Цагаачлалын алба 7-Eleven дэлгүүрүүдэд гэнэтийн шалгалт хийжээ

Өнөөдөр (Лхагва) өглөөний үүрээр Цагаачлалын албаны цагдаа нар ‘Staten Island’-орчмын хэд хэдэн 7-Eleven дэлгүүрт гэнэтийн шалгалт хийжээ.
Албаны эх сурвалжийн нотолж буйгаар цагаачлалын албаны ажилчид Port Richmond болон Meiers Corners орчмын дэлгүүрүүдэд өглөөний 5 цагт орж, тус дэлгүүрүүдэд ажиллаж байсан ажилчдын ажиллах эрх, бичиг баримтыг шалгаж, ажилчдаас товч ярилцлага авсан байна. Шалгалтад өртсөн эдгээр дэлгүүрийн ажилчид ямар нэгэн зөрчилгүй байсан бөгөөд цагаачлалын алба тэдгээр ажилчдад ногоон картаа биедээ байнга авч явахыг сануулсан тухай тэд сэтгүүлчдэд ярьжээ.

Харин энэ шалгалтыг АНУ-ын 17 муж даяар нийт 100 орчим 7-Eleven салбарт нэгэн зэрэг явуулсан байна. Шалгалтаар нийт бичиг баримтын зөрчилтэй, хууль бусаар ажиллаж байсан 28 хүнийг саатуулаад байгаа ажээ.

Энэ нь холбооны улс даяар өрнөж буй бичиг баримтгүй ажилчдыг хууль бусаар ажиллуулж буй бизнесүүдийг илрүүлж, тухайн бизнесүүдэд хариуцлага тооцох томоохон компанит ажлын нэг хэсэг төдийгүй Нью Иорк хотын ‘Long Island’ орчмын ‘7-Eleven’ дэлгүүрүүдтэй холбогдсон мөрдөн байцаах ажиллагааны үргэлжлэл гэдгийг учир мэдэх эх сурвалж дурьджээ.

2013 онд болсон хэргийг товч сануулбал ‘7-Eleven’ франчэйзээр ажилладаг салбар дэлгүүрүүдийн менежерүүд бусдын бичиг баримт ашиглан хууль бус цагаачдыг ажиллуулж байсан нь илэрсэн бөгөөд 25 хүний хулгайлагдсан бичиг баримт ашиглан нийт 115 хүн хууль бус цагаач ажиллуулсан нь тодорхой болсон юм. Тэдгээр менежерүүдэд хуулийн хариуцлага тооцож, нийт 2.6 сая долларын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн торгуулийг улсад буцаан төлөх торгууль ногдуулсан байна.

‘7-Eleven’ франчэйзээр ажилладаг дэлгүүрүүдийн цалингийн системд заавал бичиг баримттай, SSN дугаартай хүн бүртгэгдэж ажиллах боломжтой байдаг байна.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*