Хойд Америкийн мужуудад тархсан West Nile virus (WNV) халдварын анхны тохиолдол Арлингтон хотод бүртгэгдээд байна.
Энэ тухай Арлингтон хотын Нийтийн Эрүүл Мэндийн Төв (Arlington County Public Health Division) мэдээлээд шумуулаар дамждаг WNV вирусээс сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөмж гаргажээ.
WNV вирус тээгч шумуулд хазуулсан хүнд энэ төрлийн вирусын халдвар авах эрсдэлтэй тул иргэд аль болох шумуултай орчноос зайлсхийх, гэр орон сууцны ойролцоо шумуул цуглах орчинг багасгах (ил тогтсон ус, шавхайг шавхаж цэвэрлэх г.м), шумуулд ихтэй орчинд байх шаардлагатай бол урт ханцуй, шуумагтай хувцас өмсөх, биеийн ил хэсэгт шумуулаас хамгаалах тос, түрхлэг ашиглах зэрэг зөвлөмж гаргажээ.
Эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн дараах 4 төрлийн түрхлэг бэлдмэлийг ашиглахыг зөвлөж байна. Эдгээрт:
- DEET (N, N-diethy-m-toluamide)
- Picaridin (KBR 3023)
- Oil of lemon eucalyptus (p-methane 3, 8-diol, or PMD)
- IR3535
West Nile virus (WNV) вирус нь Хойд Америкийн мужуудад зуны дунд сараас намрын адаг хүртэл түгээмэл тархдаг вирусын халдар бөгөөд энэ төрлийн халдвар авсан хүн тэр бүр ноцтой хүндрэл, шинж тэмдэг илэрдэггүй, халдвар авсан хүн бүрэн эдгэрдэг байна. 5 халдварын 1 тохиолдолд халуурах, үе мөч өвдөх, суулгах, бөөлжих гэх мэт хөнгөн шинж тэмдэг илэрч болох бол маш цөөн тохиолдолд (150 халдварт 1 тохиолдох) халдвар авсан хүнд нугас, тархи үрэвсэх, (менингит) гэх мэт хүнд хэлбэрийн шинж тэмдэг илэрч, амь насанд хүрэх хүртэл хүндэрч болдог байна. Хүнд хэлбэрийн халдвар бүх насны хүмүүст тусах эрсдэлтэй ч 60-с дээш насны болон суурь, ужиг өвчтэй хүмүүс илүү эрсдэлтэйд тооцогддог байна.
Одоогоор энэ төрлийн вирусын эсрэг вакцин, эмчилгээний арга гараагүй байгаа юм. Халдвар авсан хүн өөрийн биеийн дархлаагаар эмчлэгдэнэ гэж үздэг бөгөөд энэ хугацаанд өвчин намдаах эм хэрэглэж болох юм. Харин вирусын халдвар хүндэрсэн үед эмнэлэгт хандахыг зөвлөж байна.
Эх сурвалж: Center for Disease Control and Prevention (CDC)
Leave a Reply
You must be logged in to post a comment.