Sears-ийн 100 орчим салбар дэлгүүр хаагдана.

Жижиглэн худалдааны “Sears” компанийн борлуулалт, ашиг орлого эрс буурсантай холбогдуулж тус компаний харъяа хэдэн арваар тоологдох салбар дэлгүүрүүдийг хаахаар зарлаад байна.Тус компанийн алдагдалтай ажиллаж буй 100 орчим “KMart”, “Sears” дэлгүүрүүд байгаа гэдгийг зарлаад ирэх 9 сард хаагдах 63 салбар дэлгүүрүүдийн жагсаалтыг олон нийтэд зарлажээ.

Ийнхүү 2012 онд ид хүчээ авч, тухайн үед 4000 гаруй салбар дэлгүүртэй үйл ажиллагаа явуулж байсан аварга компани энэ оны эцэс гэхэд дөнгөж 800 орчим салбар дэлгүүртэй үлдэх болоод байгаа нь энэ юм. “Sears” компани өнгөрсөн улиралд 424 сая долларын алдагдалтай ажилласан нь олон нийтэд тодорхой болоод байгаа билээ.

Сүүлийн хэдэн жилийн турш “Amazon”, “eBay” гэх мэт онлайн худалдаа хүчээ авахын хэрээр “Macys”, “Sears” гэх мэт томоохон компаниудын сүлжээ салбар дэлгүүрүүдийн ашиг орлого эрс багасч, жил бүр хэдэн арав, зуугаар тоологдох дэлгүүрүүд дампуурч, үүл хаалгаа барих нь бараг энгийн үзэгдэл болоод байгаа билээ.

Гэвч дампуурлын ирмэгт ирээд буй “Sears” компани зүгээр суусангүй, хүндрэлээс гарахын тулд арга зам эрэлхийлсээр байгаа юм. Эдгээр хүчин чармайлтын нэгд тус компани онлайн худалдааны “Amazon” компанитай тохиролцоонд хүрч чадсан явдал юм. Өнгөрсөн жил хэрэгжиж эхэлсэн хоёр компанийн хоорондын гэрээ ёсоор хэрэглэгчид “Amazon” сайтаас худалдан авсан автомашины дугуйгаа “Sears Auto Center”-т очиж солиулж авах боломжтой болж байгаа бол мөн “Sears”-ийн салбаруудаар борлуулагддаг “Kenmore” брэндийн гэр ахуйн барааг “Amazon” сайтаар борлуулдаг болжээ.

Өнөөдөр дээрх мэдэгдлийн дараа “Sears Holdings Corp”-ийн нэгж хувьцаа бараг 12 хувиар унасан үзүүлэлттэй байна.

Анхны сэтгэгдэл үлдээх

Хариу бичих

Имэйл хаяг нийтэд харагдахгүй.


*