Намсрай Зүүн голын туршлага станцаас үд хэвийлгэж гараад Матадын их талын зах руу орж, гол замыг орхин, намрын шар өвс найгасан эртний балархай замаар аяархан явав. Зангий нь сайн мэддэг морь шиг гарын аяар, нэлээд хуучирсан, “Москвич” машины гэгээвчээр намрын өвсний хуршмал, үнэртэй сэрүүн салхи сэвэлзээд талын хүн талдаа л явж баймаар сайхан.
Болдогсон бол ингээд л хөдөө хээрийн замд яван явсаар эцэс төгсгөлгүй ямар нэг мөнх цагирагт орох буюу ийм л нэг амгалан эгшнийг үүрд тогтоон эзэмшчихээр санж. Гэвч мөнх юм гэж энэ хорвоод байх шив дээ. Намсрай яагаад ч юм бэ сүүлийн нэг хоёр жилд насны давааг уруудсан тухайгаа хааяахан бодох болжээ.
Эр хүнд тавь шүргэсэн нас ид гэмээр нас гэлцэх боловч амьдралын даваа өөд өгсөн өгсөх зам нэгэнт дуусаж уруудах зам эхлэв гэсэн гунигтайхан бодол эрхгүй эзэмдэнэ. Эрийн тэнхээ муудах ажил албандаа түүртэх болсондоо ч биш эргэх хорвоогийн жам ёсыг хэтэрхий эрэгцүүлэн боддог зантайгаас тэр биз.
Нөгөө талаар, түүнд ар тийшээ яарч тэвдэх юм байхгүй. Гучаад жил ханилсан эхнэр, цөм биеэ дааж өрх тусгаарласан хүүхдүүд хотын хөгжөөн шуугиан аль алийн юундаа ч нэг их мөрөөдөх билээ.
Машины дугуй дор үзүүр нь шарласан хиаг, ерхөг, мөнгөлөг буурал хялганын толгой хуйлран хэвтэж, донсолгоог зөөллөн, дөрвөн зүг найман зовхист ганцхан л намрын шаргал тал униартан намжаарна. Үд хэвийсэн нарны зөөлөн туяанд талын өнгө усан будгаар шингэлж зурсан юм шиг уянгалаг саруулхан.
Намсрай энэ элчилгүй уудам тал нутгаараа яв явсаар амьдралынхаа ихэнх цагийг өнгөрөөжээ.Тал бол түүний амьдрал, оюун бодол, яруу сайхан сэтгэлгийн чөлөө тавьсан орон. Талгүйгээр амьдрал байхгүй, талгүйгээр байгалийн үзэсгэлэн бүрдэх буюу найрслын хууль ч гэж байхгүй шиг санагдана. Тал бол түүний амьдралын утга учир болжээ. Эрдэм мэдлэг яруу сайхны ухаарал, тэр ч байтугай хайр энэрэл аль бүхнийг талаасаа ол, магадгүй ямар нэг хувь тавилангаар юм шиг эргэлзлэл гутралын цагт ч эндээс л мөнөөхөн сэтгэлийн чөлөөг олж, ирээдүйгээ харах хараагаа тодруулан, зориг хатуужил сууж өнөөг хүрлээ. Тал бол миний жаргал юм шүү дээ гэж өөртөө ч юмуу өөр бусдад хэлэхэд амьдралын утга учир гэдэг тэр болгон бүрэн нээж шийдэж болдоггүй зүйл хүртэл их л ойлгомжтой төвөггүй болдог юм. Энэ нь байгалийн гоо сайхныг үзэж, ухаарах ерийн нэг сониуч харцнаас огт өөр гүн гүнзгий бодол сэрэл буюубайгалийн нууцыг эцэс төгсгөлгүй нээн задалж чадах, хүн бүхэнд заяагдахгүй ид шидийг эзэмдсэн мэт ойлгогддог юм. Хүн бол ер нь юухны боловч нууцыг задалсаар л хүнийхээ ид хавыг ухаарна. Тэгж л явж хоёр хөлтэй энэ амьтан байгаль ертөнцийг эрхшээлдээ оруулах гэж ядаж цөхсөөр өнөөг хүрчээ. Байгалийн хууль гэгч тэр нэг аугаа сүр хүчин нөхцсөн зүйлийг нээн нээсээр хүн бас өөрийгөө нээж ойлгоно. Өөрийгөө ухааран ойлгохын жаргалыг энэ саруул уужим тал нутгаасаа олсондоо гэж бодоход бас ч урамтай байдаг аж. Гэвч хэзээ ч бүрэн чөлөөлөгдөж болдоггүй эргэлзлэл гутрал, сэтгэлийн зөрчил ч гэсэн энэ талтайгаа бас холбоотой.
