Ерөнхийлөгч Обамагийн тангараг өргөх ёслолд хэлсэн үг

Эрхэм Дэд Ерөнхийлөгч Biden, Ноён Ерөнхий шүүгч, АНУ-ын Конгресийн гишүүд, эрхэм зочид төлөөлөгчид, ард иргэд ээ:
Үе үеийн Ерөнхийлөгчдийн тангараг өргөх ёслолд хуран цуглах бүрдээ бид Үндсэн хуулийнхаа аугаа их сүр хүчийн гэрч болж, ардчилалын төлөө эгнэгт баттай зогсч чадна гэдгээ дахин нэг нотолцгоодог билээ. Энэхүү аугаа их үндэстэнийг нэгтгэж байгаа хүчин зүйлс нь бидний арьсны өнгө, итгэл үнэмшил, бидний үүсэл гарал хараахан бус, харин биднийг бусдаас ялгаруулж, Америк хэмээх үндэстэнг бий болгож байдаг гол нууц нь тэртээ хоёр зууны тэртээд тунхаглаж асан “Хүн бүр төрөлхийн тэгш эрхтэй, амьд явах, эрх чөлөөтэй байх, өөрсдийн сайн сайхны төлөө хэнээс ч хараат бус тэмцэх эрх нь бурхнаас бидэнд заяасан салшгүй үнэт бэлэг” хэмээх зарчим бөгөөд энэ л биднийг зангидаж, бид ч энэ амин сүнс болсон зарчмыг санаж мөрдлөг болгож байдаг билээ.
Өнөөдөр бид эдгээр зарчмыг, үгсийг бодит үнэнтэй холбож өгөх, хэзээ ч үл төгсөх аян замын дунд явж байна. Хэдийгээр эдгээр зарчим нь нотолгоо шаардахгүй туйлын үнэн гэдэгт бид итгэдэг хэдий ч эдгээр сургааль зарчмыг зөвхөн хүмүүн бид амьдралд хэрэгжүүлэх ёстой, улмаар эрх чөлөө бол дээд Бурханаас илгээсэн бэлэг гэдэгт итгэдэг ч бас тэрхүү үнэт зүйлсийг газар дэлхий дээр амьдарч буй хүмүүн төрөлхтөн баталгаажуулж, хамгаалах ёстой гэдэг нь ч бас туйлын үнэн билээ. Тэртээ 1776 онд тэмцэж явсан зоригт дайчид зөвхөн хааны титэм сольж нэгийн эрхийг нөгөөхөөр солихын төлөө, хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг хамгаалахын төдийд амиа өргөж байсангүй, харин өнөөдрийн бүгд найрамдах засаглал, төрийн эрхийг ард түмний мэдэлд өгөхийн төлөө, үе үеийнхний амар амгалан амьдралыг баталгаажуулахын төлөө тэмцэж байсан юм.
Өнгөрсөн хоёр зуу гаран жилийн хугацаанд бидний туулж ирсэн хатуу ширүүн харгислал, илдийн цусан мөр бидний мах цусанд эрх чөлөө, эрх тэгш байдлын зарчимд тулгуурласан ямар ч засаг хагас боолчлол, хагас эрх чөлөөт нийгмийг тэсвэрлэх боломжгүй гэдгийг ойлгуулж өгсөн юм. Тиймээс ч бид өөрсдийгөө ирээдүйд хөтлөх бэлгийн харааг олж, улмаар мөнхөд дэвшин урагшлахаар эвлэлдэн нэгдсэн билээ.
Өнөө цагийн эдийн засаг, худалдааны өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангахуйц төмөр зам, хурдны зам, ажилтан ангийг бэлдэх сургууль коллеж шаардлагатай гэдэгтэй бид санал нэгдэж чаддаг.
Өрсөлдөөн, тоглоомын шударга дүрэм хаана байна, зөвхөн тэнд л чөлөөт эдийн засаг цэцэглэн хөгжих боломжтой гэдэгтэй бид санал нэгддэг.
Халамж тэтгэмж хэрэгтэй байгаа иргэд, нийт ард иргэдээ амьдралын хатуу хүтүү бэрхшээл, таагуй учрал тохиолоос баттай хамгаалж зогссон улс үндэстэн аугаа ихэд тооцогддог гэдгийг ч бид хамтдаа гэрчилж чадна.
