Арлингтон хотын Удирдах Зөвлөлийн 2022 оны 4 сарын 26-ны хурлаар хотын 2023 оны санхүүгийн жилийн төсвийг санал нэгтэй баталлаа. Хотын ирэх жилийн нийт төсөв 1.50 тэрбум доллар байх бөгөөд дараа жил үл хөдлөх эд хөрөнгийн татвар хэвээр буюу $100 үнэлгээ тутамд $1.5 байхаар баталжээ. Арлингтон хотын 2023 оны төсвийн онцлог нь “Beyond Pandemic with Focus on Employees” буюу цар тахлын дараах сэргэлт буюу хотын албан хаагчдыг дэмжихэд түлхүү анхаарал хандуулжээ.
Цар тахлын үеийн өнгөрсөн 2 жилийн туршид цалин хангамж бараг нэмэгдээгүй хотын албан хаагчдын цалин хангамжийг үе шаттай, дорвитой өсгөхөд ирэх жилийн төсөв чиглэх бөгөөд хотын үндсэн ажилтан албан хаагчдын цалин 5.25- 13.5 хүртэл хувиар өсгөхөөр тусгажээ. Мөн хотын ажилтан албан хаагчдад нэг удаагийн мөнгөн урамшуулал, шинээр ажилд орж байгаа ажилтан, албан хаагчдад мөн мөнгөн урамшуулал олгох зэрэг хүний нөөцийн хөгжилд түлхүүл анхаарах төсөв болсон нь өмнөх жилүүдээс онцлогтой гэнэ.
Мөн хотын төсөвт бага орлоготой иргэдэд олгодог орон сууцны түрээсийн хөнгөлөлт, тэтгэлэгт хөтөлбөрүүдэд зориулж $14.3 сая, Холбооны Засгийн Газартай хамтарч хэрэгжүүлдэг Housing choice vouchers-т $23 сая, Affordable Housing Investment Fund (AHIF)-д зориулж $18.7 саяыг тус тус төсөвлөв.
Ирэх жилийн хотын төсвөөс Арлингтон хотын ЕБС-иудын үйл ажиллагааны зардалд нэг удаагийн санхүүжилтээр $8.4 сая, төсвийн татаасаар $584 саяыг олгохоор тус тус тусгажээ.
Leave a Reply
You must be logged in to post a comment.