Ингэхлээр л амьдралынх нь учир утга энд байна.
Талаар амьдарч, талдаа насны харгуйг дуусгах хувь тавилантай төрсөндөө гээд бодоход тэр нь зөвхөн өөрт нь ноогдсон юм шиг байдаг. Аминч харамч зантайдаа тэр биш ямар ч гэсэн талыг жинхэнэ ёсоор нь ойлгож мэдсэн цөөхөн хүний нэг гэж өөрийгөө хэлэх эрхтэйдээ тэр юм. Тийм ээ цөөхөн хүний нэг. Учир нь тал ертөнцөд хамгийн энгийн буюу бүх талаасаа нээлттэй мэт боловч хамгийн шавхагдашгүй өнгө найрал, увидас чанар, хувирал хөдөлгөөнийг агуулж, түүнийгээ хүний нүднээс нуун далдалдгийг мэднэ.
Намсрай чухамхүү талын тэр увидас хөдөлгөөнийг нээхэд амьдралаа зориулжээ. Нэг цагт дуусах жамтай хүний амьдралын хугацаа гэгч хязгааргүйн нэг хэрчим хичнээн богиныг мэдрэхийн сацуу бас тэрхүү цаг хугацаа орон зайн цаглашгүйг талд л мэдэж болно. Намсрай одоо мөнөөхөн мөнх цагирагийн тухай бодож явлаа. Хүний амьдралын замыг эхэн төгсгөлгүй цагираг гэж бодвол одоо тийнхүү хүн бүхэнд ноогдсон хэмжээтэй өөрийн гогцоог хийгээд, эхэн төгсгөл хоёр нийлэх тийш дөхөж явна. Цагираг бол төгсгөлгүй хэлбэр мэт боловч харин түүнд орсон хөдөлгөөн төгсгөлтэй. Гэтэл бас тэр цагираг-замын эхэн төгсгөл хоёр хэзээ ч нийлдэггүй. Ингэхлээр л талд явж байхад тэр мөнх цагирагийн хэзээ ч нийлдэггүй эхэн төгсгөл хоёрын хоорондох зай буюу насны хэрчим хичнээн хэмжээтэй болох тухай дэмий юм бодогдоно. Гэтэл ер нь насан уруудах замын тухай бодох нь үнэндээ дэмий хэрэг ч биш бололтой. Амьдарч дуусаагүй амьдрал, хийж амжаагүй ажил гэж байна. Бас мөн яагаад ч юм өнөө цагираг замын эхэнд аваачдаг ажээ. Тэгээд л ингэж талд явахад талыг энх нээсэн бага насны явдал тов тодхон.
Машины дугуй дор намрын шаргал өвс намс намс хийснэ. Эртний энэ улбаа зам хичнээн ч үеийг туулсан юм бүү мэд.