Мөн эдгээр бүхий л хугацааны туршид эрх мэдлийн төвлөрөлд бид хэзээ ч дулдуйдсангүй, нийгмийн бүхий л өвчин эмгэгийг засгийн газар дангаараа мэдэж шийдвэрлэнэ гэдэгт бид хэзээ ч итгэж байсангүй. Шинийг эрэлхийлэгчид, бизнес эрхлэгч нараа урамшуулж, шургуу хөдөлмөр, хувийн үүрэг хариуцлагаа ухамсарласан ард иргэддээ бид түшиглэж, итгэсээр ирсэн.
Нөгөөтэйгүүр цаг хугацаа хувиран өөрчлөгдөхийн аясаар бид ч мөн шинэчлэгдэж байх ёстойг умартах ёсгүй, шинээр үүсэн бий болж буй бэрхшээл шалгуур бүрт шинэлэг хандлагаар хандахыг, иргэн бүрийнхээ тэгш эрхийг хангахын тулд хэзээ хэзээнээс илүүтэй эв нэгдэлтэй байхыг бидний улсын үндсэн зарчим шаардаж байна. Америкийн цэргүүд фашизм, коммунизмын аюултай улаан гараараа тулгарч болох магадлал хэзээ нэгэн цагт бодит байсан бол харин өнөө цагт дэлхий нийтийн хэрэг явдлыг Америкийн ард түмэн дангаараа үүрч гарах боломж харин байхгүй юм.
Бидний ирээдүйг авч явах хүүхэд багачуудыг мэдлэгээр зэвсэглэх математик, шинжлэх ухааны багш нарыг, америкийн нутаг дэвсгэр дээр шинэ ажлын байр бий болгох зам гүүр, сүлжээ барьж байгуулах, шинжилгээний лабораториудад ажиллах боловсон хүчнийг нэгэн хүн дангаараа сургаж бэлтгэхгүйг нь лавтай. Энэ бүхнийг бид хамтын хүчээр, нэгэн үндэстэн, нэг ард түмэн болж эвлэлдэн нэгдэж байж хийж бүтээх билээ.
Энэ цаг үеийн Америкийн ард түмэн төрөл бүрийн хямралын сорилтод өртөж, бидний итгэл зориг улам хурцлагдаж байгаагаараа онцлогтой. Олон жил үргэлжилсэн дайн дуусч байна, эдийн засгийн сэргэлт ажиглагдаж эхэлсэн байна. Америк үндэстэний хүрэх боломж чадалд хязгаар гэж үгүй, өнөөгийн дэлхий ертөнц улс үндэстэн бүрээс шаардаж буй бүхий л шинж чанарыг бид агуулж байна, залуу үе, эрч хүч, олон үндэстэн, ил тод байдал, хэзээ ч тулгарч болох эрсдэл бас шавхагдаж үл барагдах бүтээн цогцлоох чадал бидэнд бий. Миний хайртай Америкчууд аа, тийм ээ, бид энэ бүхнийг даван туулахаар бүтээгдсэн, даван туулах ч болно, бид эвлэлдэн нэгдэж чадваас бэрхшээл бүхэн ахархан байх болно.
Ард түмэн минь, нийгмийн хэт цөөнх тэнхлүүн яваад, харин ард түмний дийлэнх олон элдэв бэрхшээл саадтай байгаа нөхцөлд манай улс орон дэвжин дээшлэхгүй гэдгийг бид бүхэн маш сайн ойлгож байгаа. Мөн Америк үндэстэний сайн сайхан, үнэт зүйлс бүхэн нийгмийн хүчтэй дунд ангийнхны өргөн мөрөн дээр цогцолж байдаг гэдэгт ч гүнээ итгэдэг билээ. Хүн бүр тусгаар тогтнож, хийж буй ажилдаа дурлан махарсан цагт, шургуу хөдөлмөрт нийцсэн шударга ажлын үнэлэмжээр айл өрх бүрийн амьдрал баталгаажиж чадсан тэр цагт Америк үндэстэн хүчирхэн хөгжинэ гэдгийг ч бид бүгд мэдэж байгаа. Хамгийн тарчиг ядуу айлд төрж өсч буй бяцхан охин ч өөрөө америк хүн болж төрсөн учир өөрт нь бусдын нэгэн адил боломж бий, эрх чөлөө, эрх тэгш байдал бий гэдэгт бат итгэдэг байх ёстой, энэ нь хоосон итгэл, уриа бус бидний нүдэн дээр хэрэгжиж байх ёстой юм.
