Арлингтон сургуульд хүүхэд сургах

COVID-19 UPDATE:

COVID-19-ийн улмаас Арлингтон дүүргийн Ерөнхий Боловсролын Сургуулиудын үйл ажиллагаа, бүртгэлд орсон өөрчлөлтийн тухай сүүлийн үеийн мэдээ: http://www.imedee.com/aps-operational-update/


АНУ-ын ерөнхий боловсролын тогтолцоо нь К-12 буюу цэцэрлэгээс 12-р анги байх ба эдгээрийг Цэцэрлэгээс 5-р ангийг Бага (Elementary), 6-8 дугаар анги хүртэл Дунд (Middle) болон 9-12 ангиуд Ахлах (High) гэсэн дараалалтай байдаг. Энэ ерөнхий бүтэц АНУ-н нийт 50 муж, Вашингто ДС хотод адил дагаж мөрдөх боловч, сургуульд сурагч элсүүлэх, бүртгэх, шалгалт үнэлгээ нь тухайн муж, улмаар тухайн хотын сургуулийн дүүрэг тус бүрт харилцан адилгүй байж болдог. Өөрөөр хэлбэл сургуулийн орлого, зардал, боловсон хүчний бодлого, сургуульд хүүхэд сургах журам зэргийг орон нутгийн хүрээнд шийдэх эрхтэй байна.

Арлингтон хотын Ерөнхий Боловсролын Сургууль (Arlington Public Schools- Цаашид АЕБС гэж товчлох)-ийн дүүрэг мөн сургуульд элсүүлэх, шалгалт авах, санхүүжилт зэргийг орон нутгийн түвшинд бодлого боловсруулж, мужийн болон Холбооны улсын бусад хуулийн хүрээнд ажилладаг.

АЕБС-д хүүхэд элсүүлэх үндсэн нөхцөл.

Арлингтон хотод байнга оршин сууж буй гэр бүлд байгаа сургуулийн насны бүх хүүхэд, мөн 21-с доош настай насанд хүрсэн хүн дараах шаардлагад нийцэж байгаа үед АЕБС-д үнэгүй суралцахаар өргөдөл гаргаж болно. Үүнд:

  • Сургуулийн насны хүүхдийн эцэг эхийн аль нэг нь, эсвэл шүүхээс асран хамгаалах эрх авсан асран хамгаалагч Арлингтон оршин суугч байх;
  • Хэрэв 18-аас 21 хүртэлх насны хүн бол тухайн хүн өөрөө Арлингтоны оршин суугч байх;
  • Хүүхдийн нас, төрсөн он сар өдрийг тодорхойлох албан ёсны бичиг баримт- Төрсний гэрчилгээ эх хувиар.
  • Хүүхэд урьд нь АНУ-ын аль нэг мужын ЕБС-аас сахилга батын улмаас хөөгдөгүй байх зэрэг болно.

Хүүхэд сургуульд оруулах дараах хоёр арга зам бий. Үүнд
1) Хэрэв хүүхдийн эцэг эх болон сурагч өөрийн эх хэл Англи бол шууд өөрийн харъяаны сургуульд дээр очиж хүүхдээ бүртгүүлнэ. Өөрийн харъяа сургуулийг тодорхойлох газрын зурагт ЭНД ДАРЖ нэвтэрнэ үү.

2) Хэрэв тухайн гэр бүлийн эх хэл Англиас өөр хэлтэй бол Language Services Registration Center-т хүүхдийн хамт очиж бүртгүүлэх ба түвшин тогтоох шалгалт өгдөг. Тус төвд ирж бүртгүүлэхийн тулд 703-228-7663 тоот утсаар ярьж цаг товлох шаардлагатай. Товлосон цагт хүүхдийн хамт ирэх үед хэрэв хүүхэд бага дунд ангид орох бол тус төв дээр наад зах нь 3-4 цаг, хэрэв ахлах сургуульд орох бол түүнээс удаан байхаар төлөвлөж ирэх шаардлагатай юм.

Language Services and Registration Center-ийн хаяг:
Arlington Public Schools
Syphax Education Center
2110 Washington Blvd.
Arlington, VA 22204
Утас. 703-228-7663; 703-228-8010
Факс. 703-228-7205
Имэйл хаягl: LSRC@apsva.us
Цагийн хуваар: Даваа-Баасан. Өглөөний 7:30 – өдрийн 4:00 цаг хүртэл.

1. Хүүхдийн нас
АЕБС-ны анхны анги буюу цэцэрлэг ангид тухайн хичээлийн жилд бүрэн 5 нас хүрсэн хүүхэд элсэн ордог. Сургуульд суралцах хүүхдийн насыг тодорхойлохдоо тухайн хичээлийн жилийн 09 сарын 30-аар тасалбар болгож тооцдог байна. Жишээ нь ирэх хичээлийн жилд цэцэрлэгт орох хүүхэд 2019 оны 09 сарын 30-аас өмнө 5 нас хүрсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл 2014 оны 10 сарын 01-нд төрсөн хүүхэд энэ жил цэцэрлэгт орох насанд хүрээгүй гэж тооцно.