Намсрай тэгэхэд зургаахан настай байж. Онон голыг гатлаад л талын замд орсон. Ононг ганц гуя онгоцоор гатлахад үдийн нарны туяанд ёроолынх нь олон өнгийн чулуу гэрэлтэж байсан. Хожим ерөөсөө тийм тунгалагаар харсан байжээ. Тэгээд л голоос цааш үзүүр хязгааргүй тал талыг тэнгэртэй холбож одсон бас л үзүүргүй улаан шаргал зам. Одоо санахад тэр замд тоогүй олон өдөр шөнө өнгөрсөн шиг. Яагаад ч юм бэ тэр олон жилийн өмнөх аав ээжийн дүр зураг ой тойнд тодорхой үлдсэнүй. Харин зуны ногоон тал ойртовч холдон цэнхэрлэх уулс, өөр олон ер бусын юмс л тодхон санагдана. Талд ер бусын юм олон байжээ. Түүний нэг нь холын цэнхэр уулс. Хязгааргүй ногоон талын тэртээ тэнгэр газрын униарт савсалганд зэрэглээтэн газраас нэг тасарч газартай нэг нийлсэн тэр уулс замд хөндөлсөх нь гэтэл биегүй юм шиг зай тавин холдож, улаан шаргал замын үзүүр тэнгэрийн хаяанд шурган замхарна. Тэр биегүй хачин уулст хүрэх юмсан гэж хичнээн яаравч хүрэх юм биш. Дөрвөн дугуйтай, аралд нь бургас матаж хадаад хөх даалимбаар бүтээсэн мухлагтай налчгар тэргэнд хөллөсөн бүдүүн шаргал морь нь ногоон илгэн цацагтай хударгаа шар шар хийлгэн хичнээн шогшивч тэр холын хөх уулст хүрэх янзгүй. Тэгээд ядрахдаа замын улаан элсэн дээр алцайн шээж зогсоно. Буурал дэлтэй бүдүүн шарга мориныхоо тийнхүү шээж зогсоход тэрэгнээсээ буугаад явган гүйдэгсэн. Явган гүйхэд тал улам ч агуу уужим болно. Тал дээрх тэнгэр бас л ер бусын байжээ. Тал хязгааргүй болохоор тэнгэр бүр ч хязгааргүй. Хангайд бол уул ч ойрхон, тэнгэр ч ойрхонтой зүйрлэхэд үнэхээр ер бусын байлаа. Хожим тэнгэр тийм хол өндөрт цэнхэрлэн аадрын бөөн алаг үүлсээ бужигнуулан наадаж байхыг үзсэнгүй.
Олон жилийн дараа Рерихийн < Тэнгэрийн байлдаан> зургийг үзээд зургаан настайдаа яг тийм зургийг талд анх үзсэнээ санаж билээ. Харин Рерихийн тэнгэрийн байлдаанд ганцхан юм дутсан байлаа. Тэр нь үдшийн аалдрын улаан шаргал үүлсийг нэвт сүлбэсэн нарны гэрэл байжээ. Хурмастын эзний шидэт цагаан илд үүлсийг тас цавчсан мэт харагдаж байсансан. Хурмастын эзний тухай эмээгийн ярьдаг үлгэрээс тийм дүр харагдсан биз. Ер нь талын тэнгэр үлгэрийг л санагдуулам байж. Тал дээрх бүх юмсыг өчүүхэн болгож ноёрхсон тэр дэндүү уужим холын тэнгэр доогуур цахилан гүйх цагаан зээр гэж бас нэг ер бусын юм байжээ. Ононг гарангуут л цагаан зээр шороон түмээрээ. Агаар гэрлээр бүтсэн юм шиг жирэлзэн цахилах тэр олон зээр нар булаах гэж заавал зам хөндлөн гүйлдэнэ. <Ааваа давхиач ! Нараа булаая> гэж хашгирахад аав нь бүдүүн шаргыгаа тас няс шавхуурдан <Хий-лоо ! хий-ий-лоо-лоо!> гэж бас хашгиран давхивч цагаан зээрүүд заавал нарыг булааж одно. Морио ташуурдан <Хий-лоо> гэж хашгирах аавын дүр ширвээ сахалтай, ангайсан их амтай судаснууд нь улайсан том алаг нүдтэй хүний дүр л хамгийн тод үлджээ. Харин цагаан зээр алаад, түүдгийн гэрэлд үйсэн иштэй хутгаар өвчиж суусан нь мартагддаггүй. Түүдгийн гэрэлд нүд нь гялалзан, цээжин дэх сумны шархнаас нь цус гоожиж хэвтсэн хөөрхөн амьтны өрөвдөлтэй байдал ой тойнд нь бат шингэжээ. Тэгээд ч хожим талын цагаан зээрний амьдралыг судлан түүнийг хамгаалах тухай залхмаар дуусдаггүй яриа маргаан үүсгэхдээ балчир насны тэр өрөвдөл харууслаа гаргаж ирэх шиг болдог билээ.