Нэгэнт үеэ өнгөрөөсөн хуучин арга барил бидний өнөөгийн нөхцөл шаардлагад нийцэхийг больжээ. Засаг төрийг хүчирхэгжүүлж, татварын хуулийг цаг үетэй нийцүүлэхэд, сургуулиудыг шинэчлэх, иргэддээ тэдэнд шаардлагатай байгаа ур чадварыг олгож мэдлэг чадвартай, илүү амжилтад, өндөр зорилгод чармайн зүтгэх эрмэлзэл бүхий хүчирхэг иргэдийг бий болгохын тулд бидэнд шинэ санаа санаачлага, шинэ технологийн ололтыг гартаа оруулж ашиглахыг цаг үе шаардаж байна. Хэдийгээр бидний зорилгод хүрэх арга зам өөрчлөгдөн шинэчлэгдэж болох ч америк хүн бүрийн хүчин чармайлт, хичээл зүтгэлийг бүрэн үнэлж чаддаг улс гүрэн болох бидний чин зорилго харин үл гажих билээ. Энэ бол чухамхүү өнөө цаг үеийн шаардлага, бидний итгэл үнэмшлийг өдөөн урамшуулж буй үнэт зүйл гарцаагүй мөн юм.
Бидний америкчууд энэ улс орны иргэн бүр аюулгуй байдал, нэр төрөө хамгаалуулах наад захын эрхээр өвч хамгаалагдсан гэдэгт гүнээ итгэдэг. Эрүүл мэндийн өртгийг бууруулах, төсвийн алдагдлын багасгахын тулд бид бэрхшээлтэй ч зайлшгүй сонголтуудыг хийхээс өөр зам бидэнд үгүй. Бидний үндэстэний хувьд энэ улс орныг босгож бүтээсэн өнгөрсөн үе болон ирээдүйгээ цогцлоон бүтээх хойч үе хоёрын аль аль нь эн тэнцүү үнэт зүйл мөн. Бид өнгөрсөн үеэс суралцах зүйл их бий, бидний улс үндэстэн үүсэн бий болж байсан тэртээ жилүүдэд бид ядуурал үгүйрэлтэй нүүр тулж байсан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд газар хатуу тэнгэр хол цаг үе байсныг санацгаая. Манай улсад эрх чөлөө зөвхөн азтай цөөны тооны хүний өмч гэдэгтэй бид хэрхэвч санал нийлдэггүй. Ажил төрлөө алдах, өвчин зовлон нүүрлэх, цаг бусын байгалийн гамшигт гэр орноосоо хагацах гэх мэт хэлж ирдэггүй аюул осол бидний хэнд ч, хэзээ ч тохиож болох ба гэнэтийн эрсдэл хэзээ ч бидний ажил үйлсээр ялгаварлаж ирдэггүй нь үнэн юм. Тиймээс ч бид “Medicare”, “Medicaid” болон нийгмийн халамжийн тэтгэмжээр дамжуулж бие биенээ аюул эрсдлээс өмгөөлж хамгаалдаг бөгөөд, эдгээр хөтөлбөрүүд бидний үгээгүй болгож харагдуулдаггүй, харин биднийг хүчирхэгжүүлдэг юм. Эдгээр хөтөлбөр биднийг бэлэн хоол горьдогчид хэзээ ч болгоогүй харин энэ аугаа их улс орны төлөө эрсдэл хийхээс үл буцах эрх чөлөөг бидэнд олгодог билээ.
