Арлингтоны суурьшлын бүсэд хурд хэтрүүлсэн торгууль $200-р нэмэгдэнэ

Арлингтон хотын Удирдах Зөвлөлийн 2020 оны 1 сарын 28-ны хурлаар Арлингтон хотын зарим суурьшлын бүс, гудамжуудад хурд хэтрүүлсэн жолооч нарт олгох торгууль дээр нэмэгдэл $200-н торгууль ногдуулахыг санал нэгтэй (5-0) баталжээ.

Энэ журам батлагдсанаар “Virginia State Code 46.2-878.2” хуулийн заалтыг анх удаа хотын нутаг дэвсгэрт ашиглаж эхлэх бөгөөд хотын аль дүүрэгт, ямар гудамжуудад нэмэлт торгууль ногдуулах бүсчлэлийг хотын эрх бүхий байгууллагууд иргэдээс ирсэн гомдол санал болон хурд хэтрүүлэх зөрчил хамгийн ихээр бүртгэгдсэн түүх зэрэг мэдээлэлд түшиглэж шийдвэрлэх ажээ.

Нэмэлт торгууль тавих гудамжуудын хурдны дээд хязгаар заасан тэмдэглэгээ бүрт “$200 Additional Speeding Fine” гэсэн нэмэлт тэмдэг байршуулах юм.

Энэхүү $200-н торгууль нь одоогийн хүчинтэй хэрэгжиж буй хурд хэтрүүлсэн торгууль дээр нэмэгдэж бичигдэх ажээ.

Арлингтон хотын авто замд заасан хурдны дээд хэмжээнээс хэтрүүлсэн 1 миль/цаг (Mile Per Hour) тутамд $6-р тооцож торгуулийн хэмжээг тогтоодог бөгөөд торгуулийн хуудас бүрт мужаас тогтоосон шүүхийн төлбөр $66 -г нэмж тооцдог байна.

Дашрамд дурьдахад хөрш хотуудад, тухайлбал Falls Church хотын зарим авто замд энэ хуулийн заалтыг ашиглаж, хурд хэтрүүлсэн жолооч нарт нэмэлт торгууль ногдуулах аргыг ашигладаг бөгөөд энэ нь оршин суугчдын аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний сахилга батыг сайжруулах үр дүнтэй арга гэж үздэг байна.

Энэ тухай дэлгэрэнгүй ярилцлагыг дараах видеоноос үзнэ үү.

Be the first to comment

Leave a Reply