Намсрай талыг мэдэх болсон цагаа хойших дөчин хэдэн жилд энэ амьтан монголын их талын хойт захаас хумигдан цөөрсөөр одоо болоход зээрний байгуул нутаг болох энэ Дорнодын их талд ч урьдынхтай адил мянга түмээрээ сүрэглэх нь ховор болжээ. Төмөр зам тавьж талыг умраас өмнө захад нь хүртэл хоёр хувааснаас хойш зээрний нүүдлийн зам боогдож, өсөлтөнд нь муугаар нөлөөлснийг батлан төмөр зам дээгүүр зээрний нүүдэлд зориулан гүүр шиг юм байгуулах санал гаргаад солиотой нөхөр гэж шоглуулсан удаатай.
Гэвч энэ сайхан тал нутгийнхаа баян тансаг, үржил шим гоо үзэсгэлэнгийн төлөө амьдралаа зориулсан гэж бодоход гажрах юм алга. Тэгээд ч өнөөх насны давааг уруудах замдаа ингэж талтай нөхөрлөж явахаас дээр юмгүй шиг санагдана. Сэтгэлийн чөлөө гэгч хүний хамгийн нандин сэрэл мэдрэхүйг чухамхүү тал нутгийнхаа энэ уужим саруулд л олж чадаад амьдралын аар саар гачаал, гэр зуурын яриа яншлаас хол явах шиг таатай юм үгүй.
Намсрай талын манант алсыг ширтэн намар цагийн ер бусын цэнгэг салхи залгиж машиныхаа зөөлөн донсолгоонд бүүвэйлэгдэн, бага насныхаа тухай яруу бодолд автагдаж явлаа. Талыг анх нээсэн дөчин хэдэн жилийн өмнөх явдал гэхэд тов тодхон өнөөх цагирагийн эхэн төгсгөл хоёр ойртсоны шинж ч юм билүү.
Нас ахихад багын явдал тодорхой болдог гэцгээх нь дэмий ч үг биш бололтой. Аав нь бүдүүн шарга морио Ангир шарга гэж гоёор нэрлэдэг сэн. Тэрэгний ганц морьтой айлд тэр нь эрдэнийн хөлөг байсан биз. Намсрай тэгэхэд анх удаа олон адуу үзсэн сэн. Тэдний зорьж очсон Содном бариачийнх гэдэг айл Хэрлэнгээс урагш байжээ. Униартаж сүүмэлзсэн номин ногоон талд том цагаан гэртэй тал дүүрэн адуутай айл байсан сан. Ээжийн хөөрөнгө өвчнийг эмчлүүлэх гэж тэднийд ирсэн юм байж. Содном бариач гэдэг аавтай нь адилхөн ширвээ сахалтай, эргэлдсэн улаан нүдтэй, том дуутай хүн ээжийнх нь цамцыг тайлуулж мөр нурууг нь илбэнэ. Тэр айлын чихэртэй боорцог аргалын утаа амтагдсан борц мөн ч амттай сан.