Бидний үндэстэн, Америк үндэстэн бол зөвхөн улс орныхоо төлөө хариуцлага үүрээд зогсохгүй, нийт хойч үеийнхний төлөө үүрэг хариуцлага хүлээх учиртай. Бид байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ёстой, ингэж эс чадваас хүүхдүүдийнхээ өмнө, хойч ирээдүйнхээ өмнө буруутан болно гэдгээ бид ухамсарладаг. Магадгүй шинжлэх ухааны баримт нотолгоог үл ойшоох нэгэн байж болох ч зэрлэг галын аюул, газар авч буй ган гачаал, улам хүчирхэгжиж буй салхи шуурганы гамшгийг хэн ч тойрч чадахгүй нь үнэн билээ. Байнгын найдвартай эрчим хүчний эх үүсвэрийг эрэлхийлэх аян зам хол ч, хүнд хэцүү нь ч үнэн. Гэвч америк улс энэ замаас буцахгүй, бид харин тэргүүлэн оройлох учиртай. Шинэ үйлдвэржилт, шинэ ажлын байр бий болгох шинэ технологийг бид бусад улсуудад зүгээр найр тавиад өгч таарахгүй, бид өөрт ногдох үр ашгийг дээд зэргээр ашиглаж эзэн болох ёстой. Чухам энэ арга замаар л бид эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлж, үндэсний баялаг болсон ой мод, усан зам, тариалангийн талбай, мөнх цаст уул нурууддаа зохих ёсоор эзэн болох ёстой. Чухамхүү энэ арга замаар л бид бурханаас бидэнд даалгасан гараг дэлхийгээ хайрлах гамнах их үйлсийг хэрэгжүүлэх боломжтой. Чухам ингэж чадваас бидний эцэг өвгөдийн өмнө хүлээсэн ам тангараг сая утга учраа олох учиртай.
Бидний үндэстэн амар амгалан, энх тайван байдлыг сахихын тулд эцэс төгсгөлгүй дайн дажин хийх шаардлаггүй гэдэгт итгэдэг. Дүрэмт хувцсаар жигдэрч, тэмцлийн хурц галд хатуужсан манай цэрэг эрс, баатарлаг бүсгүйчүүдийн ур чадвар, итгэл зориг хэзээ ч дундаршгүй билээ. Алтан амиа өргөсөн баатруудаа бид эргэн санах бүртээ өнөөдрийн эрх чөлөө ямар их үнээр бидэнд ирснийг манай иргэд дэндүү гүн гүнзгий мэдэрдэг. Тэдний өргөсөн халуун амины үнэ цэнийг бид туйлын сайн мэдэрдэг учраас бидний эсрэг муу санаа өвөрлөсөн хэний ч өмнөөс бид сонор сэрэмж алдахгүй сахих болно. Нөгөөтэйгүүр бид гагцхүү дайн дажнаар бус харин нарийн ур ухаанаас сэлэм далайсан дайсныг мөр түшилцсэн андууд болгон энхийг тогтоож чадсан баатруудын үр сад бөгөөд өнөө цаг үед ч энх тайвны төлөө ур ухаанаа уралдуулах ёстой.
Бид зэвсгийн сайнаар, чанд хууль журмын хүчээр ард түмнээ хамгаалж, үндэстэний үнэт зүйлсийг батлан хамгаалах болно. Бид бусад улс үндэстэнүүдтэй үүссэн ашиг сонирхлын зөрчил, ялгааг зөвхөн энхийн замаар шийдвэрлэхийг урьдал болгох ба энэ нь бидэнд тулгарч буй аюул эрсдлээс зайлсхийх гэсэн арга бус харин аливаа зөрчил тэмцэл үл итгэх байдал, айдас түгшүүр төрүүлж байдгийг санах хэрэгтэй. Америк улс дэлхийн өнцөг булан бүрт энхийг сахиулах эвслүүдийн идэвхтэй тулгуур хэвээр байх ба хилийн чанадад буй зөрчил тэмцлүүдийг тохинуулах үйлсэд бидэнд түшиг тулгуур болох арга замуудыг, хамтрагчдын бид эрэлхийлэх болно. Энх тайван ертөнцөд ямар ч хүчирхэг гүрэн гавъяаг дангаар хүлээдэггүй юм. Бид Ази тивээс Африк тив, Америк тивээс Ойрхи Дорнод хүртэлх орон зайд ардчиллын ололт амжилтыг хөхүйлэн дэмжих болно. Учир нь эрх чөлөөг хүсэмжлэгч хүн бүрийн нэрийн өмнөөс энэ үйлсийг хэрэгжүүлэх үүргийг бидний ашиг сонирхол, дотоод итгэл үнэмшил маань биднээс шаардаж байдаг юм. Үгээгүйчүүд, өвчин зовлонд нэрвэгдэгсдэд, нийгмээс гадуурхагдсан иргэдэд, ялгаврлан гадуурхах үзлийн хохирогчдын хувьд бид итгэл найдвар нь болж харагдах ёстой. Ингэхдээ тэднийг өрөвдсөн дүртэй буян үйлдэгч дүрээр бус харин хүн төрөлхтөний үнэт зүйлс болох, бусдыг хүлээн зөвшөөрөх чадвар ба нөөц боломж; хүний эрх ба шударга ёс гэсэн алтан зарчмуудыг илүү өргөн, илүү олон түмэнд түгээн дэлгэрүүлэх үүргийг өнөө цаг үе биднээс шаардаж байгаад хамаг учир оршино.