Хүүхдийн насыг тодорхойлох цорын ганц хүчин төгөлдөр баримт нь тухайн хүүхдийн төрсний гэрчилгээ гэж үздэг. Төрсний гэрчилгээ заавал эх хувиар авч ирэх шаардлагатай.
Language Services Registration Center нь дотоод эх үүсвэрээр орчуулах чадамжтай тул гадаад хэл дээр буй төрсний гэрчилгээний орчуулга шаардахгүй. Хэрэв төрсний гэрчилгээ ямар нэгэн шалтгаанаар хаяж үрэгдүүлсэн бол хүүхдийн паспортыг хамт хүүхдийн нас тодорхойлох Affidavit бөглөснөөр төрсний гэрчилгээг орлуулдаг. Affidavit татаж авах

2. Оршин суух хаяг тодорхойлолт
Тухайн хүүхдийн эцэг эхийн Арлингтон хотын байнгын оршин суугч гэдгийг нотлох хүчин төгөлдөр баримтууд нь:
1) Үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авсан гэрээ (Deed of Trust; Mortgage Agreement), эсвэл
2) Орон сууц түрээслэх Түрээсийн гэрээ буюу Lease Agreement байдаг. Хүүхэд бүртгүүлэхээр ирэх үед эдгээр шаардсан бичиг баримтын өөрт хамаарахыг авч ирэх бөгөөд дараах зүйлсийг анхаарна.

Хэрэв үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй бол “Deed of Trust” юм уу “Mortgage Agreement”, хэрэв эдгээр бичиг баримт тухайн үед байхгүй бол моргэжийн зээл авсан банкны зээл төлсөн албан ёсны хуулга байж болно.

Харин орон сууцны түрээсийн гэрээ авч ирэх бол дараах зүйлсийг анхаарна:

  • Байрын гэрээнд эцэг эхийн юм уу эцэг эхийн аль нэгний нэрийг гэрээ байгуулагч талд оруулсан байх;
  • Байрны гэрээний хүчинтэй хугацаа дуусаагүй байх
    • Хэрэв байрны гэрээний хугацаа дууссан бол дараах бичиг баримтуудаас наад зах нь 2 нэмэлт баримт шаардлагатай. Үүнд.
      • Тухайн жилийн татварын тайлан (эцэг эхийн нэр, оршин суугаа хаягтай тохирч байх)
      • Цалингийн тодорхойлолт (W-2) (эцэг эхийн нэр, оршин суугаа хаягтай тохирч байх)
      • Төрийн байгууллагаас тухайн хаягт шуудангаар ирсэн (ямар нэг) албан бичиг. (эцэг эхийн нэр, оршин суугаа хаягтай тохирч байх)
      • Сонгогчийн үнэмлэх (эцэг эхийн нэр, оршин суугаа хаягтай тохирч байх)
      • Автомашины бүртгэлийн гэрчилгээ. (эцэг эхийн нэр, оршин суугаа хаягтай тохирч байх)
      • Орон сууцны Менежментийн тодорхойлолт (шинэ байх)
      • Байрны гэрээг байрны эзэн буюу орон сууцны Менежмент болон гэрээ байгуулсан оршин суугч хоёр гарын үсэг зурсан байх шаардлагатай.

Хэрэв хүүхдийн эцэг эхийн нэр дээр түрээсийн гэрээ байхгүй бол дараах бичиг баримтаар Арлингтоны оршин суугч гэдгийг тодорхойлдог.

  • Хамт амьдарч байгаа айлын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, эсвэл орон сууц түрээсийн гэрээ (орон сууцны гэрээнд тавигдах шаардлага дээрхийн адил байна!)
  • Residency Form B – Байрын эзэн юм уу орон сууц түрээслэгч бөглөн гарын үсэг зурж нотариатаар батлуулсан байх (татаж авах)
  • Residency Form A – Хүүхдийн эцэг эх/ асран хамгаалагч бөглөн гарын үсэг зурж нотариатаар батлуулсан байх (татаж авах)

Хэрэв хүүхэд ахлах сургуульд орох бол дээр дурьдсан үндсэн бичиг баримт дээр нэмж хүүхдийн урьд нь сурсан сургуулиас дүнгийн бүрэн хуулбар авч ирэх шаардлагатай.
Дүнгийн хуулбарт Монгол сургуулиас олгодог хувийн хэрэг, эсвэл 7-р ангиас дээш ангиудын жилийн эцсийн дүнгийн хуулбар байж болно. Эдгээр дүнгийн хуулбарыг авч ирснээр хүүхэд Монгол сурсан ангиудаас кредит нөхөж авах давуу талтай. Хэрэв ямар нэгэн дүнгийн хуулбаргүй бол тухайн хүүхдийн нас эс харгалзан 0 кредиттэй гэж үзэн хүүхдийг 9-р ангид (улираан) хуваарилдаг.

Be the first to comment

Leave a Reply