Содном бариач ээжийг нь барьж гүйцээд л уургаа барьж адуундаа морддог байсан. Тэднийх үнэхээр тал дүүрэн адуутай байлаа. Өнөөх асар өндөр хөх тэнгэрт татсан ер бусын тод сайхан солонгын агуу нум доогуур үдийн наранд зоо нуруу нь алтран гялбалзсан түмэн адуу бэлчиж, холын цэнхэр уулсыг хааж ахуйд Содном бариач тэргүүтэй адуучид дундуур нь зүсэн орж урт хусан уургаа шидэхэд мөнгөн саваа шиг гялс гялсхийнэ. Ингэж л зугаатай хүүхдийн тархинд хоорондоо холбоос муутай мөртөө тод зураг үлджээ. Хүрч болдоггүй холын цэнхэр уул, зам дээр алцайн шээх бүдүүн шарга морь, түүдгийн гэрэлд цээжнээс нь цус гоожих цагаан зээр, цамцаа тайлж сөхрөн суусан ээж, мөнгөн саваа шиг гялалзах уурга, солонгын алтан нум, тал дүүрэн адуу…
Энэ бүхнийг дурсаж, амьдралын цагирагийн ам нийлэх дөхтөл ер бусын юм нээгдэж барагдахгүй талдаа бүхнийг мэдэх эзэн хүн шиг явна гэдэг жаргал. Ар тийшээ яарах юм юу ч байхгүйгээр барахгүй энэ талаасаа явбал амьдралын хожмын учир утга бүдэгрээд явчих юм шиг.
Тийн элдвийг бодож явтал намаржаанд саяхан буусан хот айл харагдав. Оройн нарны ташуу гэрэлд туяарах дөрвөн цагаан гэрийн гадуур хүүхдүүд тоглон гүйлдэж, хонь хотлон, босоо бөхтэй улаан тэмээд охьюу ногоон дэвсгэр дээр зурсан юм шиг. Намсрай машинаа айлаас зайдуухан зогсоогоод захын гэрт оров. Гэрийн эзэгтэй буурал орсон үсээ гилийтэл самнасан, цэмцгэр янзын намхан бор авгай талын хүний хувиршгүй сайхан зангаар угтаж хэрэг зориг, сонин хачныг асуун хүүрнэж, саатан тухлахыг урив. Намсрай ч юундаа адгаж яарах билээ. Хол ойрын сониныг хөөрч саатахад малчид дуртайг андах биш. Эзэгтэйтэй хуучлан цай ууж суутал гаднаас хувинтай сүү барьсан залуу хүүхэн орж ирэв. Тэр мэндлээд сүүгээ зуухан дээрх тогоонд юүлэх зуур нь Намсрай зэрвэсхэн ажаадхав. «Энэ чинь юу билээ» гэж гэнэт бодтол хамаг бие зарсхийн, айдас хүрэх шиг болов. Энэ чинь юу билээ. Ийм адилхан… Үгүй энэ чинь юу болж байна ? … Цэрмаа минь дүрээрээ Ямар хачин хэрэг вэ! …
Намсрай сандрахдаа <Би тэргээ янзлая> гээд бушуухан гарав. Зүрх нь булгилан, дотор харанхуйлав. < Ийм адилхан хүн баймгүй дээ. Би элдвийг дурсаж яваад буруу харах шиг боллоо. Арай ч дээ… төстэй хүн байж болно. Гэтэл яг дүрээрээ, ихэр юм шиг адилхан байх гэж арай ч дээ>
Намсрай нэг хэсэг зүрхээ дарж, машинаа дэмий тойроод гэрт оров. Хүүхэн саалийнхаа дээлийг сольж, нэлээд багадаж онгосон даавуу дан дээл өмсөн, зуухныхаа үүдэнд цай нүдэж сууна. Нас хорь гарч яваа, уяхан өндөр нуруутай, мяраалиг бор хүүхэн. Царай нь зүрх шимшрэн танил. Цэрмаа яг дүрээрээ. Гучин хоёр жилийн өмнө… Гучин хоёр жилийн өмнө Цэрмаа яг ийм байсан.