Бидний өнөөдрийн тунхаглаж буй бидний язгуур итгэл үнэмшил болсон хүн бүр төрөлхийн тэгш эрхтэй байх зарчим өнөөдөр ч биднийг од болон дагуулж байна, энэ л од бидний өвөг дээдсийг “Seneca Falls”, “Selma”, “Stonewall” дундуур хөтөлж явсан, ганц хүн айл болохгүй буюу хуран эвлэлдэхийн үнэ цэнийг өгүүлэгч мэргэдийн үгийг дуулахаар, энэ дэлхий дээр оршигч амьд бодгаль бүрт халдашгүй эрх чөлөө заяагдсан гэдэг их хааны тунхаглалыг сонсохын төлөө энэ нутаг оронд хөлийн мөрөө үлдээсэн, нэр нь тодроогүй олон охид хөвгүүдийн цорын ганц баримжаа нь миний дурьдсан энэ л од байсан юм шүү.
Эцэг өвгөдийн эхлүүлсэн их түүчээг цааш нь үргэлжлүүлэн авч явах их үүрэг хариуцлага өнөөдөр бидний үеийнхэнд ногдож байна. Айлын эхнэрүүд, ээж нар, охид бүсгүйчүүд өөрсдийн хөдөлмөрт дүйцэхүйц орлого олдог болох хүртэл, ижил хүйстэн (“Gay” гэдэг үгийг ингэж орчуулав. Орч) ах дүү нар маань хуулийн өмнө тэгш эрх эдэлдэг болоогүй цагт бидэнд ногдуулсан энэ үүрэг даалгавар биелэхгүй. Хэрэв бид бүхэн эн тэгш эрхтэй бүтээгдсэн бол бидний бие биенээ хайрлах хайранд мөн ялгавар байж таарахгүй. Бидэнд ногдуулсан энэ үүрэг даалгавар иргэд хуулиар оногдсон сонгох эрхээ эдлэхийн тулд олон цагаар хүлээхээс өөр сонголтгүй болдог байдал арилхаас наана биелэх боломжгүй. Ядарч зүдэрч яваа ч итгэл найдвар тээж, Америк орныг алтан боломж гэж харж яваа цагаачдын асуудалд шийдэл олох хүртэл, авъяас чадалтай залуу оюутнууд, инженер мэргэжилтнүүдийг энэ орноос албадан гаргахын оронд ажиллах хүчний жагсаалтод оруулдаг боломж бүрдээгүй бол бидэнд өгөгдсөн үүрэг даалгавар биелээгүйд тооцох ёстой. Детройтын гудамжнаас Аппалачийн толгод, Нью Тауны нам гүм гудамжаар алхаж яваа хүүхдүүд томчуудын хайрыг хүртэж, урам зоригоор шагнуулж, аюул ослоос ангид байгаа гэдгээ мэдэрч чадахгүй бол бидний хийх ажил дуусаагүй гэж ойлгож болно.
Эдгээр үгс, бидний ярьдаг эрх, амьдралын болоод эрх чөлөөний үнэт зүйлс, сайн сайхан амьдралд тэмүүлэх тэмүүлэл, энэ бүгдийг америк хүн бүр амьдралд бодитоор баталгаажуулж өгөх нь бидний үеийнхэнд ногдсон даалгавар юм. Нөгөөтэйгүүр үндсэн хуулийн зарчимд үнэнч байна гэдэг нь амьдралын сайн муу талуудыг нэгэн дуугаар хүлээн зөвшөөрөх гэсэн ч үг биш, мөн эрх чөлөө гэдэг бүх хүнд ав адил жороор олддоггүй, сайн сайхан амьдралд хүрэх цорын ганц үнэн зам гэж байдаггүй билээ. Хөгжил дэвшил биднээс засаглалын гүйцэтгэх үүргийн талаархи хэдэн зуунд үргэлжилсэн маргааны талаар нэг мөр хариулт нэхэхгүй ч зөв цагт зөв алхам хийхийг биднээс харин цаг үргэлж шаардаж байдаг юм.
