“Equifax” компанийн 143 сая хэрэглэгчийн мэдээлэл алдагджээ

АНУ-н хэрэглэгчдийн зээлийн түүхийг бүртгэгч АНУ-н гурван гол компанийн нэг “Equifax” компанид бүртгэлтэй 143 сая хэрэглэгчийн хувийн өндөр нууцлал бүхий мэдээлэл алдагдсан нь шуугиан тариад байна. Урьд нь томоохон компаниудын, тухайлбал “Yahoo”, “MySpace” зэрэг компанийн олон сая хэрэглэгчийн мэдээлэл алдагдаж байсан ч энэ удаагийн тохиолдолд хамарч байгаа иргэдийн тоо, улмаар иргэдийн өндөр нууцлалтай мэдээлэл болох “Social Security” дугаар, хаяг, төрсөн он сар өдөр зэрэгр мэдээлэл алдагдаад байгаа нь олон нийтийн анхаарлыг зүй ёсоор татаж, санаа зовоож байгаа юм.

“Equifax”, “TransUnion”, “Experian” компаниуд нь хэрэглэгчдийн санхүү, зээлийн хэрэглээг нэг бүрчлэн хянаж байдаг. Тэдгээр компаниуд хэрэглэгчдийн нууцлалд хамаарах мэдээллийг банк, санхүүгийн байгуулллагууд, хадгаламж зээлийн хоршоод, сүлжээ дэлгүүр, худалдааны байгууллагуудаас нэг бүрчлэн цуглуулж бүртгэж байдаг.

Өнөөдрийн байдлаар урьдчилсан тооцоогоор АНУ-н 143 орчим сая хүний мэдээлэл хакеруудын гарт орсон гэж үзэж байна. Үүний зэрэгцээ Канад, Их Британи зэрэг орнуудын иргэд ч хохирсон байж болохоор байгаа ч тус компани одоогоор хэдий орчим иргэд энэ кибер хулгайн хохирогч болсныг зарлаагүй байна. Улмаар АНУ-н 209 000 орчим иргэдийн зээлийн картын дугаар алдагдсан байж болзошгүй байгаа бөгөөд бусад 182 000 Америкчуудын нэр овог, төрсөн он сар өдөр, жолооны үнэмлэхийн дугаар бусдын гарт ороод байна.

“Equifax” компани зээлийн картын мэдээлэл нь алдагдсан харилцагчдад шуудангаар энэ тухай жич мэдэгдэх гэнэ.

“Equifax” компанийн мэдэгдэж буйгаар хакерууд энэ оны 05 сараас 07 сарын хооронд мэдээлэл хулгайлах ажлыг гүйцэтгэсэн гэж таамагдаж байгаа бөгөөд хакерууд тус компанийн мэдээллийн санд нэвтэрснийг 07 сарын 29-нд анх мэдсэн ч олон нийтэд энэ тухай өчигдөр буюу 09 сарын 07-нд зарлаад байгаа юм.

Одоогоор энэ хэргийн эзэд хэн байсан тухай ямар нэгэн мэдээлэл байхгүй байгаа бөгөөд мөрдөн байцаах ажил ид үргэлжилж байна. Холбооны хууль сахиулах байгууллагууд болон Конгресийн Санхүүгийн Хороо зэрэг эрх бүхий байгууллагууд дээрх хэргийг мөрдөн байцаах ажиллагааг өнөөдөр эхлүүлж буйг зарлаад байна.

Хэрэв та АНУ-д “Social Security” дугаартай бол энэ гэмт халдлагын хохирогч болсон байхыг үгүйсгэхгүй байна. Тиймээс иргэд www.equifaxsecurity2017.com хаягаар орж Check Potential Impact товчийг дарж шалгах бөгөөд өөрийн овог, “Social Security” дугаарын сүүлийн 6 оронг оруулж шалгах ажээ. Үүний дараа та энэ халдлагад өртсөн эсэх хариу гарах гэнэ.

Улмаар “Equifax” компани хэрэглэгчдэд өөрсдийн зээлийн түүхийг хянах TrustedID Premier үйлчилгээг 1 жилийн хугацаанд үнэгүй олгохоор болжээ.

Ийнхүү хэрэглэгчдийн хувийн өндөр нууцлалт хамаарах мэдээлэл алдагдсан нь Америкчуудын санааг зовоож байгаа бол “Equifax” компанийн өндөр тушаалын гурван албан тушаалтантай холбоотой хэрэг дэгдэж магадгүй болоод байна.

Тус компанийн өндөр албан тушаалын захирлууд, тухайлбал “Equifax” компанийн Санхүү хариуцсан Гүйцэтгэх захирал John Gamble, “U.S. Information Solutions” компанийн Ерөнхийлөгч Joseph Loughran болон “Workforce Solutions” компанийн Ерөнхийлөгч Rodolfo Ploder нар дээрх хакерын халдлага болсны дараахан “Equifax” компанийн 2 сая орчим доллартай тэнцэх хэмжээний хувьцааг борлуулсан нь хууль сахиулах байгууллагуудын анхааралд ороод байгаа юм. Харин энэ тухай “Equifax” компани мэдэгдэл гаргаж, захирлууд хувьцаагаа борлуулах үед хакеруудын халддага болсон тухай мэдээгүй байсан гэсэн тайлбар өгөөд байгаа ажээ.

[acadp_listings]

Be the first to comment

Leave a Reply