Бүдэгхэн хөмсөгтэй, зууван бор нүд нь давхраатаад, нимгэхэн шөмбөгөр уруул нь жимийсхийгээд. Үл мэдэг ягаан туяатай зүүн хацар дээрх бор мэнгэ, шөнтгөр жижигхэн хамар, доошоо харан суухад ирвэгнэх шингэхэн мөртөө урт сормуус, цохон дээрх бодлогошролын ганц үрчлээ цөм ав адилхан. Наашаа хараасай гэж Намсрай бодтол хүүхэн түүний нь таасан юм шиг сормуусаа өргөж, гэрэлтсэн номхон бор нүдээр харав. Ээ тэнгэр минь ! гэж Намсрай дотроо дуу алдаад нүд хальтрав. Яг мөн дахин төрсөн юм шиг, ерөөсөө үхээгүй одоо хүртэл хорьхон настай хэвээрээ юм шиг ! Хүүхэн, Намсрайн царай хувхайрсныг ажсан бололтой босоод жинтүү өгч < Та баруун орон дээгүүр жаахан хажуулаач> гэв. Дуу нь бас адилхан! Намсрай хамаг бие алдран ор түшиж < Хүүхээ нэр чинь хэн билээ? гэж асуучихаад Цэрмаа гэх вий > гэж айдас хүрлээ.
Хүүхэн муухан инээмсэглээд <Оюунчимэг> гэв.
Намсрай хүүхний өгсөн жинтүүг толгой доороо хийгээд буруу харж хэвтлээ.Гучин хоёр жилийн өмнө Цэрмаа яг ийм залуу сайхнаараа гэнэтийн өвчнөөр үхсэн.
Тэгж үхэл анхны дурлалыг нь хайр гамгүй булааж одсон юм. Булаах булаахдаа хожим жинхэнэ ёсоороо дахиад олдохгүйгээр сэтгэлийг нь хослон авч одсон. Хожим ганцаараа явахгүйн төлөө, хүн ёсны энэрэл хайраа хуваалцахын төлөө магадгүй удмаа таслахгүйн төлөө ханьтай болсон. Гэвч гучин хоёр жил бол хугацаа шүү дээ. Амьдралын балархай цагирагт Цэрмаагийн дүр бүдгэрэн бүдгэрсээр байжээ.
Намсрай шөнө машин дотроо сууж хонолоо. Талын шөнийн тэнгэрт цацагдсан алмасын гэрэлт оддыг ширтэн, Цэрмаагаа дурсаж цурамхийлгүй үүр цайлгалаа. Ингэж ихэр юм шиг адилхан хүүхэнтэй дайралдсандаа баярламааар ч гутармаар ч. Нэг бодлын ямар нэг далдын ид шидтэн энэ сайхан тал нутагтаа хайртай явсны нь төлөө газар дэлхий дээр хамгийн мартагдашгүй хайртыг нь дахин нэг харуулах гэсэн шиг нөгөө бодлын нас харих цагт ийнхүү Цэрмаатай адилхан хүнийг үзүүлж даажигнах гэсэн шиг. Ид шидэд итгэхгүй ч гэсэн энэ бол ямар нэг ер бусын тохиолдол байлаа. Сүнс гэж байдагсан бол Цэрмаагийн тэр сүнс гучин хоёр жилийн турш дэлхий ертөнцөөр өөрийг нь эрэлхийлэн энэ талын агаар салхи, үрийн алтан хумхи, намрын шаргал өвсөн дээр гялтганах хяруу, аль л онгон цэвэр бүхнээр амилан биелж, Талын айлын энэ гэрт угтав уу гэлтэй.
