С.БАЯР: МАНИЙГАА ШОРОНГИЙН ҮЗҮҮЛЭН БОЛГОЖ ОРОСУУДАД ТААЛАГДАХ ГЭЖ БАЙГАА БОЛ Х.БАТТУЛГА АНДУУРЧ БАЙНА

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр 60 хоногийн турш ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдсон тэмдэглэлээрээ “Жаран хоног”, “Жаран”-ы бутархай” ном бичиж, хэвлүүлжээ.

/Номын хэсгээс/

ХАДМЫН ГОМДОЛТОЙ ХҮРГЭН ҮҮ?

2018 ОНЫ 5-Р САРЫН 15-НД

Баттулга бид хоёр эр улс шиг танилцаж, эр улсын харилцаатай л явсан. Нэг Засгийн газарт багтаж нэг үйл хэрэг бүтээхийн төлөө хамтраад зүтгэж байлаа. Би түүнд дэм болж байснаас гэм хийж явсангүй ээ. Ерөнхийлөгчийн сонгуулиар өрсөлдөгчийнх нь талд орсныг гэм гэж үзээд надад муу санах өчүүхэн амьтан арай л биш санагдана. Муу санах шалтгаан түүнд байвал үүнээс арай том, арай өөр эрэмбэ түвшиний учир шалтгаан байх ёстой биз, тийм бол тэр нь юу байж болох вэ? Хоёрын хоёр Ерөнхий сайд, Сангийн сайд, агентлаг, газрын дарга асан хэдэн хүнийг Ерөнхийлөгчийн сонгуультай холбож яллаагүй. Оюутолгойн гэрээ байгуулах, хэрэгжүүлэх ажилд оролцсон гэдгээр нь шалтаглаж бултаар нь барьж хорьсон. Намайг биднийг энд суулгасан учир шалтгаан нь Оюутолгойн гэрээтэй холбоотой бол аль тэртээх 1930-аад оны Амар, Гэндэн, Дэмид нарынхтай ижил төстэй сэдэл, шалтгаантай байж магадгүй юм гэж гэнэт бодогдлоо. Орост таалагдаагүй учраас…..

Орост таалагдаагүй улмаас С.Баяр нарын хүмүүс шоронд суусан болж байна уу. Шууд утгаараа бол үгүй. Оросууд биднийг барьж аваад энд суулгаагүй. Энэ асуудалд ч хамаагүй гэдэг нь ойлгомжтой. Харин Орост таалагдаагүй байж болзошгүй хэдэн хүнийг энд суулгавал Оросууд өөрийг нь таалан, талархана гэж бодсон хүний хийж байгаа ажил байж мэдэх ч юм шиг. Хэрэв тийм бол энэ нь өөр хэний ч биш Х.Баттулгын хийж байгаа ажил мөн. Тэгж бодох хардах үндэслэл байна. Мань хүн Орост таалагдах, Оросоос бусдыг Монголоос үргээх гээд сүүлийн хэдэн жил гэнэтийн цочмог үйлдэл хийдэг болсон. Сайд байхдаа тэрбээр Крымийн хойг бол ОХУ-ын бүрэлдэхүүн хэсэг мөн гэж гэнэт мэдэгдэл хийж олныг цочоосон. Хөдөө аж ахуйн сайд хүн гадаад бодлогын асуудлаар хувийн байр сууриа илэрхийлдэг ёс хаана ч үгүй. Тэгэх тусмаа хувийн тэр бодол нь ОУ-ын эрхзүйн зарчим, дэлхий нийтийн хандлага, ЗГ-ынх нь бодлогоос зөрж байгаа нөхцөлд ОХУ-ын хамгийн ойр холбоотон болох Беларус, Казахстан улс хүртэл Крымийн хойг бол ОХУ-ын бүрэлдэхүүн хэсэг биш гэж үзсээр байгаа. Оросуудын анхаарал татах, тэдэнд улам их таалагдах гэсэн хүсэлдээ хөтлөгдсөн Х.Баттулга эгзэгийг нь тааруулж байгаад манийгаа шоронгийн үзүүлэн болгож үнэнчээ харуулъя гэж бодсон байж мэднэ. Оюутолгойн төслийг ОХУ-тай биш барууны компанитай хамтарч хөдөлгөсөн учраас Орос ах нарын аазгай хөдөлсөн гэж тэр бодсон биз. Хэрэв тийм бол Оюутолгойгоос юм авсандаа биш, Оюутолгойг Оросуудад өгөөгүйн улмаас бид энд суусан болж таарч байна.

