ШИНЭ: Ардчилсан намаас Ralph Northam сонгуульд яллаа

ШИНЭ: Виржиниа мужийн Амбан захирагчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн Ralph Northam үнэмлэхүй ялалт байгуулжээ. Нийт санал хураалтад оролцогсдын 54 хувь нь Ардчилсан намд, харин Бүгд найрамдах намын нэр дэвшигчид 45 хувийн санал өгсөн урьдчилсан дүн гараад байна. Санал хураалтын албан бус урьдчилсан мэдээгээр мужийн дэд захирагч (Justin Fairfax), Мужийн Ерөнхий шүүгчид (Mark Herring) мөн Ардчилсан намын нэр дэвшигчид ялалт байгуулсан тухай мэдээлж байна.

Хуучин мэдээ: Өнөөдөр Виржиниачууд мужийн захирагчийг сонгох сонгуульд саналаа өгч байна. Мужийн амбан захирагчийн суудлын төлөө Бүгд найрамдах намаас Ed Gillespie, харин Ардчилсан намаас Ralph Northam нар өрсөлдөж байгаа юм.

Сонгогчид Мужийн захирагчаас гадна мужийн конгресийн гишүүд, Мужийн Ерөнхий шүүгч, улмаар орон нутгийн Удирдах Зөвлөл, сургуулийн Удирдах зөвлөлийн гишүүдэд санал өгч байгаа билээ.

Өнөөдөр мөн Мэрилэнд мужид Захирагчийн сонгууль явагдах байна.

Виржиниа мужид санал хураах байрууд оройн 7 цаг хүртэл, Мэрилэнд мужил оройн 8 цаг хүртэл ажиллах ажээ.

Энэ удаагийн мужийн сонгуулийг Америк даяар маш анхааралтай ажиглаж байгааг онцлох нь зүйтэй юм. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа болж буй томоохон сонгууль тул өнөөгийн улс төр, нэн ялангуяа Ерөнхийлөгч Доналт Трамп, түүний тэргүүлсэн засаг захиргааны бодлого, үйл ажиллагаанд сонгогчид ямар дүн тавихыг энэ удаагийн сонгуулийн үр дүнгээс харж болох талтай.

Ерөнхийлөгчийн сонгуулиар Доналт Трампийг дэмжиж санал өгсөн ч өнөөгийн түүний явуулж буй бодлого, үйл ажиллагаа санаанд нь нийцээгүй сонгогчид эсрэг санал өгөх нь тодорхой байгаа  юм. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш сонгогчдын санал хаашаа эргэж байгааг ажиглах таатай боломжийг энэ удаагийн сонгууль олгож байгааг ажиглагчид онцолж байгаа ажээ.

Дашрамд дурьдахад орон нутгийн оршин суугчид улс төрийн сонголтоос гадна орон нутгийн төсөв, санхүү, хөгжлийн асуудалтай холбоотой асуудлаар давхар санал өгдөг онцлогтой. Жишээ нь хотын төсөвт шаардлагатай хөрөнгийг бүрдүүлэх бонд гаргах эсэх, томоохон төслүүдийн хэрэгжилтийг зөвшөөрөх эсэх гэх мэт саналуудыг авч болдог.

Be the first to comment

Leave a Reply