.
Хэдийгээр хууль бусаар санал өгсөн нь нотлогдож байсан ч шүүгч түүний хорих ялыг хүчингүй болгож, хамгийн бага шийтгэл буюу 2 жилийн хугацаанд олон нийтийн хяналтад байх хөнгөн шийтгэл санал болгожээ. Гэвч өөрийгөө санаандгүй хөнгөн алдаа хийсэн тул ямар нэгэн эрүүгийн хариуцлага хүлээх үндэсгүй гэж үзсэн эмэгтэй санал болгосон ялаас татгалзаж, тангарагтны шүүхээр хэргээ шүүлгэх аргыг сонгосон байна.
Харъяаллын дагуу Tarrant хотын 10 эмэгтэй 2 эрэгтэй гишүүнтэй тангарагтны шүүх (Jury) түүнийг хэргийг хэлэлцэж, шүүх хуралд прокуроос тус сэжигтэн эмэгтэй сонгуульлд санал өгөхөөс гадна санал хураалтын үеэр сонгуулийн хэсэг салбарт ажиллаж байсан тухай, мөн Ортега нь жолооны үнэмлэх авах өргөдөл дээрээ ногоон карттай оршин суугч гэдэг сонголтыг зөв бөглөсөн боловч сонгуулийн бүртгэл дээр сонгуул өгөх эрхтэй АНУ-н иргэн гэж худал мэдүүлсэн баримтыг танилцуулсан байна. Түүнчлэн сэжигтэн эмэгтэй 2014 онд Tarrant хот руу шилжин суурьших үедээ сонгуулийн бүртгэлд АНУ-н иргэн биш гэж зөв бүртгэл хийснээр “сонгуульд оролцох эрхгүй” гэсэн шийдвэр авсан ч дахин өргөдөл гаргахдаа “санал өгөх эрхтэй АНУ-н иргэн мөн ” гэсэн сонголтыг хийж санал өгөх эрх авсан зэрэг ноцтой баримтуудыг танилцуулжээ.
Ийнхүү удаа дараагийн санаатай худал мэдүүлэг өгч 5 удаа сонгуульд хууль бус санал өгсөн гэж тангарагтны шүүх үзэж, түүнд хуулийн дагуу 8 жилийн хорих ял оноосон байна. Сэжигтэн энэ ялыг үл зөвшөөрөн Техас мужийн давж заалдах шатны шүүхэд давж заалдсан ч өнөөдөр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан байна.
Ийнхүү санаатай буруу мэдүүлэг өгсний харгайгаар 4 хүүхдийн эх залуу эмэгтэй 8 жилийг торны цаана өнгөрөөх болж байна.
Дашрамд дурьдахад АНУ-н ногоон карттай байнгын оршин суугч нь сонгуульд санал өгөх, сонгуульд нэр дэвших эрхгүй юм.
Эх сурвалж: Техас мужийн Ерөнхий Шүүгч Ken Paxton (https://www.texasattorneygeneral.gov/news/releases/ag-paxton-court-appeals-upholds-voter-fraud-conviction-rosa-ortega)
Leave a Reply
You must be logged in to post a comment.