Одоо бид шийдвэр гаргах цаг үед ирээд байна, үүнээс цааш алгуурлах цаг бидэнд байхгүй. Бид үндсэн зарчмуудыг тайлбарлах гэж мунхаглах, улс төрийн хоосон хийрхлээр амь аргацаах, маргалдаж мэтгэтлцсээр цаг алдах, алдаа хийх эрх бидэнд байхгүй. Бидний хийх ажил төгс төгөлдөр бус байж болох ч бид ажиллах цаг болсон. Бидний үйлс ялалтад хүрэхгүй байж ч болно, гэхдээ дөрвөн жилийн дараа, дөчин жилд, магадгүй дөрвөн зууны хойно орших бүхэнд ялалтыг авчрахын тулд, ингэснээр нэгэн цагт даржин Филаделфиагийн танхимээс бидэнд адислаж хүртээсэн эцэс үгүй үргэлжлэх ариун зорилгыг үргэлжүүлэн түүчээлэхийн тулд бид идэвхийлэн ажиллах ёстой.
Эрхэм америкчуудаа, энэхүү засгийн ордонд тангараг өргөж асан бусад нөхдийн нэгэн адил миний өргөж буй энэ тангараг аль нэг нам, бүлэглэлд зориулагдаагүй, харин Бурханд өргөж буй, ард түмэндээ тавьж буй тангараг тул бүрэн эрхийн хугацаандаа энэ тангаргийн үг бүрийг ёслон биелүүлэх учиртай. Гэхдээ миний өргөсөн тангарагт сийлж үлдээх үгс өгүүлбэр бүхэн жирийн иргэн цэргийн албанд өргөдөг тангарагаас, цагаач хүн өөрийн мөрөөдлийн төлөө өргөдөг тангарагаас ялгарах зүйл огт үгүй ээ. Миний тангаргийн үгс өгүүлбэр бүхэн бидний магнайд мөнхөд намирч бидний сэтгэл зүрхийг бахархал итгэлээр дүүргэж байдаг төрийн далбаандаа шивнэдэг бид бүгдийг сэтгэлийг тангарагаас өчүүхэн ч ялгаагүй билээ.
Миний тангараг бол иргэн бүрийн өчил, бидний аугаа их итгэл найдварын илэрхийлэл юм.
Та, та бүхэн, миний бие иргэн хүний хувьд энэ улс орныг удирдан залах эрх мэдэл, хүчийг агуулж байгаа билээ.
Иргэн та, ард түмэн, мөн миний бие иргэн хүний хувьд бидний цаг үе дор хүрч ирсэн бэрхшээл бүхнийг даван туулах үүрэг ногдож байгаа ба энэ үйлсийг бид зөвхөн санал өгөх эрхээр бус өнө эртний улбаатай үнэт зүйлсийнхээ төлөө, мөнхөд орших хүсэл зорилгынхоо төлөө дуу хоолойгоо нэгтгэж чадсанаар биелүүлэх болно.
Одоо бүгдээрээ өөрт оногдсон төрөлхийн эрх, эрх чөлөөг баяр баясгалантай, ариун үүргийн хамт хүлээж авцгаая. Хамтын хичээл зүтгэл, хамтын зорилт, хүсэл зорилго, нэгэн үзүүрт сэтгэлээр аугаа их түүхийн дуудлагад хариулт өгцгөөе, энэ бүхнийг зөвхөн эрх чөлөө л хүн төрөлхтөнийг гийгүүлэх тийм ирээдүйд түүчээлэн хүргэхээр хөдлөх цаг ирлээ.
Баярлалаа, Бурхан таныг ивээж, Америкийн Нэгдсэн улсыг мөнхөд адислан тэтгэх болтугай!

Орчуулсан Б.Төгөлдөр

Be the first to comment

Leave a Reply