Тэгж бодсон Х.Баттулга андуурчээ. Оюутолгойн төслийг Оросууд сонирхож байгаагүй, энэ орд газарт хөрөнгө оруулаач, бидэнтэй хамтарч ажиллаач гэж ОХУ-ын албаны болон бизнесийн нөхдөд санал болгож явсан хүмүүсийн нэг нь би өөрөө. Оюутолгойн лиценз гадны компанийн биш Монголын ЗГ-ын мэдэлд байх 2002 онд ОХУ-д суугаа Элчин сайдын хувьд Оросын том бизнесийн нөлөөллийг нутагтаа урин залж, энд тэнд дагуулан явж байсан түүх надад бий. ОХУ-ын албаны болон бизнесийн хүмүүс нь Оюутолгойн төсөлд бид оролцох боломжгүй байна, энэ төсөл бидэнд арай томдоно, хөрөнгө мөнгөний хувьд, техник технологийн хувьд ч гээд тэр үед шулуухан татгалздаг байв. Дараа нь ч гэсэн Оюутолгойн төсөлд оролцъёо гэсэн бодол сонирхол Оросуудад төрж байгаагүй. Ямар ч байсан оролцох бодолтой гэдгээ Ерөнхий Сайд надад ОХУ-ын удирдлага илэрхийлж байсан удаагүй. Би тэдэнтэй мөн ч олон уулзаж, мөн ч олон асуудал хэлэлцэж байсан хүн дээ, тэгээд ч энэ төсөл дээр Оросуудтай хамтарна гэж зорилоо ч тэр маань бүтэхгүй болсон байв. 2004 оноос хойш энэ орд газрыг тойрсон эрхзүйн нөхцөл байдал нь үндсээрээ өөрчлөгдсөн, хайгуул хийж Оюутолгойн орд газрыг илрүүлсэн этгээд Канад улсын Айвэнхоу майнз компани. ОХУ-ын их өрийг эцэслэн тэглэхэд энэ компанийн эзэн Фрийдландаас авсан 50 сая ам.долларт нь хариу талархал болгон Оюутолгойд хамаарах хамаарахгүй баахан лиценз Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа 2004 онд түүнд өгсөн байдаг.

ЭНЭ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ЯВСАН ХОЁР ЭР ШӨНӨ ДӨЛӨӨР ШОРОНГИЙН ХҮЙТЭН ХОНГИЛД БАРАА БАРААГАА ХАРАХ ТАВИЛАНТАЙ БАЙЖ…

БАГТРААНЫ ЗОЛИОС 2018 ОНЫ 4-Р САРЫН 26

Шөнө багтраа дахин хөдлөв. Агаар дутагдан ангалзаад амь тавихдаа тулав. Харгалзагч нар утсаараа ярьж ийш тийш гүйлдэж байснаа намайг эмнэлгийн өрөөнд яаралтай оруулав. Жижүүрийн эмч нь аахилсаар орж ирж байна. Амруу вентолин хэд сайн шахсан ч нэмэр болсонгүй. Би түүнээс аврал хайн “яг боох нь…нэг тариа байдаг…хоолой тэлдэг… тэр байна уу… бушуу шахаач гэж гуйлаа.

Жижүүрийн эмч гарч гүйгээд удалгүй эргэж ирээд эуфилин гэх тариа дуслаар хийлээ. Хэсэг хугацаа өнгөрөхөд бие тавирч, цээж онгойн амьсгал овоо жигдэрч байна. Энэ муу астамын онцлог нь амьсгал хүчлэн авлаа ч бүрэн гаргаж чадахгүй амь тэмцээд сандраад эхэлдэг. Агаар дутагдмагц зүрх савлаад бүр хэцүүднэ, бушуухан тариа хийлгэж амьсгалаа жигдлэхгүй бол мажийх энүүхэнд байдаг онцгүй өвчин. Тоохгүй яваад байсан багтраа маань толгойд гарч, боолчилдог болох нь. Тариа хийсний дараа намайг эмнэлгийн тэр өрөөнд хэсэг хэвтүүлж тэнхрүүлэв.

Дараа нь бие суларсан амьтан хонгилын хана түшисхийн явж байтал тэр давхрын нэг камерын төмөр сараалжны цаана бүрэнхийд танил царай хальт харагдах шиг боллоо. Би зог тусав. Сайханбилэг шиг харагдах юм. Мөн үү? Сайханбилэг мөн байна

– “Та яасан бэ, зүгээр үү” гэж тэр асууж байна.

Хариу хэлэх гэтэл ард явсан харгалзагч харьцаж болохгүй гэж зандарч байна. Би гараа өргөж даллахаас өөр яаж ч чадсангүй цааш хөдлөв. Сайханбилэг бид хоёр энд нэг өдөр хүргэгдэж ирсэн гэж өмгөөлөгч маань хэлсэн. Тэрнээс хойш сураггүй байж байгаад одоо л бие биенээ олж харж байгаамаа нь энэ.

Энэ улсын Ерөнхий сайд явсан хоёр эр шөнө дөлөөр шоронгийн хүйтэн хонгилд бараа бараагаа ийнхүү хальт харах тавилантай байж. Сайханбилэг бид хоёр эрүүгийн нэг хэргээр нэг өдөр энд суусан гэсэн. Гэтэл хоорондоо долоо найман жилийн зайтай засагласан бид хоёрыг эд нар яаж хамаатуулж нэг хэргээр яаж холбож байгаа юм болоо. Сайханбилэг миний танхимд, би түүний танхимын бүрэлдэхүүнд орж байгаагүй ээ. Манай засгийн шийдвэр түүнд, түүний засгийн шийдвэр надад хамаагүй л баймаар юм. Бид хоёрыг холбож болох сэжүүр бол Оюутолгой гэх сэдэв л юм. Оюутолгойн сэжүүрээр толгой холбогдсон, “хоёр баагий юм биздээ”

Be the first to comment

Leave a Reply