Үүр манхайн цайж, их талын алсын хөх хярхаг дээр тэнгэр алгуурхнаар өргөгдөн дуурсах агуу найрал хөгжим шиг гэрэл цацралын эгшиг үүсгэж газар дэлхийг хамран тэлж эхлэв. Тэгтэл тэр уянга эгшигтэй хамт Оюунчимэг-Цэрмаагийн дүр үүрийн тэнгэр дээр тодрон үзэгдэв. Энэ бол ер бусын гайхамшигт хөрөг буюу амьдралд нь ингэж нэг л удаа үзэгдээд арилах шидэт зураг байгаль, хүн хоёрын найрсах ёсны тухай ухаан сэтгэлд нь гэнэтийн ухаарал цочрол өгсөн үзэгдэл ажээ. Намсрай үүнийг тархинд нь үүссэн эрүүл бус холбоос сүлжээ, ухаан санааны хямралын уршиг гэж мэдэж байвч < Бүү арилаасай ! Түрхэн зуур ч гэсэн байгаасай > гэж шивнэн байв.
Барин тавин эгэл жирийн юм, яруу сайхан хоёрын зааг гэнэт арилж орон зай гэгч ухаанд гүйцэгдэшгүй зүйл зүгээр л тэнгэрийн толь дэвсгэр болон хувираад түүн дээр хайрт хүнийхээ хөргийг зурж болох нь гайхамшигтай. Оюунчимэг-Цэрмаа гэдэг талын сайхан бүсгүйн тэнгэрт зурагдсан хөрөгнөөс номхон гэрэлт бор нүд инээмсэглэн ширтэнэ. Хүн байгаль хоёрын шинж төрх , ер бусын гоо сайхны найрсал нэг нь нөгөөгүйгээр байж болохгүйн билиг тэмдэг энэ байлаа.
Гэтэл газраас асар том улаан наран гилтгэнэн ургаж тэр гайхамшигт хөргийг арчин арилгах нь тэр.
Намсрай зүүд үнэн хоёрыг ялгахгүй хачин байдалд автагдан машиныхаа жолоог түшиж нэг хэсэг суулаа. Одоо түүний цаашаа явах ямар ч зорилгогүй буюу энэ талдаа яван явсаар эцсийн бүлэгт өнөөх мөнх цагирагт орчихсон юм шиг. Цаашаа явах зорилго нь зөвхөн гэртээ эхнэр хүүхэддээ очих дэндүү улиг болсон юм. Тэгтэл бас Оюунчимэгийн гэрт орвол дахиад гарахад хэцүү болчих юм шиг. Өчигдөр үдэш < Шинжилгээнд зориулж талын ургамал түүхээр яваа> гэж хэлсэн юм. Оюунчимэгийг талаар хамт явъя гэхэд татгалзахгүй биз. Гэвч тэгээд яах билээ? < Би гучин хоёр жилийн өмнө чамтай ихэр юм шиг адилхан хайртаа алдсан юм> гэж хэлэх үү? Гэтэл ороод очтол Цэрмаагаас огт өөр хүүхэн байвал яах билээ.
Тэгтэл өчнөөн жил өнгөрсөн хойно хайртынхаа амьд дүрийг үзсэн итгэлээ алдаж, сэтгэлийг нь донсолгосон гайхамшигт мөч бүрмөсөн салах бус уу? Хорвоо түүнтэй нь зориуд юм шиг гучин хоёр жилийн зөрөө гаргаж уулзуулжээ. Одоо болсон хойно, хайраа эгүүлэх ямар ч найдвар, тэр ч байтугай ёс суртахууны эрх байхгүй болсон хойно шүү. Гэвч талдаа хайртай явсны минь төлөө хүртээсэн шан харамж энэ биз. Намсрай машинаа асааж хөдлөн, ойрхон буй гол замд ороход нар хөөрч ногоон шаргал талын дээр бүртийх үүлгүй хөх тэнгэр тэртээ бага насных шиг нь хязгааргүй цэлийж байлаа.
С.Эрдэнэ
Leave a Reply
You must be logged in to post a comment.